Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж маргаашнаас эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо.
Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ.
БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно.
Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 02 дугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа монгол иргэдээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана.