Анх төвд хэлээр дөрвөн ботиор хэвлэгдэж, олон түмнээ ”Заяын саньег” гэж алдаршсан Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй(1645-1715)-н бүтээлийг “Гэгээн толь” хэмээх нэг боть болгон монгол хэлээр хэвлүүллээ.
“Гэгээн толь” хэмээх бурхны шашны нэвтэрхий толийн орчуулгын ажлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвдсудлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан асан Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бүтэн 8 жил буюу 2008-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү судалгааны ажлыг манай нэрт төвдч, шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар асан 2008 оны нэгдүгээр сараас эхлэн удирджээ.
Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болсон “Гэгээн толь”-ийн нээлтийн ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням нар үг хэлж, бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдол, судлаачдын олон жилийн нөр хөдөлмөрийн хүнд бэрхийг тодотгож өгөв.
Эрдэмт гэгээн Лувсанпэрэнлэй “Буддын шашны нэвтэрхий толь” бичсэн учир Бандида цол авсан бөгөөд энэ нь одоогийн ойлголтоор “академич” гэж хэлж болох ажээ.
Зая бандида Лувсанпэрэнлэй энэхүү толио 60 хасаг тэрэг ном уншсаны шим болгож, Энэтхэгээс Төвд, Төвдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашны эрдэмтдийн transmission буюу тасралгүй суралцаж ирсэн дарааллыг бүртгэн бичсэн байна.
Нэвтэрхий толь нь 1500 шахам хуудастай, 120 хуудас нэрийн хэлхээтэй, 4000 шахам үгийн тайлбартай. Бурхны шашны 2000 орчим жилийн түүх, 600 орчим хүний намтараар дамжуулан тасралтгүй иж бүрэн судалгаатай бичсэн лавламж юм.