Оросын нэрт зураач Репиний “Ижил мөрний барлагууд” (Бурлаки на Волге) хэмээх алдарт зургийг зориг гарган эшлэж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Өнөөгийн монголчуудын олонхи нь зурагт гардаг шиг барлагууд болчих вий гэсэн миний эмзэглэл явж байгаа юм шүү. Хүлцэн хүлээн аваарай!
2020 оны УИХ-ын сонгуулийн чимээ, хэл ам намжаагүй байна. Сонгогчдын байдал төрх, хүсэл, нэр дэвшигчдэд тавьж буй шаардлага нэг л зүйлийг хэлээд өгсөн шиг надад санагдсан. Монголчуудын олонхи нь маш арчаагүй, унхиагүй, ядуу, ядуувтар, гаслан зовлонтой амьдарч байгаа юм байна–ганц л дүгнэлт. Мөнгө гэхлээр бусдаас маш их хамааралтай юм байна, ялангуяа УИХ-ын гишүүдээс. УИХ-ын гишүүнийг лусын хаан, лусын дагина лугаа боддог, тэднээс ямар нэг юм салгаж, авч, хэрэглэж байхыг хүсдэг нь дахин харагдсан нь худал биш. УИХ-ыг төрийн бодлого боловсруулах, бодлого тодорхойлох газар гэж ойлгохоосоо өөрсдийнх нь ядуу амьдралыг өөд татах ёстой буяны, тэтгэвэрийн, тэжээврийн байгууллага гэж ойлгодог юм байна.
Монгол хүмүүсийн царай ихэнхдээ баргар, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байх шиг. Ертөнцөд өөрөө бурхан болж ирчихээд өдөр хоногийг аргацааж, ердөө өлсөхгүй, цангахгүй гэж өнгөрөөх юм бол ертөнцөд хүн болж төрсний гавьяа гэж байна уу? Өөрийнхөө ба үр хүүхдүүдийнхээ хувь заяаг авч явж чадахгүй бол хэн Таныг орлох вэ гэдэг асуултыг алхам тутамдаа тавимаар санагдах үе надад байнга тохиодог.
Нийслэлийн унаган иргэний хувьд нийслэл хотоосоо жишээлээд гутрах, гайхах, цөхрөх явдал надад лав бишгүй буй. Хотын төвийн олон сайхан шилэн цамхган барилга, хоёр голын дундахи шинэ шинэ хорооллуудыг би энд жишээлэхгүй. Тэнд аз жаргал буцалж байдаг бол тамын амьдрал буцалж байдаг гэр хороолол, захууд, борчуулын дошнуудыг би гутрал цөхрөлийн нүдээр хардаг. Балар харанхуй ой хөвч шиг тэр “их хот” (Улаанбаатар дахь тусдаа хот гэж би нэрлэнэ) юуг ч ор сураггүй шингээж орхихоор бөгөөд ажил хийхгүй амь зууна, зоргоороо дэл сул амьдарна гэсэн бүгдийн хувьд хамгийн найдвартай оромж, аюул осолгүй газар болж хувирсныг би олж хараад харуусаад бичээд байна. Тэр их хотод хүн байх, хүн төрхөндөө эргэж орох нийгмийн асар том үйл явц тэмцэн ядан, бараг ялагдаж байна. Хүн төрхөнд нь эргүүлж оруулж, хэвийн амьдруулахын тулд төр-засагт хийх ажил дэндүү их байх шиг санагддаг. Тэгэхдээ мөнгөөр угжих, сул тэжээх биш!
Монголчуудын үлэмж хэсэг нь ийм дорд орсны учир шалтгааныг хайсаар, хариулт өгөх гэж зовсоор адаг сүүлд нь Репиний “Ижил мөрний барлагууд” хэмээх алдарт зургийг татаж нийтлэлдээ тавих вэ дээ? Цөхөрсөн хүний л ажил шүү дээ.
Нэг хариулт байна. Бодож бодож би оллоо. Уншигчид санал нэгдэх эсэхийг бүү мэд? Юув гэхлээр монголчууд ерөөсөө ХАЙР НАЙРГҮЙ амьдардаг, ХАЙР НАЙРГҮЙ хорвоогийн өдөр хоногийн өнгөрөөдөг юм байна. Улс төрийг нь ярилтгүй. Гучин жил хайр найргүй улс төрдлөө. Төржлөө биш шүү. Үйлдлийг нь хайр найргүй гэж хэлж байна. Одоо ч тэгж байна. Хойшдоо ч тэгнэ.
Цаашлаад? Ерөөсөө бидний хэрэглээ, идэж уух, наргих цэнгэх, амарч зугаацах, ажиллах, шагнуулах, сурах, тэмцэх, нөхөрлөх, хайрлах дурлах, цамаархах, наймаа хийх, мөчөөрхөх нь бүгд ХАЙР НАЙРГҮЙ. Одон гавьяатын төлөө хайр найргүй үхэлдэнэ, түүндээ ханахгүй. Ямар нэг юм бүтээхийн төлөө муйхар хөөцөлдлөг нь хайр найргүй. Найраа нь хайр найргүй. Монголын нийгмийн дүр төрх ерөнхийдөө ХАЙР НАЙРГҮЙ.
Жилийн дөрвөн улиралд зах дээр түг түмэн хүн лангуу сахиад зогсож байгаа нь ч хайр найргүй. Яриа хөөрөө, өгөө аваа, хувцас хунар, нүүр царай, идэш ууш нь яг хэлээд өгнө. Ерөөсөө л нэг зэрлэг бүдүүлэг, гүжирмэг, түс тас, яахаас ч буцахгүй бөөн хүн. Урлаг соёл нь ч хайр найргүй. Орчин үеийн кинонууд, хошин урлаг нь зэрлэг бүдүүлгийг жигшээх гэхээсээ сурталчилсан, бүр бахархсан шинжтэй. Зурагтын зарууд нь хайр найргүй. Этик байхгүй, “Бурзай” гээд л уянгалуулна. Нэг л юм зарах гээд байгаа бололтой. Эх орны минь худалдаа-эдийн засаг доорхи зураг шиг бүү болчихоосой гэсэндээ л хэргээр тавьж нийтлэж байна. Цөхөрсөн хүний арга шүү!
Хүүхэддээ уураа гаргаж өсгөдөг гаж үзэгдэл монголчуудад л байна. Тэгэхдээ үр хүүхэддээ хайртай! Өсгөж бойжуулж байгаа нь хайр найргүй. Хүүхэддээ тийм юм чинь өөртөө бас хайр найргүй хандана. Өөртөө хайргүй гэж өчих хүн байхгүй ч зарим үйлдэл нь өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг. Эцэг эхээс заяасан унаган биеэ хайр найргүй эдэлнэ. Хайрлах нь хайр найргүй, гэрлэх нь хайр найргүй, салах нь хайр найргүй, хайр найргүй өнчрөл–монгол гэр бүлийн өнгө төрх арай ч ийм болчихоогүй байх. Гэхдээ анхааруулж байна!
Хайр найргүй гэдэг нь өдөр тутам, хэн бүхний нүдэн дээр иддэг уудаг дээр бүр тод харагдана. Хайр найргүйн ганц жишээ татахад л эрх бүхий байгууллагаас хорьсоор байтал тарваганы мах идэж тахал тусч амиа егүүтгэнэ. “Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50% нь нас барчихаад байхад иргэд өчүүхэн ч цочирдохгүй байна” гэсэн гарчигтай албаны ноцтой анхааруулга сайтууд дээр явж байсан. Хорьсоор байтал торгуулин торгуулин тарваганы тулам мах нууж оруулах гээд нийслэлийн эргэн тойрны замын товчоонууд дээр саатуулагдана. Бүр хэргээр нийслэлд тарваган тахал дэгдээх гэж байгаа юм шиг. Тийм хорон санаа байхгүй, сайхан сэтгэлээр идэж уух гэж, бусдыг дайлах гэж, бэлэглэх гэж тэгж явааг нь ойлгож байна.
Цаддаггүй удамтай юм шиг юу ч идсэн тэвээрэхгүй, хөгширсөн хойноо хоолны хэнхэг болчихно. Монголчуудын өвчлөл, хавдарын ихэнхи нь ажлын ачааллаас бус хоол ба архины хэтрүүлсэн хэрэглээнээс болно. Цагаан сараар хоолны хордлогоор түргэний дуудлага тасрахаа байна. Хайр найргүй амарч зугаацдагийн гайгаар автын осол, хүний амь эрсдэхгүй бямба нямгүй болсон. Наадмаар дал наяараа хэний ч албадлагагүй нас барцгаана.
Ажиллах нь хайр найргүй. Ажлын хуваарь нь ч хайр найргүй. Цаг баримтлахгүй. Унтахаа мэдэхгүй, сэрэхээ мэдэхгүй. Ажлаа дайрч хийнэ, нэг ажлаар нөгөөг нураана. Гарлага зарлага нь хэтэрнэ. Арвилан хэмнэлт байхгүй. Ажил дээрээ дарамтлана, зодолдоно, алалцана, хэдэн биенээ хэмлэнэ, матна, бас наргина. Барилгын талбарт барилгачин гэж нэг үйлтэй сүрэг хүн ёстой тамтайгаар өдөр хоногийг өнгөрүүлнэ. Дарга даамал нь шар махтайгаа хатна. Ганц дайралтаар өм цөм, хальт мөлт хийнэ. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураггүй алга болчихно. Нөгөө гайт архи өөрийг нь уучихна. Нэг бол барилгачин хүн архичин байдаг, нэг бол архичин хүн барилгачин болдог. Нүдэн дээр ил харагдах хайр найргүйн жишээ бол нийслэлийн замууд, Дархан орох зам байна. Хагархай, цоорхой, ямбий замаа засч барахгүй. Зам тавих монгол хүн ч олдохоо байсан. Гэх мэт аль ч бүтээн байгуулалт нэг иймэрхүү. Хайр найргүй бүтээн босголт уу? Хариул даа?
