Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс 10 сарын 25-ны өдөр нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 05/1414 тоот албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КИГ ХХКомпани нь Түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна.
Хүсэлтийн дагуу холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус “ТҮЦ”-тэй газар дээр нь танилцсан. Уг төслийн ТҮЦ нь Мэргэжлийн хяналтын газраас стандартын шаардлага хангахгүй дүгнэлт гарч, байршуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Гэвч тус компани нь Засаг даргын нэрийг барьж олон газартай хууль бус гэрээ байгуулан төлбөр авч иргэдийг хохироосон байна. Иймд КИГ ХХКомпанид хариуцлага тооцон хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авч мэдэгдэнэ үү” гэжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс “КИГ” ХХК-тай холбогдох хэргийн талаар хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгөх”-ийг хүсч, 7/3703 тоот албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлээд байна.
Уг компани нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан “Явуулын ТҮЦ-ийг Нийслэлийн Засаг дарга дэмжиж байгаагаас гадна газрын асуудлыг давхар шийдвэрлэнэ” гэх зэргээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа юм. Тиймээс иргэдийг дахин хохироож, төөрөгдөлд оруулахгүйн тулд тус компанитай холбоотой асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.