О.Анужин: Бүжгийн бэлтгэлээ хийж байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэг

Түүний хувьд 23 насандаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ чимсэн. Зарим уран бүтээлчийн хувьд насаараа хөдөлмөрлөөд ч энэ шагналыг авч чаддаггүй. Гэхдээ түүний хувьд энэ цолыг авах маш том шалтгаан байгаа нь тэр балетчин. Урлаг дотроо хамгийн хүнд төрөлд нь орох балетын бүжгээр арван настайгаасаа эхлэн хичээллэж энэ урлагийн шинэ залуу үеийн төлөөллийг О.Анужин түүчээлж байна.


-23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэх эрхэм хүнтэй цолыг хүртсэн уран бүтээлчийн бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Би Нийслэлийн нэгдүгээр төрхөд төрсөн. Ам бүл 4-лээ. Аав, ээж, ахтайгаа амьдардаг. Ах маань гэр бүлтэй болоод хөөрхөн гүнжтэй болсноос хойш ам бүл маань өнөр өтгөн болж байна. Миний хувьд багадаа орос цэцэрлэг, сургуульд сурч байгаад 6-р ангиасаа эхлэн Хөгжим бүжгийн коллежид элсэж балетын урлагаар хичээллэх болсон. Ер нь бол бага ангидаа Плехановт сурч байхдаа л сургуулийнхаа бүжгийн хамтлагт орос бүжиг бүжиглэдэг байлаа. Тэгээд РЦНК-д бусад сургуулийн хамтлагуудтай өрсөлддөг байв. Бас хажуугаар нь латин америк, цэнгээнт бүжиг, вальсаар хичээллэсэн. Гэтэл нэг удаа тэмцээнд орох гэтэл намхан учраас хамтрагч олдоогүй. Ингээд хичээллэхээ больсон (инээв).

-Тэгээд шууд л Хөгжим бүжгийн коллеж руу орсон уу?

-Тэгэлгүй яахав. Яг 10 настайдаа Хөгжим бүжгийн коллеж руу орж байв. Тэгээд тэндээ долоон жил суралцаад төгссөн дөө.

-Багаасаа Орос цэцэрлэг, сургуульд сурсан гэхээр Орос хэлэндээ нэлээд сайн бололтой?

-Орос хэлний суурь бол дажгүй шүү. Гэхдээ аливаа хэл чинь ярихгүй удахаар мартагддаг шүү дээ. Заримдаа ярих шаардлага гарах үед орос хэлээ мартчихсан байх тохиолдол бий. Харин бага багаар ашиглаад, орчинд нь байвал эргээд сэргэдэг. Харин балетаар хичээллэх, сургуулилт хийх үед орос хэл гэхээс илүүтэй Франц хэлийг түлхүү хэрэглэдэг. Учир нь балетын элемент, хөдөлгөөн бүрийг Франц үг, хэллэгээр хэлээд заншчихсан байдаг юм.

– Балетын урлагаар хичээллэж эхлэх үед ямар байсан вэ Маш хүнд хөдөлгөөн, дасгал сургуулилт хийдэг хийдэг шүү дээ?

-Эргээд харахад тухайн үедээ бол их хэцүү байсан. Бусад хүүхдийн адил тоглож нааддаг үедээ балетын хүнд дасгал, хөдөлгөөний тасралтгүй сургуулилна гэдэг тийм ч амар биш. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд олон зүйлийг давж гарах шаардлага тулгарсан. Бэлтгэлийнхээ үеэр хоёр ч удаа хөлөө хугалсан. Бэлтгэлийн дараа арьс цэврүүтэх, яс нь өвдөх, идээлэх зэрэг хүнд зүйлүүд бий. Гэхдээ би бүжиглэхдээ илүү их дуртай байсан. Хэдий хөл минь цэврүү үсэрчихсэн ч бүжгийн бэлтгэлээ хийж байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэг. Шантрах үе бол дан ганц хүүхэд насанд гэлтгүй одоо ч гэсэн хааяа гардаг. Хэрэв хүнд зүйл тулгарахад үе бүрт бууж өгөөд байвал хүсэл мөрөөдлийнхөө төлөө  хэзээ ч алхаж чадахгүй. Шантрах зүйл гардаг ч үүнийг давбал би нэг шат ахиж байна гэж бодоод цаашилдаг.

-Цааш алхахад юу хамгийн их хүч өгдөг вэ?

-Хамгийн эхэнд бүжгээ гэх миний дур сонирхол хамгийн хүчтэй. Бас аливаад тууштай байх зан чанар минь тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу. Гэхдээ эдгээрээс гадна миний гэр бүл, хайртай дотны хүмүүс, эрхэм багш нар маань надад “ТОМ” хүч өгдөг. Гэхдээ хамгийн чухал нь үзэгчдийн алга ташилт, хүндлэл, хайр байхгүйгээр цаашлах арга байхгүй. Энэ бүхэн л мөрөөдлийнхөө төлөө алхах бүрт минь хүч болдог.

-Та 17 настайдаа Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр руу орсон. Хамгийн анхны удаа гоцлол дүрээр тайзнаа гарсан тэр мөч….?

-Миний хувьд бүх л зүйл дүрмийн дагуу явсан. Анх театрт орж ирээд олны хэсэгт тоглоно. Дараа нь хоёрдугаар зэрэг, тэгээд нэгдүгээр зэргийн гоцлол буюу гол дүрд тоглодог. Би анх “Цэнхэр нүдэн бүсгүй” гэх маш хөгжилтэй балетад тоглож байлаа. Ер нь ихэнх алдартай балетчид энэ дүрээр гараагаа эхэлсэн байдаг. Тэгээд дараа нь Цөмөөхэйд тоглоод л үргэлжилсэндээ.

-Балетчин хүн бүрийн мөрөөдөл бол “Хунт нуур”-т тоглох байдаг. Таны хувьд ч  “Хунт нуур” балетын гол дүрд  тоглож байсан. Энэ бүжгин жүжигт хэрхэн тоглож байсан дурсамжаасаа хуваалцвал?

-“Хунт нуур” бол балетчин хүний хувьд маш их ур чадвар шаарддаг бүжгин жүжиг. Өөрөөр хэлбэл нэг хүн хоёр дүрийг зэрэг гаргадаг. Нэг нь маш зөөлөн, эелдэг, гэгээлэг бүхнийг гаргадаг бол нөгөө нь эрч хүчтэй, зоригтой, сэргэлэн, зальтай дүрийг хувиргадаг. Бас нэг удаагийн тоглолтод дээрх хоёр дүрийг нэг л хүн гаргадаг гэдгээрээ маш өвөрмөц, бас нэмээд хэлэхэд тухайн балетчин хүнээс маш өндөр хэмжээний ур чадварыг шаарддаг. Зүгээр л энгийнээр хэлэхэд ХҮН ХУН болно гээд төсөөлөөд үз. Хүн байж хунгийн дэвэлт, далавчны хөдөлгөөн зэргийг судлаад дүрээ гаргадаг. Бас хаана нь хамгийн гоё зүйлээ үзүүлэх үү, амьсгаагаа яаж авах уу зэргийг хувь уран бүтээлч нь өөрөө мэдэрдэг. Тэгэхээр балетчин хүнээс маш нарийн мэдрэмжийг шаарддаг.

-Та нэг удаагийн тоглолтод орохын тулд хэр зэргийн бэлтгэл хийдэг вэ ?

-Ер нь бүжигчин хүн байнгын бэлтгэлтэй байх шаардлагатай. Харин “Хунт нуур” эсвэл өөр тоглолтод оролцохоор болбол дүрийн судалгаанаас эхлээд ажилладаг. Бүжигчин турах шаардлагатай бол тэр хугацаанд турах шаардлага гарна. Тэгээд тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнөөс тухайн тоглолтод зориулсан бэлтгэл үргэлжилдэг. Тэгээд тухайн долоо хоногийнхоо бүтэн сайнд нь үзэгчдэдээ тоглолтоо үзүүлдэг.

– О.Анужин хэр нээлттэй хүн бэ?

-Би өөрийгөө нээлттэй хирнээ дотогшоо хүн гэж тодорхойлох байх. Миний хувьд ихэнх хүнтэй найрсаг, нээлттэй байж, бусдыг хүндлэхийг хүсдэг. Харин хувь хүнийхээ хувьд зөвхөн өөртэйгөө хуваалцах зүйл байвал дотроо л хадгалдаг. Тэгэхээр нээлттэй дотогшоо хүн гэж оношлох юм  уу. /инээв/

ХӨЛ ХУГАРЧ, НУРУУ ТАТСАН Ч ТАЙЗАН ДЭЭР ГАРАХ ШААРДЛАГА ГАРДАГ…

-Аливаа хүн амжилтад хүрэхийн тулд үргэлж дардан замаар явахгүй. Зайлшгүй уналт, босолтыг даван гарах шаардлага гардаг. Энэ бүхнээс улбаалан урлагаас сурсан зүйлээрээ амьдралыг хэрхэн хардаг вэ?

-Сонгодог урлаг бол хувь хүний хүмүүжилд их нөлөөлдөг. Бусадтай хэрхэн зөв харилцах, бие зөв авч явахаас гадна энгийн зүйлсийг хүртэл заадаг. Миний амьдралын ихэнх цаг хугацаа сонгодог урлагтай холбоотой учраас үүнээс сурсан бүх зүйл өдөр тутмын амьдрал дунд шингэсэн байдаг. Балетын урлаг нь маш нарийн дэг журамтай, тухайлбал гол дүрийн урдуур алхаж болохгүй, тайзны соёл, орж гарахдаа хөшиг цохихгүй, хүнтэй шүргэлцэхгүй, бусдыг хүндлэх зэрэг харилцааны хувьд нарийн зүйлүүд их бий. Яг л энэ сурсан зүйлээрээ өдөр тутамдаа амьдрахыг хичээдэг.

-Урлаг бол өөрөө маш хатуу гэлцдэг. Таны хувьд балетын урлагаас больё гэх үе гарч байв уу?

-Маш их гарсан. /инээв/ Бүжиглэх үед чадахгүй зүйл олон гардаг. Заримдаа халуунтай, өвдсөн ч гэсэн бүжиглэх хэрэгтэй болно. Хөл чинь хугарсан, нуруу чинь татсан байсан ч бэлтгэлээ хийж, тайзан дээр гарах шаардлагатай болдог. Хөл минь цэврүүтчихээд идээлсэн үедээ тайзан дээр гарах үе ч бий.  Бас заримдаа хүссэнээ хийж чадахгүй, өөрөө өөртөө таалагдахгүй үе ч бий. Энэ мэтчилэн бие физиологийн талаас хэцүү зүйлстэй тулгардаг. Бас нөгөө талаас сэтгэл санааны хувьд ч гэсэн даван гарах зүйлтэй их таардаг.

-Шүүмжлэл хэнээс их ирж байна вэ?

-Хамгийн ойрын хүнээс л их ирнэ. Багш нар, гэр бүл гээд л. Гэхдээ хамгийн чухал шүүмжлэл үзэгчдээс л ирнэ. Бас нөгөө талаас хамгийн сайн урам, итгэлийг өгдөг нь үзэгчид. Тэгэхээр би тайзан дээр гарах үедээ танхимд үзэхээр ирсэн хүн бүрт л зориулж бүжиглэх хэрэгтэй гэж боддог. Сонгодог урлагийг цар хүрээ, хүртээмжийн хувьд “боогдмол” гэж их ярьдаг. Гэхдээ би сонгодог урлагийг төсөөлөхдөө хүний сэтгэлээс урган гарч буй хамгийн сайхан зүйлсийн нэг гэж боддог. Тиймээс  л үүнийг хүн бүр л ойлгоосой гэж хүсдэг. Цаашдаа ч сонгодог урлагийг хүн бүрийн зүрх, сэтгэлд хүргэхийн төлөө явна гэж боддог.

-Хэдий алдар хүндэд хүрсэн ч гэсэн аав, ээжийн эрх танхи охин хэвээрээ л байна уу?

-Тэгэлгүй яахав. Намайг бага байхад аав маань байнга хүргэж өгч, сургуулиас авдаг байлаа. Энэ урлагаар хичээллэхийн тулд бүх зүйлээ зориулж байхад миний гэр бүл үргэлж ар талд минь найдвартай хамтрагчид минь болдог. Одоо ч гэсэн ямар нэгэн хүнд зүйл гарвал хамгийн түрүүнд л аав руугаа залгадаг.

-Одоогоос яг нэг жилийн өмнө 23  насандаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал ?

-Маш их сандарсан. Сэтгэл хөдлөлийн бүх л мэдрэмж нэгэн зэрэг мэдрэгдсэн. Гэхдээ миний хамгийн их баярласан зүйл нь хайртай, дотны хүмүүс минь намайг хараад их баярлаж байгааг харах их сайхан байсан. Ямар зүйлийг даван туулаад амжилт гаргаж байгааг мэдсэн хүмүүсийн хувьд, бас тэднийхээ ачийг бага ч гэсэн хариулсандаа баярладаг. Дараа нь ээж минь надад “Миний охин хийх ёстой зүйлээ өмнө нь яаж хийж байсан шигээ л хий” гэсэн. Одоо бодоход тухайн үедээ сайн баярлаж чадаагүй, юу болсныг нарийн сайн санадаггүй.

-Нөгөө талаас нь харвал залуу хүн энэ том шагналыг авлаа гэхээс илүүтэй үе тэнгийнхээ залуучуудад том урам зориг, тэмүүллийг өгсөн болов уу гэж боддог. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Харин тийм. Дараа нь надад баяр хүргэсэн хүмүүсийн ихэнх нь залуучууд байсан. “Өөрөөс чинь их урам авлаа” гэсэн утгатай мессэжийг олноор хүлээн авсан. Дараа нь ч гэсэн тэр бүхнийг дахин, дахин унших их сайхан.

-Мэдээж 10 настайдаа ээжийнхээ гараас хөтлөөд Хөгжим бүжгийн коллеж руу орох үедээ охиноо ирээдүйд заавал гавьяат болгоно гэж бодоогүй байх. Гэхдээ л тэр үед хамгийн их баярласан хүмүүс нь аргагүй аав, ээж нь байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Ер нь аливаа зүйлд цаг хугацаа гэдэг зүйл маш чухал. Хэдий 23  нас гэдэг нь их залуу мэт боловч балетчин хүний хувьд 17 настайгаасаа л тайзан дээр гарчихдаг гэж бодвол багагүй хугацааг өнгөрүүлсэн байдаг. Би 15 настайдаа хувийн сургуулиудад багшилдаг байлаа. Насанд хүрэгчдийн ангид хичээл орж байх үед надаас том эгч нар “Багшаа, Та..” гэж их дууддаг. Тэр үеэс л хариуцлага гэдгийг сайн ойлгож, мөнгөний үнэ цэнийг ч гэсэн мэдэрч эхэлсэн. Тухайн үед би ээждээ 200 мянган төгрөгөөр Victoria Secrets-ийн жижиг цүнх, теньтэй авч өгөх гээд мөнгөө цуглуулж байлаа. Тэгээд мөнгөө хэрхэн хэмнэх үү гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байв. Тэр үед л ээж, аавынхаа амьдралын төлөөх санаа зовнилыг бага ч гэсэн ойлгож билээ. Ер нь хүнийг ид үедээ хөдөлмөрлөж байх үед нь гавьяа шагналыг өгвөл маш том эрч хүч болдог гэсэн бодол төрсөн. Тэр шагналыг авсны дараа миний хувьд маш их зоригтой болсон. Чадна, болгоно гэсэн хүсэл тэмүүлэл ч гэсэн их хүчтэй төрдөг болсон. Бас хажуугаар нь маш их хариуцлагыг хүлээж авдаг. Хэрвээ би нас дээр гарсан үедээ энэ шагналыг авсан бол “ Маш их баярлалаа, Төрийн минь сүлд өршөө л” гэж л хэлэх байх. Түүнээс биш тухайн шагналыг настай болчихсон үедээ авбал цаашид би уран бүтээл туурвихгүй болохоор тухайн шагнал надад ямар ч эрч хүч, урам зориг өгөхгүй юм байна гэж бодогдсон.

-Одоо эргэн тойрных нь хүмүүс О.Анужин гэхээс илүүтэй “Гавьяат аа” гэж дууддаг уу

-Харин тийм. Барагтай хүн “Чи” гэж дуудахгүй шүү. Бүгд л “Та” эсвэл “Гавьяат аа” гэж дууддаг. Эхэндээ маш эвгүй байсан ч гэсэн одоо бараг дасчихсан байна. Гэхдээ зөвхөн Анужин гэх хувь хүнийг хүндэлсэндээ биш миний авсан энэ цолыг хүндэлж байгаа хэрэг гэж боддог. Тэр болгонд л хариуцлагаа ухамсарладаг.

-Чамайг хараад хүсэл мөрөөдлөө бүтээж байгаа олон залуучууд бий. Тэр бүгдэд хандаж залуу хүнийхээ хувьд ямар урам зоригийн үг хэлэх вэ?

-Хүн бүр гайхамшигтай. Хүн бүрт л өөрийн туулах ёстой зам гэж бий. Тиймээс урагшлаад л байх хэрэгтэй. Тэгвэл хэзээ нэгэн өдөр үр дүн гарна. Бас аливаад эерэг хандлагатай байгаарай. Ямар ч муу зүйлд нэг ширхэг ч гэсэн сайн зүйл бий. Түүнийг олж харах, сэтгэлтэй, нүдтэй байгаасай гэж хүсдэг. Бас бусдадаа урам зоригийн үгсийг харамгүй өгч, үнэхээр сайхан зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг агуу сэтгэлтэй байгаасай л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …