Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу?
– УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу тодорхой зохицуулалт хийж ажиллалаа. Харилцаа холбооны зохицуулах хороо 2019 оны аравдугаар сард “Фэйсбүүк” компанитай албан ёсоор харилцах “Ногоон суваг” буюу (Government-Case-Work-Channel)-ыг нээсэн. Тус компанийн төлөөлөгчид, сонгуулийн хугацаанд Монголд ирж, хамтран ажиллахаар төлөвлөж байсан ч коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорионы дэглэмийн нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдсан. Иймд бид цахимаар хамтран ажиллалаа. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу ХХЗХ нь эрх бүхий байгууллагын ирүүлсэн санал, дүгнэлтэд үндэслэн технологийн арга хэмжээ авч ажилласан. Энэхүү журамд заасны дагуу цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг холбогдох эрх бүхий байгууллага хүлээн авч хууль зөрчсөн талаарх санал, дүгнэлтийг ТЕГ, ЦЕГ, ШӨХТГ, МХЕГ-аас манайд ирүүлсэн. Эдгээр дүгнэлтэд үндэслэн, бид тухайн хууль зөрчсөн хаягыг хязгаарлах, хууль зөрчсөн контентыг устгах хүсэлтийг “Фэйсбүүк” компани руу хүргүүлдэг. Фэйсбүүк компани нь уг хүсэлтийг хүлээн авч өөрийн хэрэглэгчийн эрх зүйн хэм хэмжээ болон манай УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж, хэрэв зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тус компанийн зүгээс технологийн арга хэмжээ авсан. Фэйсбүүкийг хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ болон манай УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд тус компанийн зүгээс технологийн арга хэмжээ авсан. ХХЗХ-оос таван ажлын хэсэг байгуулж, сонгуулийн хугацаанд ачаалалтай ажиллалаа. COVID-19 бүртгэгдсэн холбоотой “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчид гэрээсээ цахимаар ажиллаж байгаагаас шалтгаалж зарим технологийн арга хэмжээ авах, зохицуулалт хийх ажил бага зэрэг удаашралтай байсан.
-Цахим орчинд хууль бус сурталчилгаа явуулсан хэчнээн хаяг байсан юм бол?
-УИХ-ын сонгуулийн хугацаанд ХХЗХ-нд эрх бүхий байгууллага /ЦЕГ, ШӨХТГ, ТЕГ,МХЕГ/-аас 322 санал, дүгнэлт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг бид “Фэйсбүүк” компанид хүргүүлсэн бөгөөд эдгээр 322 хүсэлтийн 284-ийг Фэйсбүүк компаниас шалгаж холбогдох хариуг ирүүлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн нийт хаяг, хууль бус контентын 63 хувийг нь шийдвэрлэсэн. Харин үлдсэн 38 санал, дүгнэлт нь Фэйсбүүк компанийн зүгээс ямар нэгэн хариу ирээгүй байна. Бид Фэйсбүүк компанитай олон улсын жишиг стандартын дагуу үр дүнтэй амжилттай хамтран ажилласан гэж үзэж байна.
-38 санал, дүгнэлтийн хүрээнд ямар нэг арга хэмжээ аваагүй шалтгаан нь юу вэ?
-Нэгдүгээрт, Фэйсбүүк компанийн ажилчид COVID-19-тэй холбоотойгоор гэрээг ажиллаж байгаа байдал, хоёрдугаарт, фэйсбүүкийг хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэж буй бол тухайн хаягийн хандах эрхийг хязгаарлах, контентыг устгах арга хэмжээ авдаггүй юм билээ.
-Голчлон ямар зөрчилтэй холбоотой санал, дүгнэлтийг ирүүлсэн юм бол?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг буюу нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэхийг хориглох, 47 дугаар зүйлийн 47.4 буюу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглох гэснийг зөрчсөнтэй холбоотой санал, дүгнэлтийг ЦЕГ, ТЕГ-аас, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дахь хэсэг буюу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно” гэснийг зөрчсөнтэй холбоотой санал, дүгнэлтийг ШӨХТГ-аас тус тус манайд ирүүлсэн юм. Тэгэхээр голчлон дээрх төрлийн зөрчил байсан гэсэн үг.
-Нэр дэвшигчдийн бүртгүүлсэн хаягаас ямар нэг зөрчил илэрсэн үү?
-Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгүүлсэн албан ёсны хаягаас ямар нэг зөрчил бүртгэгдээгүй. Нэр дэвшигчид Фэйсбүүкийн 487 цахим хуудас болон 456 хаяг, 187 цахим хуудас, 182 твиттер хаягаар сурталчилгаа явуулахаар, 2020 оны 6 дугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлснийг ХХЗХ бүртгэж хяналт тавьж ажилласан. Зургаадугаар сарын 22-ны 23.59 цаг гэхэд бүртгүүлсэн бүх хаяг сурталчилгаагаа зогсоосон.
-Энэ удаагийн сонгуулийн хугацаанд цахим орчин харьцангуй “цэвэр” байсан гэж иргэд ярьсан. Цаашид хууль эрх зүйн орчин, эсвэл зохион байгуулалтын хувьд сайжруулах шаардлагатай зүйл байна уу?
-Монгол Улсын Их хурлын сонгуулийн хугацаанд цахим орчин дахь хууль бус сурталчилгааг хянах хууль, эрх зүйн орчин сайн бүрдсэн. Мэдээж сайжруулах шаардлагатай зүйл бий. Твиттер, фэйсбүүк, инстаграмм, ютүүб гэх зэрэг олон улсын платформтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах шаардлагатай. Ингэж байж илүү үр дүн гарна. Сүүлийн гурван жил “Фэйсбүүк” компанитай хамтран ажилласны үр дүнд энэ удаагийн сонгуулийн үеэр зохицуулалт сайтай ажиллалаа. Бусад платформын тухайд хамтран ажиллах бичиг хүргүүлсэн байгаа бөгөөд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мэдээ мэдээллийн болон бусад холбогдох веб сайтын үйлчилгээ эрхлэгчид хуулиа сайтар мөрдөж ажилласныг онцлох нь зүйтэй байх. Сонгуулийн хугацаанд сурталчилгаа явуулахаар 293 мэдээ, мэдээллийн вэб сайт тус хороонд бүртгүүлсэн.
-Сонгуулийн үеэр цахим орчинд “хөлсний бичээч” нар ажиллалаа гэж иргэд ярьж байна. Үүнд танайх хяналт тавьдаг болов уу?
-Иргэдийг зохион байгуулалтад оруулж, нэг дор төвлөрүүлэн ажилладаг, хүмүүсийн хэлж заншсанаар “хөлсний бичээч” хийдэг үйлдлийг ХХЗХ хянах эрх, үүрэг байхгүй. Үүнийг ЦЕГ, ТЕГ зэрэг холбогдох байгууллага хариуцан ажилладаг. ХХЗХ дээрх байгууллагын ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авч ажилладаг байгаа
-Орон нутгийн ИТХ-ын сонгууль удахгүй болно. Энэ үеэр танайх хэрхэн ажиллах вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд баталсан. УИХ-ын сонгуулийн үед манайх ямар байдлаар ажилласан, түүнтэй яг адил хуулийн зохицуулалттай. Удахгүй холбогдох байгууллагуудтай хамтарч бэлтгэл ажлаа хангана. Өнгөрсөн сонгуулийн хугацаанд 606 хүний цахим хаягийг хянаж ажилласан бол одоо ачаалал улам нэмэгдэх байх. Судалгаагаар 6000 орчим хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшдэг юм билээ. 6000 нэр дэвшигчийн цахим хаягийг бүртгэж хяналт тавихад илүү ачаалалтай байх болов уу. Цахим хэлбэрээр хаягийг нь бүртгээд, холбогдох хяналтаа тавья гэсэн саналтай байгаа. Гэхдээ СЕХ үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчид сурталчилгаа явуулах цахим хаягаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо бүртгүүлнэ. Тэдгээр хорооноос манайд мэдээллээ ирүүлэх юм.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд баталсан. УИХ-ын сонгуулийн үед манайх ямар байдлаар ажилласан, түүнтэй яг адил хуулийн зохицуулалттай. Удахгүй холбогдох байгууллагуудтай хамтарч бэлтгэл ажлаа хангана. Өнгөрсөн сонгуулийн хугацаанд 606 хүний цахим хаягийг хянаж ажилласан бол одоо ачаалал улам нэмэгдэх байх. Судалгаагаар 6000 орчим хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшдэг юм билээ. 6000 нэр дэвшигчийн цахим хаягийг бүртгэж хяналт тавихад илүү ачаалалтай байх болов уу. Цахим хэлбэрээр хаягийг нь бүртгээд, холбогдох хяналтаа тавья гэсэн саналтай байгаа. Гэхдээ СЕХ үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчид сурталчилгаа явуулах цахим хаягаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо бүртгүүлнэ. Тэдгээр хорооноос манайд мэдээллээ ирүүлэх юм.
Эх сурвалж: Өнөөдөр сонины сэтгүүлч Б.Уянга