Номхон далайн Баруун Бүсийн Хорооны чуулган үргэлжилж байна

Чуулганы өчигдрийн хуралдаанаар 2012, 2013 оны төсвийн гүйцэтгэл болон 2013, 2014 оны төсвийн төлөвлөлтийн хэлэлцүүлэг, түүнчлэн эрүүл насжилтын асуудлаар тусгайлсан хуралдаан хийв. Төсвийн төлөвлөлтийн хувьд ДЭМБ-ын шинэчлэлийн хүрээнд шинээр тодорхойлсон үндсэн 6 чиглэлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2014 оноос хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрүүдийн үндсэн чиглэлүүдэд халдварт өвчин, халдварт бус өвчин, амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тандалт-бэлэн байдал-хариу арга хэмжээ ба байгууллагын үйл ажиллагааны зардал багтаж байна.

Дээрх хэлэлцүүлэгт ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С. Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Төсвийн шинэ төлөвлөлтийн тухайд Бүсийн хорооны нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэж танилцуулсан 2014-2015 оны төсвийн төслийг Монгол Улс зарчмын хувьд дэмжиж байгаа ч санхүүжилтийн гол эх үүсвэр болох гишүүнчлэлийн хураамж болон сайн дурын хандивын хэмжээ зэргийг аль болох илүү тодорхой болгох замаар бодит санхүүжилт, бодит төлөвлөлт хийхийн чухлыг онцлов. Мөн ДЭМБ-аас улс орнуудад суух суурин төлөөлөгчийн газрууд хөтөлбөр, төсвийн төлөвлөлт хийх үйл явцдаа тухайн Засгийн газрын оролцоог илүү нэмэгдүүлж, улс орны бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөтөлбөрүүдийн чиглэл, санхүүжилтийг батлуулж байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Мөн өдөр эрүүл насжилтын асуудлаарх тусгай хуралдаан зохион байгуулагдлаа. Хурлыг ДЭМБ-ын төв штабын Насжилтын газрын дарга Др. Берд удирдан, Австрали, БНХАУ, Япон, БНСУ-ын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, өөрсдийн улс орон дахь настны эрүүл мэндийн байдал болон хэтийн төлөв, эрүүл наслах асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүний дараа Бүсийн хорооны нарийн бичгийн дарга нарын газраас Насжилт ба эрүүл мэндийн талаар Номхон далайн баруун бүсийн хэмжээнд 2014-2019 онд баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын настны эрүүл мэндийн стратегийн талаар танилцуулж, бүсийн бодлогын шинэ баримт бичгийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 2012 оны байдлаар Монгол Улсад 55-аас дээш насны ахмадууд нийт хүн амын 7.7%-ийг эзэлж байгаа болон тэдний 70.9 хувь нь зүрх судас, амьсгалын замын болон бусад архаг өвчин эмгэгтэй амьдарч байгааг тэмдэглэв. Настнуудын бие даах чадварын алдагдал Монгол Улсын хөдөө орон нутагт хот суурин газартай харьцуулбал гурав дахин өндөр байгаа нь эрүүл насжилтыг дэмжихийн тулд настанд ээлтэй орчин, хот, сум, тосгон бий болгох зэргээр нийгмийн нөхцөл байдлыг бүхэлд нь сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна гэлээ. Тийм ч учраас цаашид Засгийн газрын зүгээс ДЭМБ-тай хамтран ахмад настны эрүүл мэндийн байдлын талаар судалгаа хийж, судалгааны дүнд суурилсан урт хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах санал дэвшүүлж, ДЭМБ-ыг энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Өнөөдрийн хуралдааны төгсгөлд НДББХ-ны Урлагийн галлерейн албан ёсны нээлт боллоо. Тус галлерейд бүсийн гишүүн улсуудаас хандивласан уран зураг болон уран баримлууд байх ба манай улс Ардын зураач Ц.Минжүүрийн ач, залуу зураач Д.Ганболдын “Говийн зэрэглээ” бүтээлийг хандивласныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардуулан өгөв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …