Би маш ойлгомжтой энгийн байдлаар энгийн жишээнүүд дээр хүүрнэх гэж байна. Гарчиг сүртэй. Зуны дэлгэр цагт найр наадам ид үргэлжилж, хүн ардаараа цэнгэж жаргаж байхад амны билэггүй гэдэг нь гэж ирээд л шүүмжлэл өрнөг л дээ. Айх юм алга.
Гадаад харилцаанд ажил амьдралынхаа багагүй цаг хугацаа, мэдлэг мэргэжлийг зарцуулсных нь ганц зүйлийг баталгаатай хэлж чадна. Юу гэвэл Монгол эх орныг маань залгих гэсэн, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нь бусниах гэсэн гаднын хорт хүчин, атаат дайсан даан ч байхгүй! Хардаад байдаг тэр хөршүүд чиньч энэ улсыг маань залгиад авъя, мухарлаад авъя, хамаг баялгийг нь соръё, хүн ардыг нь боолчлоё гэсэн хорон санаанд автаагүй. Тэгэхлээр юун аюулын тухай яриа вэ гээд ам асууг л дээ.
Гарчигт өгүүлсэнчлэн монголчууд бид өөрсдөө энэ бие сэтгэлээрээ, улаан гараараа үндэсний аюулгүй байдлаа сүйтгэж байна! Нэг үгэндээ мөнгө олох гэж, гэдсээ тэжээх гэжертөнцөөс заяасан газар нутаг, байгаль орчин, социализмын үед дөнгөн данган босгоод өгсөн нийслэл хотоо монголчууд өөрсдийгөө сөнөөж байна. Ерөнтцөд муухай харагдуулах бүх муу үйлийг монголчууд өөрсдөө хийж байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж нэг чухал эрх зүйн акт гэхээр баримт бичиг одоо цагт монголчуудад бараг мартагдсан байх. Уг нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой гэж үзээд 25 жилийн тэртээ УИХ-аараа батлажээ. Боловсруулагчид нь шилжилтийн хүнд үеийн бэрхшээлийг даван туулж тусгаар тогтнолоо баталгаажуулаад хөгжлийн зөв суурийг тавихад, бас монгол хүнийг нягт чанга хэрсүү болгож төлөвшүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэж үзсэн. Мөрдөж ажиллаад 15 жил өнгөрсний хойно XXI зууны өнөөгийн нөхцөлд нийцүүлэн 2009 онд шинэчилсэн, 2010 онд УИХ-аараа батласан.
Үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг Монголын төр баримтлан ажилладаг. Түүнийг ухамсарлаж ойлгож, хүлээн авч, дагаж мөрдөх ёстой нийгэм нь яг тэгж чадаж байгаа бил үү? Хүн ард маань нийтээрээ дуу нэгтэйгээр үндэсний аюулгүй байдлаа дээдлэн байгаа бил үү гэдэгт л хамаг учир оршиж байх шиг санагдана.
Үзэл баримтлалын 1.1.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ гэсэн заалт буй. Гадаад таатай нөхцөлийг нь Төрийн гурван өндөрлөг, Дипломат алба дээд зэргээр хангаад ирсэн, харин дотоод таатай нөхцөл нь огтоос бүрдэж бүрэлдэж өгөхгүй явсаар 25 дахь жилтэйгээ золгож байна. 1.1.2. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана гэсний үндэсний эв нэгдэл гэснээс хойшхи нь цаасан дээр бичээтэй, амьдрал дээр тэс хөндлөн яваа.
Би энд шүүмжлэх гэсэн эхний салбараа “3.2. Эдийн засгийн аюулгүй байдал”хэмээн шууд нэрлэж байна. “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн. Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцын асуудлаар оновчтой бодлого баримтална” гэснүүд нь 1994 оноос хойш 25 жилд даан ч хэрэгжсэнгүй.
Нурсан гэхэд хаашаа юм, даан ч арчаагүй эдийн засагтай, аюулгүй байдал гэж ярих нь битгий хэл “эдийн засаг” гээч юм ер нь байна уу (төрөлжсөн бүтээмжтэй эдийн засгийг би хэлж байна ) гэмээр дорой буурай, хүн ард нь түүндээ огтоос санаа үл зовсон царайтай, идэж ууж хэрэглэж, дуусахлаар нь төр-засгаасаа шаардаж, төр-засаг нь тэр шаардлагыг нь биелүүлэх гэж далан долоогоор бууж өгсөн байдалтай явж иржээ.
Цаашаа олон заалтууд цааснаасаа хальж гараагүйг нэг бүрчлэн дурдахын аргагүй. 3.2.1. Эдийн засгийн олон тулгуурт бүтэц гэсэнд ярайж байгаа заалтуудаа эргээд нэг харчих даа! 3.2.1.1. Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно гэжээ. Олон тулгуурт бүү хэл ганц тулгуурт (уул уурхай) нь эрсдэлтэй, дэлхийн зах зээл хаашаав тийшээ холбирч, хил давуулж байгаа эрдэс баялгаа эдийн засаг хэмээн ойлгож яваа нь ганц үнэн.
3.2.1.2. Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэсэн заалтыг бид шууд л “0” үнэлгээ өгөхөөр 25 жилийг үджээ. Хэтийн зорилго гэсгээд орхиё.
3.2.1.3. Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна – хэрэгжих болтугай гэсгээд ерөөл магтаалаар энэ заалтыг таглая. Уул уурхайн баялгийн орлогоос олон тулгуурт эдийн засаг бүрдээд, тэр нь цаашаа нийгмийн салбарууд руугаа түгэх тухай энэ заалтыг манай улс төрчид таг мартсан уу, эсвэл хойшлуулсан уу, бүү мэд?
3.2.1.4. Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ – 25 жилийн дараа одоо хэрэгжиж эхлэх гэж байгаа юм биш үү? Энэ хавраас гэрэл гэгээтэй мэдээ говийн хоёр аймгаас ирэх болсныг энд зориуд цохон тэмдэглэсүгэй!
3.2.1.5. Монгол орны цэвэр байгаль, оюуны нөөц, газар зүйн давуу талд түшиглэсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, агаарын тээвэр, мэдээллийн технологи ашиглан экспортлох боломжтой өндөр өртөг бүхий бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжин хөгжүүлнэ – үндсэндээ “0” гэж дүгнэнэ. Би “25 жил”-ээр нь авч яриад байна шүү дээ. “Мэдээллийн технологи ашиглан экспортлох боломжтой өндөр өртөг бүхий”гэснийг хэргээр сөргүүлэх гэсэн мэт түүхий шороотой нүүрсний уртаас урт цуваа манай эх орны брэнд-нэрийн хуудас болон өмнөд хөршийн хил рүү ярайна. Газар тэнгэр хоёр л гэсэн үг.
3.2.1.6. Боловсролын салбарт олон улсын стандартыг мөрдүүлж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглүүлнэ – МУИС-д дэд профессор явсан, одоо судлаач-профессор яваа би гэдэг хүн энэ салбарт толгой эргээд баримжаа алдаад олон жил болж байна. Хүний хөгжил Монголд хэр явааг хамгийн болхи энгийн жишээгээр тайлбарлая. Ажлын чадвартай, ид тэгширч яваа иргэдийнх нь ихэнхи нь жолооч, худалдагч, нийтийн хоол гэсгээд хоёр гуравхан мэргэжил сонгочихтой зэрэг улс орон өөдөлдөг юм уу, тийм “мэргэжилтнүүд”-тэй гадаад ертөнц түншилдэг юм уу, интеграцад ордог юм уу гэдэг улигт асуултаа л тавья.
3.2.1.7. Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ – бас л “0” үзүүлэлттэй яваа салбар. Манай шинжлэх ухаан–эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхи тэс хөндлөн зөрсөөр “25 жил”-ээ үдэж байна. Шороотой нүүрс ачсан уртаас урт цуваанд шинжлэх ухааны хэрэг ч юу байна даа? Хөөрхий энэ салбарын эрдэмтэд гэж хаана ч явдаг юм, хэдүүлээ ч байдаг юм, явж явж “гавьяат”-ын шар тэмдэг олж зүүгээд тэтгэвэртээ гарвал аз заяаны хэрэг нь л болчихгүй байгаасай!
3.2.1.8. Өндөр технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг хөгжүүлнэ – бас нэг паг суусан заалт энд явж байна. Бий нь бий л дээ. Гэхдээ нүүрс ачсан тэрхүү уртаас урт цувааныхаа дээр төрийн бодлогын хэмжээнд гарах ёстой юм. Монголыг аврах нь бүү хэл дэлхийд гаргаад ирэх салбар байнаа гэж би мөн ч их бичсэн дээ.
3.2.1.9. Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ – миний хамгийн ихээр шүүмжилдэг, байж сууж тэвчишгүй заалт энд гараад ирлээ. Манай төрийн томчуул санаа ихээр зововч монголчуудын олонхи нь өөрийгөө зовоож ажил хөдөлмөр эрхлэх хүсэлгүй, тэднийг тэжээдэг амьдруулаад байдаг үй түмэн далд сүлжээ, албан бус элдэв орлого, хөдөлмөр эрхлэхгүй жаргуулах нийгмийн хөрс нь бэлээхэн байж байна. Ядуурал нь бараг аз жаргал нь болчихсон юм биш үү гэлтэй.
3.4. Хүний аюулгүй байдал Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн – бас нэг “0” үзүүлэлттэй заалт байна. Үзэл баримтлалыг мөрдөж ажилласан 25 жилийн турш арай ч өдөр бүр биш, гэхдээ чихнээс чийр болтол ярьдаг сэдэв. “0” бүү хэл дан хасах үзүүлэлттэй. Авилгачин монгол түшмэдээ олж тогтоож, цээрлүүлэхгүй бол худалдаж явсан хятад бизнесчид рүү дайраад нэмэргүй болсон. Эмээлтийн махны бой–агуулахаа хар л даа. Нийслэлийн өвлийн их утаа, хөрс усны бохирдол, хур хог, задгай асгадаг үнс, нүхэн жорлон, хуримтлагдсан лаг, эргэн тойрны ойгоо сүйтгээд дууссан, ахуйн хулгай залилан, элдэв гэмт хэрэг “25 жил”-д ямагт цэцэглэж иржээ.
Үзэл баримтлалын дараагийн салбар нь 3.4.1. Эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гээд бичихэд л дан “0” үзүүлэлт ярайлгахаар. 3.4.1.1. Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг бүх шатны боловсролын байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан хэрэгжүүлнэ–“0” үзүүлэлт. 3.4.1.2. Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа чийрэгжүүлэх орчин, нөхцөлийг хүүхэд, залуучууд, иргэн бүрд хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлнэ – эхлэл байна, гэвч даан ч удаан. 3.4.1.3. Хүн амын дунд хоол тэжээлийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэн бичил тэжээлийн дутлыг бууруулна –“0” үзүүлэлт. Сүрьеэ, тэмбүүгээр Азидаа толгой цохичихгүй бол дээдийн заяа болоод байна.
3.4.2. Хүнсний аюулгүй байдал – энэ салбарыг би дээр хөндсөн дөө. Ерөөсөө л “0”, эсвэл хасах үзүүлэлттэй. 3.4.2.1. Хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ –“0” үзүүлэлт.
3.4.2.2. Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна–“0” үзүүлэлт. Дотоодын хүнсний үйлдвэрлэл 70 хувь битгий хэл дөрөвний нэгдээ хүрэх үү, үгүй юү? Эрээн, Буриадаас хүнс зөөж зарж амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болгочихоод тэднийгээ төрөл арилжуулж чадахгүй бол энэ заалт ийм хэвээрээ дахиад олон жил цаасан дээрээ явна. Хүнсний салбарт ажил хийж суудаг монгол хүнийг төлөвшүүлж чадаагүй л байгаа шүү дээ.
3.4.2.3. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулах урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах, гамшгийн үед хэрэглэх стратегийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц, хот, суурин газрын хүн амын хүнсний эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах улирлын нөөцийг бүрдүүлэх замаар хүнсний хангамжийн баталгааг хангана – бас нэг тэнгэрийн үлгэрийн заалт, хэрэгжилт “0”.
3.4.2.4. Хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авна–“0” үзүүлэлт. Усаа сүйтгэж дууссан, цэнгэг ус маань хөрсөн доороо бохирлогдоод, уул уурхайд идэгдээд дуусч байгаа ба ширгэсэн, алга болсон гол горхи, нуур цөөрмийн тухай уртаас урт үлгэр дэлгэхэд хэдэн боть ном болно.
3.4.2.5. Хүнсний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа-үйлчилгээ, хадгалалтын бүх үе шатуудад чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгоно – дээр биччихлээ. “0” үзүүлэлттэй заалт мөн үү гэвэл мөн л гэнэ.
3.4.2.6. Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг дээшлүүлж, халдвар, хамгаалал, био аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ – бас нэг тэнгэрийн заалт энд явж байна. “25 жил”-д энэ салбарт юу ч хийж бүтээгээгүй, бүтээсэн бол тэр нь түгээгүй, малын өвчин нь манай улсын нэрийн хуудас болох шахуу байгаа.
3.4.3. Амьдрах орчны аюулгүй байдал бүлэг дотор 3.4.3.2. Нийслэлийн хүн амын төвлөрлийг тархаан байршуулах зорилгоор дагуул хотуудыг төлөвлөж, нийслэл орчмын бүс нутгийг өндөр хурдны авто зам, эрчим хүч, инженерийн барилга байгууламжаар найдвартай хангаж холбоно гэсэн “0”, эсвэл бүр хасах үзүүлэлттэй заалт байнаа. Юун төвлөрлийг сааруулах вэ? Энэ хот чинь асар том хөдөө болж хувираад хөдөөгийн байгаллаг амьдралд гараа өргөн бууж өглөө. Хоёр жилийн дараа нийслэл маань нэг сая автомашиндаа хөдлөхгүйгээр таг сууна.
3.4.3.3. хот байгуулалтад төлөвлөлтийг хатуу мөрдөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 3.4.3.4. Томоохон хот, суурин газарт агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ариун цэврийн байгууламжийн бүтээмжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно. 3.5. Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомстлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэх мэт олон заалтууд нэг бол “0”, эсвэл бүр хасах үзүүлэлттэйгээр нэгэн зууны дөрөвний нэгийг үджээ. Цаашаа бичих үү, яахав?
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү