Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр оны өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамтаар ажлаа хүлээлгэн өгсөн юм.
-Олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлын төвд байгаа нэг асуудал бол Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай юм. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж ирлээ. Үүнийг үнэн зөвөөр тайлбарлах хүмүүсийн нэг та болов уу?
-Монгол Улс саарал жагсаалтад хоёр дахь удаагаа 2019 оны аравдугаар сард орсон.
ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас 40 зөвлөмж, 11 шууд хэрэгжилтийн үзүүлэлтийг гаргадаг. Энэ хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж чадаагүй улс орныг нөхцөл байдлаас нь шалтгаалан жагсаалтад оруулдаг. Цаад талын фонн сааралтаж байгаа учраас саарал жагсаалт гэж нэрлэдэг.
Газар дээр нь хяналт, шалгалт хийж тайлангаа 2017 онд гаргаж ирүүлснийхээ дараа энэ үзүүлэлтийг хэрхэн ямар түвшинд хангах вэ гэдэг асуудал тавьсан байдаг. Өнгөрсөн 2017, 2018, 2019 оны хувьд Санхүүгийн зохицуулах хороо шаардлагыг биелүүлэх чиглэлээр хангалттай сайн ажилласан. Эндээс нэг зүйлийг онцолж хэлмээр байна.
Саарал жагсаалтад орсон явдал нь хэн нэгэн хүмүүсийг ажлаас нь чөлөөлөөд шийдэгдчих асуудал биш. Энэ бол олон жилийн хугацаанд ужгирсан асуудал юм.
Манайх үүнтэй холбоотой тоонд биш чанарт ажлаа хандуулаасай. Саарал жагсаалтаар улбаатай өнгөрсөн олон арван жил хийж чадаагүй, алдаа оноотой хийж байсан зүйлсээ залруулж аваасай гэж хүсэж байна. Учир нь саарал жагсаалтын тухай ойлголт нь олон нийтийн дунд, шийдвэр гаргагчдын дунд ч төдийлөн сайн биш, тааруу байгааг хэлэх ёстой.
Санхүүгийн зохицуулах хороонд cааpал жагсаалттай холбоотойгоор урьд нь Монгол Улсад хаана ч зохицуулалтгүй байсан салбарын зохицуулалтыг шинээр хариуцуулах болсон.
Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес, алт үнэт металл, үнэт чулууны бизнесийг хянадаг зохицуулдаг байгууллага байх хэрэгтэй. Учир нь энэ нь мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой байна.Үүнийг зохицуулдаг байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо гэж өнгөрсөн аравдугаар сард хуулинд өөрчлөлт оруулж даалгасан. Энэ бол ФАТФ-аас зохицуулалт шаардлагатай гэж өгсөн зөвлөмжийн нэг байсан.
Үүнээс гадна ФАТФ манайхыг хяналт шалгалтын тогтолцоогоо илүү боловсронгуй болгох, санхүүгийн байгууллагууд нь энэ талаар ойлголттой болох, хянаж шалгаж байгаа хүмүүс ч үйл ажиллагаагаа чамбайруулах, олон нийт ч энэ талын мэдлэг мэдээлэлтэй болох тухай асуудал байгаа.
-Саарал жагсаалтад орсон манай улсын хувьд нөхцөл байдал одоо ямар байгааг та шинжилж байна уу?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллээр бол өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын ажлын хэсэг тайлангаа очиж хамгаалсан. Түүн дээр хэрэгжүүлэх ёстой алхмуудынхаа 50 хувийг хэрэгжүүлчихлээ.
Үлдсэн 50 хувийн тухай асуудал байна гэсэн мэдээлэл сонссон. Үүнийг өнгөц хэлбэрээр харах биш, олон жилийн ужгирсан асуудал байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Ялангуяа хууль хяналтын системийг илүү боловсронгуй болгох, зарласан хэргүүдээ мөрдөж шалгадаг, шүүн тогтоодог ажиллагаанд ахиц дэвшил гаргах ёстой.
Мөнгө угаах, санхүүтэй холбоотой олон хэрэг зарлаад байдаг боловч шүүхээр шийдэгдвэл нэг ч хэрэг байхгүй байсныг ФАТФ ихээхэн онцолж байсан. Энэ бол бас нэг том шалтгаан. Хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгон, нэгэнт гаргасан хуулиа дагаж мөрдөж ажиллах гээд хэн нэгэн хүн албан тушаалтнаас хамаарахгүйгээр хийх ажлууд байгаа юм.
Ер нь саарал жагсаалтын асуудал зөвхөн Монгол Улсын банк санхүүгийн салбартай холбоотой биш, Монгол Улсыг бүхэлд нь хамарсан макро түвшний асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Санхүүгийн зах зээлийн өнгө, төрх хөгжлийг хэрхэн харж байна вэ. Улс орны эдийн засгийн гол салбар гэдэг утгаараа маш их шүүмжлэлтэй салбар шүү дээ?
-Намайг 2016 онд ажлаа авахад банкнаас бусад санхүүгийн салбар нь санхүүгийн салбарын активын тав орчим хувь нь гэж үздэг байсан. 2019 оны хоёрдугаар улиралд энэ салбарын ДНБ-д эзэлж байгаа хувийн жин 16 хувьд хүрсэн.
Ямар томоохон ахиц дэвшил гарсныг үүнээс харж болох байх. Өнгөрсөн 30 жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй, олон нийтийн анхаарлын төвөөс гадна байсан. Тэгэхээр энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олон нийтэд таниулах стратеги хэрэгжүүлэх ёстой юм байна гэж ажилласан.
Үүний үр дүнд 30 жил гараагүй гэрэл гэгээ санхүүгийн зах зээлд гарсан. 2016 оны хоёрдугаар улирлын тоон мэдээг 2019 оныхтой харьцуулахад банкнаас бусад санхүүгийн салбар 200 хувь өссөн байдаг. Гурван жилд 200 хувь өссөн нэг ч салбар Монгол Улсад байхгүй. Энэ бол маш өндөр өсөлт.
Хөрөнгийн зах зээлийг авч үзье. 2016 онд Хөрөнгийн зах зээл дээр зах зээлийн арилжааны 90 орчим хувийг зөвхөн Засгийн газрын бонд эзэлж байлаа.
2019 оны хоёрдугаар улирал гэхэд нээлттэй хувьцаат компаниудын хувьцаа нь зах зээлийн 85 хувьд нь арилждаг болж өөрчлөгдсөн. Энэ бол чанарын маш том өөрчлөлт. Дээр нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хувьцааны арилжаа 6.3 дахин өссөн. Нийтдээ 11 IPO шинээр гарлаа.
Хөрөнгийн зах зээлийг зах зээлийн үнэлгээгээр хэмждэг. Энэ үнэлгээ хөрөнгийн зах зээлийн түүхэндээ байгаагүй хэмжээгээр өсөж 2.5 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр энэ зах зээлд ямар нэгэн байдлаар гэрэл гэгээ ассан гэж би хардаг. Харин энэ гэрэл гэгээг хэрхэн яаж тогтвортой, тод асааж барьж явах нь дараагийн чухал асуудал.
-Хөрөнгийн зах зээлээс гадна зохицуулдаг өөр олон салбар бий. Банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбар гээд л…
-Энэ зах зээлийн хувьд бас л ялгаагүй, намайг ажлаа авахад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 300 орчим хадгаламж зээлийн хоршоо байсан. Би тоог нь ерөөс өөрчлөөгүй. Харин тэдгээр байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн гурван жилд 2.1 дахин өссөн.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагууд улам бүр чадавхтай, бас мэргэжлийн болж, дээр нь энэ хугацаанд зээлийн хүү нэг функтээр буурсан байдаг. Энэ хэмжээгээр хүртээмж сайжирч байна гэсэн үг.
Ер нь банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд арилжааны банкуудтай өрсөлдөхүйц, технологи дээр суурилсан шинэ, шинэ бүтээгдэхүүнийг тэр үеэс гаргаж эхэлсэн. Энэ бол нэг төрлийн томоохон дэвшил. Хэрэв томоохон бодлогын шийдвэр гаргаагүй бол улам бүр ломбард хэлбэртэй болчих эрсдэлтэй байсан.
Даатгалын салбарын хувьд ч үүнийгээ дагаад ахиц дэвшил гарсан. Даатгалын салбарын хэд, хэдэн компани нээлттэй хувьцаат компани болсон. Шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гарсан.
Товчхондоо хэлэхэд өнгөрсөн 30 орчим жил байгаагүй гэрэл гэгээ банкнаас бусад санхүүгийн салбарт гарсан гэж хэлнэ.
-Ер нь өнөөгийн манай санхүүгийн зах зээлийн орчин нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?
-Товч хэлье. Тооцоотой, судалгаатай шийдвэр маш чухал. Сайн судалж гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Аливаа нэг бизнес, нэг бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бус, харин зах зээлдээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, шийдвэр гаргах ёстой. Ингэж чадвал зах зээл хөгжинө. Эс бөгөөс өнгөрсөн 30 жил ямар байсан тийм л байдлаараа үлдэх эрсдэл байгаа.
-ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлсний нэг болох хууль бус мөнгө эргэлдэж байж болзошгүй гэх үнэт металлын салбарын зохицуулалт гэж та дээр дурдлаа. Анхааралдаа авч эхэлсэн энэ салбар ер нь манайд ямар түвшинд байх юм?
-Дэлхийн олон оронд Монгол Улсын санхүүгийн зохицуулах хороо шиг байгууллага үнэт металл, үнэт чулууны бизнес, үл хөдлөх хөрөнгө зуучлалыг хариуцдаггүй. Гэтэл манайд үүнийг зохицуулж хянах шаардлагатай юм байна. Дөхүү байгууллага нь хэн байна гэхээр Санхүүгийн зохицуулах хороо болж таарсан. Үүнийг хуулиндаа тусгаж өгсөн.
Санхүүгийн зохицуулах хороо улсын бүртгэлийн газар, статистикийн байгууллагуудтай хамтраад ямар ямар аж ахуйн нэгжүүд байгааг тогтоож, хяналт шалгалт хийх, дүрэм журмыг боловсруулах чиглэлийн үүрэг өгсөн.
Миний ойлгож байгаагаар асуудлаа судалж, шинжлэх түвшинд явж байгаа болов уу. Хуулийн өөрчлөлт 2019 оны аравдугаар сарын дундуур гарсан шүү дээ.
-Санхүүгийн зах зээлийн нэг том салбар болох хөрөнгийн зах зээлийн хөгжил их удаан байна гэж шүүмжилдэг. Тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ноцтой зөрчигддөг гэх. Гол бай нь Санхүүгийн зохицуулах хороо болох нь бий. Үнэхээр зохицуулахад хүнд салбар уу?
-Санхүүгийн зохицуулах хороо 20 орчим хуулиар санхүүгийн зах зээлийг зохицуулдаг. Зохицуулдаг 3,000 гаруй байгууллага байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах нь Хорооны ажлын маш чухал хэсэг.
1990-ээд оны дунд үед бий болсон төрийн өмчийг хувьд шилжүүлэх ажлын хүрээнд улсын 475 улсын үйлдвэрийн газрыг хувьд шилжүүлсний үр дүнд олон хувьцаат компаниуд бий болсон. Түүний нэг нь “Улсын их дэлгүүр” хувьцаат компани. Энэ компанийн хувьцааны 20 гаруй хувийг 45,000 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг.
Дөчин тав орчим мянган хувьцаа эзэмшигч нэг компанийн хувьцааны 20 гаруйхан хувийг эзэмшинэ гэдэг нь өөрөө асуудал. Энэ бол хувьчлалтай холбоотой бий болсон нэгэн төрлийн гажуудал, бас хүндрэл. Дээр нь энэ компанийн асуудалд олон жилийн турш хяналт шалгалт султай явж ирсэн.
Өмнө нь 2015 оны наймдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг төлөөлж шүүхэд хандсан байдаг.
Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандсан ч нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр буцаад анхан шатны шүүх рүү очсон байдаг.
Энэ үед би Санхүүгийн зохицуулах хорооны даргаар дөнгөж томилогдоод байсан. Ажлын хэсгийн хүмүүс манайх ялах магадлал муу байна гэж танилцуулж байсан. Тиймээс бидний зүгээс энэ асуудал дээр нэлээд хугацаа зарцуулж ажилласан юм.
Улсын их дэлгүүрийн үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр ажилласан ч амлалтандаа хүрч ажиллаж чадаагүй. Иймээс дахин өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж ажиллуулсны эцэст шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ үнийн дүнтэй, түрээслэгчтэй холбоотой, ханшийн зөрүүтэй холбоотой нийтдээ тав орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэдгийг шүүхэд хандан тавьсан.
Гэтэл энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга буруутай, том хувьцаа эзэмшигч нартай хуйвалдсан гэх мэт буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Бүр АТГ-т хүртэл миний эсрэг зарим нэг хүн гомдол гаргасан байдаг.
АТГ-аас тус асуудлыг шалгаад намайг холбоогүй болохыг тогтоосон. Би бол төрийн шийдвэр ултай үндэслэлтэй, шүүхийн байгууллагад хандахдаа ч итгэл үнэмшилтэй, хувьцаа эзэмшигчдийг хамгаалах чиглэлээр бүхий л арга ажиллагааг хийсэн байх хэрэгтэй гэдэг зарчмыг үндэс болгон ажилласан.
-Одоогоос хоёр сарын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан та хоёрыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үндэслэл нь Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотой гэж байсан. Харин та чуулган шийдвэр гаргахаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн. Ид ажлын дундуур яагаад ийм санал гаргахад хүрэв?
-Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудал сүүлийн хэдэн сарын асуудал биш. Томилогдсон цагаас эхлээд яригдаж байсан. Мэдээж төрийн албыг авсан хүн өгч сурах ёстой гэж би боддог. Гэхдээ “Чи энэ ажлыг хий” гэж даалгасан бол төр тэр хүндээ боломж олгох ёстой.
Төрийн албан хаагчаа хамгаалдаг байх ёстой. Түүнээс биш элдэв байдлаар гутаах, хов живийн чанартай зүйл ярих байдлаар төрийн албыг эрхэлж болохгүй. Миний хувьд хариуцсан салбарынхаа нөхцөл байдлыг дээр хэллээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажиллахдаа хариуцсан салбараа хоёр дахин өсгөсөн. Ийм өсөлт өөр хаана ч, ямар ч салбарт гараагүй. Нэгэнт намайг хуулийн дагуу санал болгож ажилд томилдог УИХ-ын дарга энэ ажлаа өг гэж хэлж байгаа бол тэнд ажиллаад байх утгагүй.
-Гэхдээ тэр шийдвэрт олон хүн эргэлзсэн. Чадварлаг боловсон хүчнүүдийн ажлын үр дүнг үзэхгүйгээр шийдэж байгаа нь улс төрийн нөлөөтэй гэж хэлэх хүмүүс байсан?
-Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлага аль, аль нь УИХ-аас томилогддог. УИХ-ын дарга ажлаа өг гэж хэлж байгаа бол ажиллах боломжгүй гэсэн үг.
-Таныг МАН-ын дарга М.Энхболдын фракцын хүн. Энэ хүнийг дарахын тулд чадварлаг хүмүүсээр туг тахилаа гэсэн яриа гарсан. Яагаад ч юм мэдлэг чадвартай хүмүүс улс төрийн тоглоомын хохирогч болчихсон юм шиг харагддаг?
-Би цаана нь чухам ямар асуудал өрнөж байсныг хэлж мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл гарч л байсан. Хувь хүнийхээ хувьд манайд өнгөрсөн 30 жилд эдийн засгийн шилжилт явагдсан ч улс төрийн орчинд ямар нэг дорвитой өөрчлөлт, шинэчлэлт гарсангүй гэж боддог.
1990-ээд оны эхэн үед улс төрийн намын эхний том давалгаа нь төрийн өмч хувьчлалаар эхэлсэн бол өмч хувьчлал дууссаны дараагийн жилүүдэд төрийн худалдан авах үйл ажиллагаанд мэргэшиж, тэр чиглэлээр шимэгчилж амьдарч эхэлсэн. Дараагийн том давалгаа нь 2000 оны эхний жилүүдэд уул уурхайн салбараар өргөжин хөрөнгөжсөн.
Улс төрийн намаар дамжин төрийн эрхийг барьж, төрийг засагладаг. Тиймээс улс төрийн орчин эрүүлжих, улс төрийн намын шинэчлэлгүйгээр эдийн засаг болон нийгмийн бусад хүрээний шинэчлэлийг үр дүнтэй сайн хийх боломжгүйг бидний өнгөрсөн 30 жилийн түүх бэлхнээ нотолж байна. Эдийн засаг улстөржсөн үед том бизнес аль нэг тодорхой намд уягдалгүй бүх нөлөө бүхий намуудтай ижил найрсаг харьцаатай байхыг илүүд үзнэ.
Иймээс Засгийн газар ойр ойрхон солигдох, халаа сэлгээ хийх нь утгагүй зүйл биш, харин ч зарим бизнесмэнүүд, улстөрчдөд хэрэгтэй хувилбар гэж ойлгогдож байна.
Гагцхүү олон нийтэд маш ашиггүй, нийгэмд хор хохиролтой гэдэг нь тодорхой. Ингэж нийгэмд шударга бус байдал, авлига даамжрахын хэрээр гомдол мэдүүлэхийн үнэгүйдэл бий болж, үр дүн тэгтэй тэнцүү болохоор нийгэм залхаж, шударга бус байдал, авлигатай тэмцэх сонирхолгүй болдог. Ингэснээр хэргүүд шийдэгдэхгүй, орхигдсон төдийгүй иргэд нийгэм, төрд итгэлээ алдаж эхэлсэн.Маш олон хэргийн шүүхээр шийдвэрлэх явц хэт сунжирч, хэргийн уялдаа холбоо алдагдаж, мартагдаж эхэлдэг. Эхний сэдэв рүүгээ ороход манай улс саарал жагсаалтад орох болсон шалтгааны нэг нь энэ гэдгийг хэлмээр байна.
Үүнийг өөрчлөх, нийгэмд шинэчлэлийг авчрах үе удахгүй ирэх гэж байна. Тэр бол сонгууль. Тиймээс иргэн хүний хувьд юу бодож байна вэ гэхээр иргэд маань оролцоотой байгаасай. Өөрсдөө бодолдоо богшоож, тархиндаа ширгээсэн шийдвэрийг гаргаасай.
Сонгуулийн үйл явц бүхэлдээ шударга байгаасай. Ингэж чадах юм бол бид нар 30 жилийн хугацаанд олигтой өөрчлөлт гараагүй, салхивчаа нээж агаар оруулаагүй зүйлийг өөрчлөх боломж байгаа гэж итгэдэг. Ийм боломж байх ёстой, цаг нь ирсэн гэж бодож байна.
-Та эдийн засагч хүн. Өмнөд хөршид дэлгэрсэн халдварт өвчлөлөөс үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Ялангуяа манай улсын хувьд?
-Манай эдийн засаг улирлын шинж чанартай. Хоёрт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өөрчлөгдөх нь манай эдийн засгийг маш их савлуулдаг. Дээр нь одоо бий болж байгаа халдварт өвчний тахлын голомт өмнөд хөрштэй, өөрөөр хэлбэл манай улсын худалдаа эдийн засгийн том түнш улстай холбоотой байгаа.
Энэ үйл явц хэр зэрэг удаан үргэлжлэх, хор хохирол ямар хэмжээнд хүрэхийг одоо таамаглаж хэлэхэд хэцүү. Гэхдээ бидэнд тулгараад байгаа бодит эрсдэлээ үнэлээд, цаг алдалгүй шуурхай хариу үйлдэл үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
Тоон мэдээнээс экспортын орлогын биелэлт л гэхэд энэ нөхцөл байдлаас эргэлзээтэй болж байна. Нүүрсний экспорт зарим газарт зогсчихлоо. Энэ бүгдээс эхний хагас жил хүнд болох шинжтэй, дээр нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн том цикл энэ жил тохиож байна.
Засгийн газар үүсэн бий болоод байгаа онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөө боловсруулж байгаа гэж бодож байна. Урьд хожид байгаагүй зардлаа танах стратеги хэрэгжүүлэх шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй байна.
Б.ЭНХЗАЯА