“Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг гэсэн нэр олон дуучдийн цомог дээр бичигдэх болоод олон жил болж байна. Тэрбээр сүүлийн 10-н жил дуулаачийн болон хөгжмийн урлагийн хөгжилд хамгийн гол үүргийг гүйцэтгэж яваа “нууц ноёнтон” байсаар ирсэн юм. Түүнтэй ярилцаж суухад Монголчууд бидний оюуны хөгжилд бүтээлүүд нь шууд тусгалаа олж, өөрөөр хэлбэл энэ хүний дуу болон хөгжмийн чиглэлээр амьдарч ирсэн юмуу гэсэн бодол төрснийг хэлэх юун. Тухайлбал, 2002 оноос хойш эдүүгээ хүртэлх та бидний сонсдог мөн сонсох дуртай бүх дуучдийн олны хүртээл (хит) болсон дуунуудын найруулга, бичлэг, санаа түүнчлэн тухайн дуу зохиогдоход голлох үүргийг гүйцэтгэж байгаа нэгэн билээ. Б.Алтанхуяг удахгүй тоглолтоо хийх гэж байгаа “Увертюра” хамтлагийн тоглолтын ерөнхий продюссераар ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй “Анир” студийн талаар болон “Увертюра” хамтлагийн тоглолтын тухай хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Хоёулаа яриагаа “Анир” студийн талаар эхлэе?
-Би “Анир” студийг байгуулаад арван жил болж байгаа. Энэ жил 10 жилийн ой тохиож байна.Тухайн үед миний бодлоор тухайн үед дуу маш өндөр мэргэжлийн хэмжээнд хүрсэн байсан үе гэж боддог. Жишээлбэл, 90 ээд оноос 2000 он хүртэлх дуунуудад симфони оркестортой опера хоолойгоор дуулсан том том дуунууд зонхилох хувийг бүрдүүлж байсан гэхэд болно. Энэ нь ард түмнээсээ хэтэрхий тасарсан юм шиг санагдсан. Үүнийг өөрчилж шоу хэлбэрт оруулахын тулд ажиллаж эхэлсэн. Энэ нь ч биелэлээ олж та бидний мэдэх С.Жавхлан, Т.Баясгалан У.Далантай, Ч.Бат-Эрдэнэ гэх мэт олон гавьяатуудыг өсөж өндийхөд уран бүтээлийнх нь гол хөшүүрэг нь болж өгсөн гэж боддог. Үүнээс хойших одоогийн сайн дуучид болох МУГЖ Ариунбаатар Э.Төрмандах “Би Монгол эр хүн” дууг дуулдаг Батболд зэрэг бүх дуучдын уран бүтээлүүдийг туурвисаар байна. Мөн Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарамын Төрийн Соёрхол хэмээх хүндтэй шагнал хүртсэн “Үлэмжийн чанар” хэмээх сэтгэлгээний бүтээлийг бүтээлцсэндээ сэтгэл хангалуун байдаг. Сүүлийн үед Монгол поп опера хамтлаг болох “Увертюра”-г үүсгэн байгуулж “Төгсгөлгүй-Эхлэл” тоглолтыг нь зохион байгуулж байна. 2009 онд Г.Пүрэвдавга тэргүүтэй дөрвөн залуу манайтай хамтарч ажиллая, та биднийг сонсож үзнэ үү гэсэн санал ирсэн. Уг саналын дагуу бид монголын урлагт шинэ санаа чиглэл нэвтрүүлэх үүднээс энэ саналыг нь хүлээн авч ажилласнаас хойш дөрвөн жилийг үджээ. Энэ хугацаанд бид “Монгол поп опера” буюу дуулаачийн болон хөгжмийн шинэ найруулгын бүтээлүүдийг төрүүлэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Үүнийг бий болгохийн тулд дөрвөн дуучнаасаа дуулаачийн ур чадварын өндөр төвшин шаардаж мөн “Анир” студийн зүгээс судалгаанд тулгуурлаж бүтээл хийхийг зорьсон юм. Энэ зорилго маань ч талаар болсонгүй бидний бүтээлийг гадаад дотоодын төрийн болон томоохон арга хэмжээ тоглолтонд байнга уригдаж байсан нь бидэнд урам өгсөн. Бидний зам дардан байгаагүй ээ. “Увертюра” хамтлагийн анхны уран бүтээл болох “Өнө мөнх орон” дууны клипыг олон нийтэд цацахыг хориглож хориотой дуу гэж нэр цол өгсөн ч түүнээс бид шантралгүй харин ч хурцлагдаж байсан үе нэгэнт ард хоцорчээ.
-Удахгүй “Увертюра” хамтлаг тоглолтоо хийхээр болсон. Хамтлаг байгууллагдаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Яагаад удаан хугацааны дараа тоглолтоо хийж байгаа юм?
-Үндсэндээ бид дөрвөн жилд бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийлгээгүй ээ. Учир нь Монгол поп операг олон нийтэд танилцуулахад арай эрт байна гэж дүгнэсэн үүний тулд судалгаа хийхийг зорьсон. Аливаа шинэ зүйлийг хүлээж авахад тодорохой хугацаа хэрэгтэй. “Увертюра” бол ганц дуу хагас дутуу дуулчихаад тоглолт хийнэ гэж яваа зарим дуучид шиг биш, дөрвөн жилийн хугацаанд дууны шинэ төрөлд өөрсдийн чадвар, чансаа болон бие сэтгэлээрээ бэлтгэгдсэн дөрвөн залуу тоглолт хийх гэж байгаагаараа онцлог юм. Мэдээж энэ тоглолт мэргэжлийн маш өндөр төвшинд хийгдэх болно.
-Монголын урлагийн төвшинг нэг алхам ч гэсэн ахиулая гэж байна. Энэ нь магадгүй уран бүтээлчдийг шинэ санаа сэдэж илүү бүтээгээсэй гэсэн мэссэж мөн үү?
-Тийм жинхэнэ урлаг гэдэг бол өөрөө шинэ санаа агуулж байдаг. Энэ ч утгаараа уран бүтээлчид бид байнга шинийг сэдэж ард түмний оюун санааг урагш нь авч явах үүрэгтэй хүмүүс гэж боддог. Харамсалтай нь ингэж явах ёстой хүмүүс нь өнөөдөртөө л сонсоод мартах, өнөөдөртөө л мөнгө олж болох дуунууд хийж явсаар уран бүтээлийн зогсонги байдалд хүрээд байх шиг санагддаг. Үүнээс гарах гарц нь урлагийн бид хийж байгаа бүтээж байгаа тээж байгаа зүйлдээ үнэнчээр зүтгэж дандаа шинийг санаачилж байх хэрэгтэй гэж боддог.
-“Өнө мөнх орон” дуун клип хориотой болсон. Шүүмжлэл дагуулсаны дараа ямар нэг засвар хийгдээгүй юм уу?
-Үгүй ээ. Өөрчлөх бодол ч төрөөгүй. Гэхдээ клипны тэр санааг би олоогүй “Милл” кино компанийнхан бүтээсэн юм. Хориотой дуу болох шалтгаан нь уг клипт тухай үед төрийн эрх барьж байсан зарим эрх мэдэлтнүүдийн дүрсийг ашигласанд байгаа юмаа.Үзэж амжаагүй хүн байвал YOUTUBE-д ороод үзэхэд байгаа.
-Үүний дараа улс төрчдөөс дарамт шахалт ирсэн байх.Асуудлыг мөнгөөр шийддэг улс. Та нарт өгье гэсэн санал тавьсан уу?
-Дарамт шахалт ирсэн. Тэр бүү хэл мөнгө амлаж байлаа. Бид нар тэр мөнгийг аваад яах юм. Хэрвээ тухайн клипны тэр хэсгийг аваад хаячих юм бол үндсэн санаанаасаа ухрах хэрэгтэй болно гэсэн үг биз дээ. Тэгэхээр нэгэнт л хэлэх гэсэн санаагаа хэлчихсэн тэгээд болоо.
-Тоглолтын онцлогийн талаар уншигчтайгаа хуваалцвал?
-“Увертюра” хамтлагийн дуунууд нэлээн хөдөлмөр шаардсан бүтээлүүд. Тоглолтын турш зөвхөн энэ хамтлагийн болон хамтарсан дуунууд эгшиглэх юм. Зуу гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Мэдээж зуун хувь амьд тоглолт байх болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Анир sound records, ивээн тэтгэгч байгуулгаар Төрийн банк, найруулагчаар Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам , гэрэлтүүлэгээр D Light ХХК,тайз засал “Гэсү” ХХК, ЦДБЭЧ эстрад симфони найрал хөгжим найрал дуучид, ХБК-ийн симфони оркестр, Уланаабаатар чуулгын бүжигчид, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Эрдэнэбат, “Шуранхай” хамтлагийн Үүрийнтуяа, “Хөсөгтөн” хамтлаг зэрэг уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Мөн тоглолтын онцлог бол 3D тайз ашиглаж байгаа явдал юм. “Увертюра” хамтлаг маань 2014оныг дуустал Төрийн банктай хамтран ажиллах гэрээ хийж “Төрийн банк”-ны нүүр царай болсон явдалд би их баяртай байгаа.
-Сүүлийн үед хамтлаг болон дуучид тоглолтоо амьдаар хийнэ гэж рекламдчихаад очоод үзэхээр тийм биш байдаг. Энэ нь ажил, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Энэ талаар?
Амьд тоглолтын найруулга гэж тусдаа бас юм бий. Угтаа бол бичлэгээр сонсогдохгүй байгаа нарийн дуугаралт байдаг. Жишээлбэл, та нар гэртээ кино үзэх эсхүл кино теарт үзэх хоёр шал өөр тэр мэдрэмжийг мэдрэх хоёр нь ч өөр. Үүнтэй адилхан радиогоор машиндаа сонсох тэр орчинд нь очоод сонсох нь гэдэг чинь хоёр өөр асуудал. Тэр уур амьсгалыг бүрдүүлж тоглоно гэдэг амьд тоглолт юм. Үүнд хэцүү юм их бий. Манайхан 90-ээд оны үеэс энэ технологийн хөгжлийг дагаж бичлэгээр дуулдаг асуудал гарсан. Бичлэгээр дуулна гэдэг нь фонограммаа тавиад яг л амьдаараа дээр нь дуулахыг хэлж байгаа юм. Зарим газар очихоор караоке ч голохоор тийм муу микрофон бариулчихаад дуул гээд байдаг байхгүй юу. Хэн тэрүүгээр юу дуулах уу, ийм асуудал байдаг болохоор зарим нь амьдаараа дуулчихья гэж ярьдаг. Ингэж өөрөөрөө дуулчихаар хүмүүс тэднийг бичлэг шиг нь хүлээж авах гэдэг юм. Тэгээд дуулахаар энэ ийм муухай дуулдаг байсан юм уу гэж ярьж эхэлнэ. Ийм зүйлээс айгаад зарим нь ам бариад байдаг болсон. Манай дуучид чадалтай, гол нь техникийн тал дээр дутагдалтай байдаг. Монголд концертны дууны амьд хөгжим найруулдаг хөрвүүлдэг продюссерийн компани их олон баймаар юм уу гэж санагддаг. Дуучин хүн дуулахаа л боддог юм. Тоглолтын бусад асуудлыг мэргэжлийн баг хийж гүйцэтгэдэг байх учиртай “Увертюра” хамтлагийн энэ тоглолт бол энэ жишгээр яваа. Бид шоудаж мөнгө олох гээгүй зүгээр л уран бүтээлч хүний ажлаа сайн хийх гэсэн хүсэл.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд амжилт хүсье. Манай тоглолтыг үзсэн үзэгч сэтгэл ханамж зуун хувь байх болно. Танд баярлалаа.
Ярилцсан: Х.Даваанаа