Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчдээс бүрдэх “Номадик балет” продакшн болон балетмейстер Э.Долгормаагийн хамтын уран бүтээл “Бие-Үгүй” неоклассик балетын тоглолт сонгодог урлагт хайртай, дэмжигч та бүхэнд энэ сарын 12-ны өдөр Corporate Convention Centre-д толилуулахад бэлэн болсон байна.
Энэхүү тоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан ажилласан бөгөөд тэрбээр ОХУ-ын Москвагийн театр урлагын их сургууль болон Санкт-Петербург хот дахь А.Я.Вагановагийн нэрэмжит балетын академийг төгссөн, Монголын сонгодог урлагын салбарт төрөн гарч буй залуу уран бүтээлчдийн нэг юм.
“Бие-Үгүй” тоглолт нь неоклассик бүжгийн урсгалыг монгол бүжгийн хэв маягтай уялдуулж холбосоноороо онцлог ба мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр биш хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлэгдэх юм байна.
Бүтээлийн цомнолоос:
“Эрвээхэй бүжсэн цэцэгт нугаар дотны хоёр найз охид хөтлөлцөн гүйнэ. Удаан уулзалдаагүй тэд нэгийгээ өвчинд шаналж байсныг үл анзаарчээ. Харамсалтай энэ уулзалтаар тэднийг үхэл салгаж нэг найзыг нь аван одлоо…”