Уншигч та бүхэндээ өхөөрдөм инээлсэглэлээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ны жүжигчин Ш.Жавхлангийн ярилцлагыг хүргэж байна.
-Таны гэр бүлийнхэнийг удам дамжсан багш гэж сонссон. Ингээд хоёулаа яриагаа хэрхэн урлагийн хүн болсон талаар эхлэх үү?
-Тиймээ манай гэр бүлийнхэн ер нь боловсролын салбарт ажилладаг хүмүүс байдаг. Ээж маань одоо ч гэсэн бага ангийн багшаа хйидэг. Ер нь гэрээсээ ганцаараа л тэс хөндлөн мэргэжил сонгосон нь би л дээ. Хүүхэд байхдаа бусдын л адил эмч, багш болно гэж ярьдаг байсан. Гэхдээ сургуулиа төгсөөд жүжигчин болохоор шийдэж СУИС-д очиж шалгуулаад тэнцсэн. Тухайн үед дуу дуулж, бүжиг бүжиглээд, нэг сайхан уйлаад л тэнцэж байсан. Багш харин гэнэт уйл гээд би ч хасагдах гэж байна гэж бодсон чинь л шууд нулимс гарчихсан.
-Хүн бүхэнд оюутан насны дурсгалтай нандин үе байдаг. Та оюутан ахуй цагийнхаа нандин дурсамжаас уншигчидтай хуваалцаач?
-Тэгэлгүй яахав оюутан цаг бол хүний амьдралын хамгийн сайхан он жилүүд байдаг юм билээ. Ангийнхантайгаа хамт жүжгийн бэлтгэл хийгээд их л завгүй гүйдэг байсан. Их завсарлагаанаар ангиараа пирошкинд оочирлоод л их л сайхан үе байсан даа.
-Урлаг таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
–Би амьдралдаа энэ мэргэжлийг сонгосондоо хязгааргүй их баярлаж явдаг юм. Хэрвээ би энэ мэргэжлийг сонгоогүй байсан бол ийм их эрч хүчийг мэдэрч чадахгүй байх байсан болов уу гэж боддог. Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ жүжигчний мэргэжил бусад ажил мэргэжил рүү хөрвөж түүний мөн чанарыг амьдрал дээр ямар байдаг, яг тэр чигээр нь гаргах ёстой байдаг болохоор илүү онцлогтой байдаг юм болов уу гэж боддог.
-Урлагийнхан амьдарлын эрч хүчийг үзэгчдийн алга ташилтаас мэдэрдэг гэлцдэг. Таны хувь хамгийн анхны алга ташилт ямар мэдрэмж төрүүлж байв?
-Миний хамгийн анхны алга ташилт хүүхэд байх үед аав ээждээ дуу дуулж өгөөд л сонсож байсан даа. Магадгүй тэр их эрч хүч надад урам зориг хайрлаж энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн байж магадгүй. Жүжигчин хүнд үзүүлбэрээ дуусгаад зогсож байхад л хамгийн эгзэгтэй мөч байдаг юм билээ. Тэр бол шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэдэг хариултыг сонсох гэж байгаа юм шиг зүрх догдолсон мөч байдаг. Тэгээд л үзэгчдийг чангаас чанга алга ташиж эхлэхэд дотроос нэг юм огшоод л бараг уйлмаар болдог. Энэ бүхэн бол мэргэжлийн маань сайхан нь юм.
-Жүжигчин хүн бүр хүний сэтгэлд мөнхөрсөн дүрийг бүтээхийн төлөө өөрийгөө ирлэж явдаг гэдэг. Та хувьд?
-Мэдээж би бол одоогоор дүр бүтээсэн гэж өөрийгөө хэзээ ч хэлэхгүй. Харин хүний зүрх сэтгэлд хүрч чадах тийм сайхан дүрийг бүтээхийг төлөө зорьж хичээж, зүтгэж яваа нэгэн. Дүр гэдэг бол хүний сэтгэлд яг л тэр хэвээрээ хадгалагдаж үлддэг тийм аугаа зүйл. Монгол хүн бүр “Ягаан гажид” гэж хэлэхэд л тэр киноны хэсэг бараг нүдэнд нь харагддаг гэхэд хилсдэхгүй. Энэ бол дүр юм. Тэр хүн бодит амьдрал дээр даруухан дөлгөөн хүн ч өөрийгөө эвдээд тэс өөр араншинг гаргана гэдэг бол бас л авъяас юм л даа. Энд л жүжигчин хүний гол утга учир оршиж байх шиг санагддаг юм.
