Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын газрын сэтгэлзүйч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхсансармаатай ярилцлаа. Бид нэг цэгийн үйлчилгээний талаар болон гэр бүлийн ба бэлгийн хүчирхийлэлд өртөөд буй хүмүүстэй хэрхэн ажилладаг, гэр бүлийн харилцаанд юуг анхаарвал зохилтой талаарх сэдвийг хөндсөн юм.
-Юуны түрүүнд манай уншигчдад ШШҮХ-ийн нэг цэгийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөөч?
-2009 оноос эхлэн ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрыг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ, ГССҮТ, Сүхбаатар дүүргийн эмнэлгийг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ иргэдэд хүрч эхэлсэн. Манай байгууллага нэг цэгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн анхдагч байгууллагуудын нэг юм. Бид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан түргэн шуурхай үйлчлэхийг зорьдог. Нэг ёсондоо хүчирхийлэлд өртсөн хүнийг тосож авч, тэдэнд бүхий л төрлийн тусламж үзүүлж, халуун цэгт нь ажилладаг гэж хэлж болно.
Хамгийн эхэнд шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч нар тухайн хүний гэмтлийн зэргийг тогтооно. Мөн бэлгийн маргаантай асуудал дээр үзлэг шинжилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд хуулийн зөвлөгөө ч өгдөг. Миний бие манай байгууллагад хандсан хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагуудтай холбон зуучилдаг. 2009 оноос хойш нэг цэгийн үйлчилгээ эхэлснээс хойш 5 мянган гаруй иргэнд үйлчилсэн гэх тооцоо судалгаа бий.
Хүчирхийлэлд өртсөн хүнийг тосож авч, тэдэнд бүхий л төрлийн тусламж үзүүлж, халуун цэгт нь ажилладаг гэж хэлж болно. Хамгийн эхэнд шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нар тухайн хүний гэмтлийн зэргийг тогтооно.
-Танай байгууллагад хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр байрлуулах байртай юу?
-Тийм ээ. Манайх дөрвөн хүний ортой түр байрлуулах байртай. Энэ байранд иргэдийг түр байрлуулж, шүүх шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг.
-Та сэтгэлзүйч мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ес дэх жилдээ сэтгэлзүйчээр ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч иргэдэд зөвлөгөө өгч, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг. Ихэнхдээ сэтгэлзүйн хүнд дарамт, цочролд орсон иргэдтэй харьцдаг. Мөн байгууллагынхаа албан хаагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Ажлын ачаалал ихтэйн зэрэгцээ хэрэг учралын хүнд нөхцөлд ажилладаг шинжээч, шинжээч эмч нарын сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх, стрессээс гарах арга зам, сэтгэл ханамжийн судалгаа болон сургалтуудыг тогтмол явуулж байх шаардлагатай байдаг.
-Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө хамгийн их хэрэгтэй үнэлж баршгүй тус гэж ойлгож байна. Та сэтгэл зүйн хүнд гэмтэлтэй хүмүүст зөвлөгөө өгөхдөө юунд түлхүү анхаарч ажилладаг вэ?
-Мэдээж маш тайван амгалан, асуудалгүй хүмүүс ирэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ихэнх нь сэтгэлзүйн стресс, түгшүүр, айдастай байдаг. Тэдгээр хүмүүстэй ажиллахад сэтгэлзүйч хүний ур чадвар, туршлага, хүлээцтэй, хүнлэг, энэрэнгүй байдлыг шаарддаг. Эхлээд үйлчлүүлэгчээ тайвшруулж байж дараа нь сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэлнэ. Энэ арга зүй нь бусад сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газруудаас онцлогтой.
-Манай улсад сэтгэл судлалын салбар хараахан хөгжөөгүй байгаа гэж дүгнэх хүмүүс байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголд 1990 оны сүүлээр мэргэжлийн сэтгэлзүйчийг бэлдэж эхэлсэн. Намайг анх ажилд ороход сэтгэлзүйн зөвлөгөө өгнө гэхэд хүмүүс гайхдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд хүмүүсийн ойлголт мэдлэг дээшилсэн. Тиймээс энэ салбарт шинэ боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргаж, хүмүүс ч сэтгэл судлаачид хандах нь нэмэгдсэн.
-Та үйлчлүүлэгчдэдээ ямар зөвлөгөө хамгийн түгээмэл өгдөг вэ?
