Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа.
-Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ?
-Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд самар түлхүү ургадаг. Энэ нь 1.748.000 га талбайн 97 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийн дийлэнх нь хушин ой байдагтай холбоотой.
-Өмнө жилүүдтэй харьцуулахад энэ жил самрын гарц ямар байна вэ?
-Байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдээс авсан мэдээллээр энэ жил өмнөх жилүүдийг бодвол самрын гарц харьцангуй бага, зарим газраар маш ховор ургасан байна. 2016 онд самрын их ургацын жил байсан бол өнгөрсөн онд бага ургасан. Харин энэ жил Батширээт, Өмнөдэлгэрийн зарим газраар ховор ургасан байна. Мөн Хүдэр, Ерөө, Мандал, Батсүмбэрийн хойд гүн рүү харьцангуй ургах магадлалтай байна.
-Ер нь иргэд самарны хэдэн хувийг нь түүдэг вэ?
-Тусгай хамгаалалттай газруудад зөвхөн ахуйн зориулалтаар самар түүхийг зөвшөөрдөг ч самарны хичнээн хувийг ан амьтад идэж, хүмүүс түүж байгааг нарийн тооцох боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй газар ахуйн зориулалтаар нэг иргэн 25кг самар түүхийг зөвшөөрдөг.
Ургац ихтэй жил болц нь гүйцэхээс өмнө иргэд түүж эхэлдэг учир самарны дийлэнхийг хүмүүс түүдэг. Бороо хур элбэг жилд болц нь удааширдаг учраас ан амьтад, шувуу ихэнхийг нь идэх магадлалтай байдаг. Үүнээс гадна аравдугаар сард болц нь гүйцэхээр бол наймдугаар сарын эхээр түүж эхэлдэг нь модыг маш ихээр гэмтээдэг.
-Хэдэн сард самарны болц бүрэн гүйцдэг вэ?
-Жил жилд өөр. Бороо элбэг бол удаан, хур бага жил наранд илүү их байснаар болц нь хурдан болно. Ерөнхийдөө 10-11-дүгээр сард болц нь бүрэн гүйцдэг.
Болц нь гүйцээгүй самрыг хэрэглэснээр хүмүүст гэхээс илүүтэйгээр байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг. Давирхайтайгаа наалдаад унах болоогүй байхад нь модыг хүчтэй цохих, дээш авирах, мөчрийг хугалах зэрэг нь модыг ихээр гэмтээдэг.
-Иргэд самар түүхдээ бэртэх, гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг. Сэрэмжлүүлж, сануулж хэлэх зүйл юу байна?
-Иргэд самар жимс түүх явцдаа байрласан газраа хог тарих, шинээр зам гаргах, мод огтлон тайрах, санаатай болон санаандгүй гал түймэр тавих гэх мэтчилэн хүний анхаарал болгоомжгүй үйлдэл байгаль орчинд ихээр хор хохирол учруулдаг. Энэ нь эргээд самарны гарц муудах гэх мэт олон асуудлын эхлэл болдог нь харамсалтай. Жишээлбэл, 2016 оны их ургацын жилд намар, өвөл, хаврын хурайшилтын үед ч иргэд самар түүсээр байсан нь ойн түймэр гарахад ихээр нөлөөлсөн. Эцэст нь иргэд төөрөх, модноос унаж бэртэх, хөлдөж үхэх, ан амьтны дайралтад өртөх, самраа авах гэж яваад машинтайгаа бэртсэн тохиолдлууд ч гарч байсан.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