Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.4.26/ боллоо. Монголбанкнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хэмжээ, хүү дараах байдалтай байна.
Мөнгөний жилийн өсөлт 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.6 хувиар буюу 117.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрснээс 79.5 хувийг иргэдийн хадгаламж, 20.5 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Харин иргэдэд шинээр олгосон хадгаламжийн жилийн дундаж хүү 17.6 хувь, байгууллагад олгосон хадгаламжийн жилийн хүү 7.8 хувьтай байна.
Банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсч, 17.3 их наяд төгрөг хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 30 хувиар өсч 9.1 их наяд төгрөг, хувийн байгууллагынх 16 хувиар өсч 8.1 их наяд төгрөг хүрчээ. Хэвийн зээл өмнөх сараас 1.3 хувиар өсч 215 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 1.4 хувиар буурч 13 тэрбум, чанаргүй зээл өмнөх сараас 1.1 хувиар өсч 20.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдэд шинээр олгож буй зээлийн жилийн дундаж хүү 17.6 хувь, хувийн байгууллагад олгож буй зээлийн жилийн дундаж хүү 16.9 хувьтай байна.
Түүнчлэн ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг 544 зээлдэгчид олгожээ. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх жилийн мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 12.6 хувийг хөтөлбөрийн, 87.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон байна.
Энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зориулалттай зээлд гаргана
Мэдээлэл хийсний дараа Монголбанкны холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
–Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн тухай асуудал дахин яригдаж эхэллээ. Монголбанк энэ тал дээр өмнө илэрхийлж байсан байр сууриа хэвээр хадгалж байгаа юу?
-Монголбанкны байр суурь анхнаасаа тодорхой байсан. 2018 оны Mөрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын хүрээнд Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. Монголбанкны албан тушаалтнууд, эрдэмтэд, судлаачид уг стратегийг боловсруулсан.
Ингээд зээлийн хүүг захиргаадалтын аргаар хязгаарлаж эдийн засагт гажуудал үүсгэх биш, хүү буурахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажилласан. Энэ хүрээнд 2018 онд авч хэрэгжүүлсэн бодлогын дүнд 14 байсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11 рүү орж ирсэн. 20.6 нэгж хувь байсан зээлийн жигнэсэн дундаж хүү 17.2 нэгж хувь болж үр дүнгээ өгч байгаа.
-Ипотекийн зээлийн санхүүжилт зогссон гээд банкууд зээл олгохгүй байсан гэсэн иргэдийн гомдол байсаар байна. Санхүүжилт нь хэвийн явагдаж байгаа юу?
-Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтэд шинээр хөрөнгө гаргахаас илүүтэй эргэн төлөлтийн дүнгээр буюу сард 20-25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Засгийн газраас энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, холбогдох журмууд эцэслэгдээд бага зэрэг хугацаа алдсан. Энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зориулалттай зээлд гаргаад явна.
-Өнгөрсөн онд ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсанаас үүдэн иргэд арилжааны банкны орон сууцны зээл буюу жилийн 15-18 хувийн хүүтэй зээл авсан байгаа. Энэ зээлүүдийг энэ жил 8%-ийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлэх боломжтой юу?
-Ипотекийн зээлийн хөтөлбөрт яг ийм зохицуулалт одоогоор байхгүй. Үүнийг цэвэр иргэн, банк хоёр шийднэ. Тухайн үед иргэн, банк хоорондоо гэрээ байгуулахдаа хэрхэн тусгаж, тохиролцсоноос шалтгаална.
-Дэлхийн банк саяхан хийсэн хурлаараа ирэх онуудад хүлээгдэж буй гадаад өр төлөхөд зөв менежмент хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Монголбанк хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-2020-2024 онд Монгол Улс гадаад өр, хүүгийн төлбөр нийлээд 13 орчим тэрбум ам.долларын өр төлөхөөр байна. Засгийн газар, Монголбанк нийлээд 5.0 гаруй тэрбум ам.доллар төлөхөөр байгаа. Ийм хэмжээний төлбөрийг төлж, гадаад орчноос эмкэг байдлыг бууруулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Нааштай, эерэг өөрчлөлт гэж харж байгаа.
Валютын нөөцөө юу юугүй гаргах бодлого барихгүй, харин төсөв мөнгөний бодлого зөв явж, зээлжих зэрэглэлээ ахиулж, олон улсын бусад донор байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, итгэлийг хадгалж, дунд хугацаанд гарах сорилтуудаа хамт даваад явна.
-Чанаргүй зээлд иргэдийн хэрэглээний зээл бага хувь эзэлж байхад хэрэглээний зээлийг хумих хэрэг байгаа юу? Иргэд зээл авч чадахгүй хүнд байна.
-Энэ бол нэгдүгээрт ирээдүйг харсан арга хэмжээ. Зээл авч байгаа өрхүүд ирээдүйд санхүүгийн хүнд байдалд орохоос сэргийлж байгаа.
Нийт чанаргүй зээлд хувь хэмжээ бага байгаа нь өнгөрсөн хугацаанд хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцааг бууруулсны үр дүн. Дөрөвдүгээр сарын 1-нээс өр, орлогын харьцааг 60:40 болгосон нь орлогынхоо ядаж 40%-ийг гар дээрээ авч үлд гэж байгаа юм.