-Гэр бүлийн асуудлаар надад ханддаг хүмүүст би хамгийн түрүүнд гэр бүлийн орчиндоо амьд харилцаа бий болгохыг зөвлөдөг. Учир нь орчин цагт нэн ялангуяа залуу хосууд хоорондоо ярилцах зав гаргахгүйгээр цахим ертөнцөөр аялж байна. Айл гэрийн амьдралд амьд харилцаа багассаны улмаас стресс үүсэж байна. Ийм байдал гаргахгүйн тулд эхнээсээ сайн ярилцаж, нэг нэгнийгээ ойлгох орон зайг үүсгэх нь чухал юм.
-Та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй ажилладаг. Тэд ямар түгээмэл шалтгаануудыг хэлдэг бол. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан юу вэ?
-Монголчууд бүрэг ичимхий, нэр хүндээ өндөрт тавьдаг хүмүүс байдаг. Манайд хандаж буй хүчирхийлэлд өртсөн 25-40 насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь “Манай нөхөр архи уудаг” гэх шалтгааныг хэлдэг. Үүнээс улбаалаад үл ойлголцол үүсдэг. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэж байгааг олон судалгаанаас харж болно. Бүтэн амьдрал байхгүй болоод байна. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлдөг. Гэр бүлд эерэг уур амьсгал дутах ёсгүй.
-Та жилд хэдэн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөөний ач холбогдлыг мэддэг болж байна. Тэр ч утгаараа манайхаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Би 2018 онд 185, 2019 онд 200 иргэнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ оны байдлаар нийт 80 гаруй хүнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд байна. Хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөөний үнэ цэнийг мэддэг болсноор мэргэжлийн хүнд хандах нь зөв гэдгийг ойлгож байна.
-Та маш олон хүнтэй харилцаж, зөвлөгөө өгдөг юм байна. Сэтгэлзүйн үйлчилгээ авсан хүмүүс эргээд хэвийн байдалдаа орсныхоо дараа тантай эргээд холбогддог уу?
-Тийм ээ. Над руу эргэж холбогдож талархлаа илэрхийлсэн олон хүн бий. Нэгэн жишээ дурдъя. 9,13 насны хоёр охинтой ганц бие ээж хамтран амьдрагчтай болсон байдаг. Гэтэл тэр хамтран амьдрагч нь гурван жилийн турш хоёр охинд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Том охин нь 16 настай болоод жирэмсэн болсон. Тухайн үед тэр охин үерхдэг залуутай байсан юм билээ. Ингээд хэний хүүхэд болохыг тогтооход хойд эцгийнх нь болж таарсан.
Гурван жилийн хугацаанд хоёр охиныг нь хүчиндээд явж байхад тэр ээж огт мэдээгүй байсан. Энэ бол маш хүнд асуудал. Хоёр охиндоо ямар зүйл тохиолдоод байгааг огт мэдээгүй ээжийн сэтгэлзүй, охидын сэтгэлзүй аль аль нь маш хүнд гэмтэлтэй байсан. Би тэдэнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн. Ингээд би цаашид нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж үзээд цааш нь холбож өгсөн. Нэг жилийн дараа тухайн ээж надтай эргэж холбогдож талархлаа илэрхийлсэн юм. Хүнд цаг үед таны зөвлөгөө маш их тус болсон шүү хэмээн баярлалаа гэж байсан. Энэ мэтчилэн олон хүн эргэж холбогдож баяр, талархлын үгээ хэлдэг. Хүүхдүүд онц дүн аваад баярладаг шиг бид үйлчлүүлэгчдийнхээ амьдралд гарсан бодит сайн өөрчлөлтийг сонсоод урамшдаг.
-Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр өрнөдөг. Тийм болохоор хэрэг ил гарах хүртлээ уддаг байх?
-Ах, дүү, хамаатан, садангийн зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэл маш их байдаг. Монголчууд нэр хүндийн асуудалд их эмзэг ханддаг. Тиймээс хүний хэл амнаас зайлсхийж бэлгийн хүчирхийллийг мэдээлэхгүй өнгөрөөх тохиолдлууд олон гардаг. Гэтэл ард нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд л хохирогч болж үлддэг. Энэ хар бараан дурсамж нь хүүхдийн сэтгэлд насан туршид нь хадгалагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn