Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа.
-УДЭТ-аас “Оддын өвчин” жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна. Өөрийн чинь хувьд энэ жүжгийн Максын дүрд тоглож байгаа гэсэн. Дүрийнхээ талаар яриач?
-Уран бүтээлчид найруулагчаас зохиол хүлээж аваад ширээний уншлага хийхдээ яг ямар учиртай дүр вэ, энэ дүрээр дамжуулж үзэгчдэд юу хүргэхийг зорьсон юм бол гэх зэргээр задаргаа хийдэг. Миний хувьд “Оддын өвчин” жүжгийг бүхэлд нь магтаал зохихоо больсон, залуус нь хийрхэлд автсан энэ нийгмийг харуулж байна гэж ойлгож байгаа.
Яг ийм нийгэмд амьдардаг гэнэн, хайрынхаа төлөө гүйсэн, өөрийнхөө ажилладаг театрын бүх хүнд хүчир ажлыг хийдэг, билет тасалдаг, дуулдаг, бүжиглэдэг, болохгүй бол шалаа ч цэвэрлэдэг, урлагт үнэхээр хайртай, тэгсэн мөртөө харагдах байдал нь урлагт тэнцэхгүй ч тодорхой хэмжээнд авьяастай Макс гэх залуугийн дүр дээр ажиллаж байна. Хэдийгээр тэр ийм хичээл зүтгэлтэй ч түүнийг нь театрын хэн ч олж хардаггүй. Гэсэн хэдий ч театрынхаа эзэнд, урлагт хайртай гэнэн дүр.
Улмаар Макс магтаал зохихоо больсон энэ нийгмийн шуурганд гэнэтийн байдлаар өртөх юм. Өөрөөр хэлбэл, тэр санамсаргүй байдлаар нэр алдарт хүрдэг. Ингээд бүх хүн “Макс чи мундаг”, “Чи агуу” гэж магтаж, өөрт нь хайргүй байсан эмэгтэй болон өөр бусад эмэгтэйчүүд ч түүнд татагдана. Гэхдээ Максын дүр төрх, дотоод байдалд биш гадна нэр алдар, од гэх зүйлд л анхаарлаа хандуулна. Ингэснээр эмэгтэйчүүд нь түүнд өврөө нээж, бүх хүн магтаад эхлэнгүүт нөгөө гэнэн, өөрөөрөө байсан Макс хүн биш болж, “Би од” гээд хамраа сөхөж, оддын өвчин тусч эхэлж байгаа юм.
-Магадгүй “Оддын өвчин” гээд нэр ч гэсэн цаг үеэ олсон юм шиг. Жүжгийнхээ хүмүүст хүргэх гэсэн гол мессэжийг юу гэж харж байна?
-Ер нь тайзны ч бай, дэлгэцийн ч уран бүтээл цаанаа ямар нэгэн эмзэглэлтэй, заавал хэлэх гэсэн зүйлтэй байдаг. Одоогийн нийгэмд маш олон Макс бий. Тиймдээ ч олны анхаарал татах гэж, “од” болох гэж маш утгагүй зүйлсийг олон нийтийн сүлжээгээр тарааж, олон нийтэд буруу хандлага түгээж байна.
Манай жүжиг давхар олон санааг илтгэж байгаа. Тайз заслыг харвал хонгил, сантехникийн хоолой бий. Мэдээж тэр хонгилд, газар доорх ертөнцөд хүн бол амьдрахгүй. Тэнд хортон шавж, харх, хулгана амьдарна. Өөрөөр бол, тийм газарт амьдарч байгаа хүмүүс яг л тийм мэрэгч амьтан шиг байж таарна. Үндсэндээ энэ нийгмийн байдлыг харахад яг л мэрэгч шиг хүн хүнээ мэрдэг болчихсон. Жүжгийн хувьд, дүрүүдийн хандлага дор бүрнээ хувиа хичээсэн мэрэгч шиг, хүн философио алдсан зэрэг зүйлс бий.
“Оддын өвчин” хошин, инээдмийн жүжиг. Инээдэм гэдэг нь цаанаа эмгэнэл. Эмгэнэлээс инээдэм үүсдэг. Өөрөөр бол нийгмийн болохгүй байгаа зүйлийг егөөдөж, инээдээр харуулж байгаа юм. Мэдээж үзэгчид жүжгийн агуулгыг өөрсдөө ирээд үзсэн нь дээр байх. Тийм болохоор асуултын тэмдэгтэй үлдээмээр байна.
-Э.Тодгэрэл өөрөө оддын өвчнөөр өвдсөн үү. Яагаад ингэж асууж байна гэхээр, өөрийн чинь хувьд театрын залуу уран бүтээлч хэдий ч “Чөлөөт хос”-ын гол дүрээр үзэгчдэд танигдаж, нэлээд хэдэн дүрд тоглосон. Магадгүй биеэ тоох ч юм уу, тийм хандлага гаргаж байв уу?
-Миний хувьд сургуулиа төгсөөд л Драмын театрт орж ирсэн. Мэдээж театрын залуу уран бүтээлч. Манай жүжигт би гэлтгүй дандаа залуу уран бүтээлчид тоглож байгаа. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Яагаад дунд үеийнхэн, ах нар тоглож болохгүй гэж. Гэхдээ хэсэг хугацааны дараа бид өөрсдөө дунд үеийнхэн болно. Залгаад нэг үеийнхэн гарч ирнэ. Нэлээд олон жилийн дараа бид өөрсдөө алтан үеийнхэн болно. Үндсэндээ бид өөрсдөө нэг үеийн төлөөлөл. Тиймээс манай залуус яг одоо иртэй байгаа, гал руу орчихъё, юу ч хийчихье гэсэн энэ үедээ зориглоод ажиллаж байна.
“Оддын өвчнөөр өвдсөн үү” гэж асуусан. Би хувь хүнийхээ хувьд “од” гэдэг үгэнд дургүй. Монголд од гэж байхгүй. Яах вэ, олны танил гэж байна л даа. Учир нь манайх шиг ийм жижигхэн зах зээлтэй дээр нь урлаг соёлын бодлого алдагдчихсан байхад од байх боломжгүй. Од тэр Холливудад, дэлхийд л байгаа байх. Манай улсад үндэсний баяр наадам, гадны хурал уулзалт болно нөгөө л урлагийнхан эх орныхоо нүүр царай нь болдог мөртөө цаана нь тэдний амьдрал, цалин пүнлүү маш ярвигтай асуудал. Тийм болохоор манайд од гэж байхгүй. Магадгүй өөрийгөө од гэсэн бусад хүмүүс байдаг байж болох ч би л хувьдаа тэгж боддоггүй.
Жүжигчид “Надад энэ дүрийг өгөөч” гэж хэлдэггүй. Азаар ч юм уу эзээр ч юм уу найруулагч нар маань надад өөрөөс минь хүч чадал шаардсан дүрүүдийг өгдөг. “Чөлөөт хос” шиг 40 эргэм насны нэлээд явдалтай, чөлөөт хосын амьдралыг эрхэм болгодог, нууц амрагийн явдлыг өндөрт тавьдаг итали залуу, “Ромео Жульетта”-гийн Меркуцио гээд дүрүүд нь дандаа эсрэг тэсрэг. Ер нь бол жүжигчний харагдах байдал, энэ нэг тиймэрхүү жүжигчин гэсэн тодотгол байдаг. Тиймээс үндэсний түүхэн жүжиг гэхээсээ чөлөөтэй, биеийн хөдөлгөөн шаардсан, дуу, бүжигтэй, задгай тоглолттой жүжигт яалт ч үгүй сонгогдчихоод байдаг тал байх шиг байгаа юм. /Инээв/
Үргэлжлэлийг энд дарж уншина уу