–Таны тоглож байсан уран бүтээлүүдээс хамгийн хайртай хэсэг…
Би нэг монгол хатны дүрд зурвасхан тоглож байсан юм лдаа. Гэсэн ч тэр хэсэг, дүрднээ их хайртай. Миний хувьд түүхэн кинонд бол ямарч хэсэгт нь байсан хамаагүй тоглох юмсан гэж боддог. Бас “Бурантино” хүүхдийн жүжигт Алиса үнэгний дүр оногдоход их баярласан тэгээд энэ дүрдээ их дуртай байдаг. Нэг тийм сэргэлэн зальтай хирнээ гэнэн дүр л дээ.
Таныг урлагийг ганцхан үгээр илэрхийлээч гэвэл…
–Урлаг бол “Ариусал”
-Урлагийн хүмүүс их сэтгэл хөдлөл ихтэй байдаг гэдэг таны хэр их сэтгэлийн хөдлөл ихтэй хүн бэ?. Гэхдээ жүжигчин хүмүүс тайз руу гарсан хойноо ямар ч үед сэтгэлийн хөдлөлөө нууж чаддаг нь миний бодлоор их гайхамшигтай санагддаг л даа.
-Миний хувьд сэтгэлийн хөдлөл ихтэй хүний л нэг дээ. Гэхдээ жүжигчин хүн бол ямарч үед тайзан дээр тэр бүхнийг даван гарах ёстой байдаг юм билээ.
-Хүү тань аав ээжтэйгээ адил жүжигчин болно гэж ярьдаг гэсэн
-Харин тиймээ одоохондоо ч яахав жүжигчин болно л гээд байгаа. Гэхдээ том болоод юу гэхийг нь мэдэхгүй байна. Магадгүй удмаа дагаад багш болно ч гэж магадгүй. Ямар ч байсан хүүгээ өөрийнх нь хүссэн мэргэжлээр нь явуулна гэж боддог.
-Жүжигчин Жавхааг хүмүүс ерөөсөө ууралдаггүй, хүмүүст дандаа л эрч хүч инээд бэлэглэж явдаг гэж ярьдаг. Хүнд бараг л хатуу үг цөөн хэлдэг байх. Өөрөө хамгийн сүүлд хатуу үгийг хэнд хэлсэн бэ?
-Хамгийн сүүлдээ хүүдээ л их хатуу үгийг хэлж байсан юм байна даа. Эх хүний хувьд хүүдээ “хичээлээ сайн хийхгүй бол ирээдүйд…….” гээд л нэг хатуухан хэлсэн юм байна. Амьдралын минь утга учир болсон хүүдээ маш их хайртай. Гэхдээ хааяа нэг хүүгээ хүмүүжүүлэхийн тулд хатуухан ганц хоёр үг хэлэх тохиолдол бий шүү.
-Таны хувийн амьдралын тухай нэг асуулт байна л даа. Жүжигчин Ялалт та хоёрыг эвлэрсэн гэж хэвлэлүүдээр бичигдсэн байсан?
-Мэдээж тэр хүн бол миний хүүгийн аав. Ямар ч үед аав нь хэвээрээ байх болно. Харин хэвлэлүүд бид хоёрыг чинь хэд хэд нийлүүлээд салгачихсан байна лээ шүү дээ. Одоо бол тэр хүн өөрийн гэсэн амьдралтай. Би ч гэсэн өөрийнхөө зам мөрөөр амьдарч байгаа. Хааяа хэвлэлүүд янз бүрээр бичсэн байдаг юм билээ. Гэхдээ би ер нь тиймэрхүү зүйлийг нээх тоодоггүй. Ямар хэвлэлээр тэгж бичлээ гээд би тийм болчих биш дээ гэж боддог гэсэн юм.
– Жүжигчин Ш.Жавхааг тус хамтлагийн жүжигчин Золзаяа тодорхойлон хэлэхдээ “Жавхаа эгч маань дандаа эрч хүчтэй өөдрөг байдаг. Ер нь бусдад аз жаргалыг түгээж явдаг тийм сайхан хүндээ” гэсэн юм.
Манай энэ удаагийн дугаарын зочноор ярилцсан “Маск продакшны” жүжигчин Ш.Жавхландаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
О.Рана