Хайр найргүй чанараа байгальдаа их л дээрэлхүү гаргана. Нэгийг бүтээхдээ нөгөөг нь сүйтгэнэ. Хэрэглээнээсээ хэтэрсэн их хэрэглээг энэ их овоолсон, хөглөрсөн, барагдашгүй хог илтгэнэ. Хог үйлдвэрлэлээр манай улс хүн амтайгаа харьцуулбал дэлхийд толгой цохино. Бүтээж гаргаж чадаж байгаа нь хамгийн түрүүн хог л байна. Нийслэлд хөрс ус агаарын бохирдол дээд үзүүлэлтээсээ аль хэдийнэ давчихсан.
Ертөнцийн өдрүүдийг хар зөнгөөрөө, зоргоороо, хэнд ч хаана ч захирагдахгүй өнгөрүүлэх нь монголчуудын чухам эрх чөлөө нь юм байна. Ийм байдлаар явж явж насны бөгсөнд хүрээд ирдэг. Өөрийнхөө эргэн тойрныг, амьдралаа, нийгмээ байдгаар нь чамлачихсан нэг нөхөр гараад ирэх нь тэр. Нуль харуусал. Амьдрал нь дан зовлонт шөнө шиг байж гэнэ. Тэгж ч байх минь яав, ингэж ч байх минь яав? Ингээд сэтгэлээ өшөө хорслоор дүүргэчихсэн, гунихарч гутран доройтсон нэг хижээл нөхөр нэг өдөр гэвгэнэт сэрнэ. Хар энергиэр хэдэн тийш нь тургиж өгнө. Тэр нь бүтэлтэй юм болохгүй. Мөнгө цаас, амьжиргаан дээр шувтан гаслан, хоосрол, гомдол. Өвчлөнө, өвчтэй, хавдартайгаа нэг өдөр мэднэ. Эмнэлэг эмч нарыг сүнсийг нь зайлтал дарамтлан амиа нэхнэ. Хайр найргүй амьдарсных нь хохь тэр л дээ. Хайр найргүй амьдарсных “АРЧААГҮЙ!” гэсэн ганцхан тамгатай үлдэнэ.
Ийм монгол хүн дэндүү олон, гуравхан сая хүн амдаа хуваагаад үзвэл хэт олдоод байгаа учраас л юуны өмнө шийдвэр гаргагчдад, цаашилбал одоо ид залуу, хийдэг бүтээдэг насан дээрээ байгаа монголчуудад хандан ээлжит шүүмжлэлт анхааруулгаа бичиж байна. Эх орноо муулж, чамлаж байгаа юм ер биш. Нэг коментчин бичсэн байна: юм ойлгодоггүй, ядарсан зүдэрснээрээ бусдаар өрөвдүүлж аргалах дуртай, гэмт хэрэг хийгээд бусдыг хорлочихоод өөрийгөө өрөвдүүлж хүн чанар ярих дуртай гэх мэт.
Монгол ахан дүүс минь унтаж буй энэ нөхөр шиг бүү болчихоосой гэсэндээ л хэргээр нийтлэж байна. Цөхөрсөн хүний арга! Хөөрхийлмөөр ядарсан хүн дэндүү олонтой болчихжээ. Тэр нь олдсоор олдсоор, тэлсээр тэлсээр турж үхэх дээрээ тулсан түг түмэн хүн тусгаар тогтнолоо “идэх юм”-аар худалдах дээрээ бүү тулчихаасай!
Монголчуудын дийлэнх нь биш ч нэлээд нь биологийн амьтны 5 инстиктийг гүйцэлдүүлэхийн төлөө өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна гэж бичсэндээ би харамсдаггүй, айхгүй, дахиад ч биччихье. Ямар инстикт? Идэх, уух, баах, шээх, унтах. Амьтнаас ялгарах нь амьтад гадуураа арьс шир, ноос ноолууртай (хуяг нь), бид салхи, хүйтнээс хамгаалах хувцас өмсдөг. Бусдаараа яг адилхан байх юм бол арчаагүй унхиагүйгээ дуудуулахгүй гээд яах юм билээ?
Бичигдээгүй хууль. Хүн болгон өөр өөрийнхөө төлөө санаа тавьж, аз жаргалаа өөрөө олох үйлтэй, жамтай. Амьдралд эзлэж байгаа байрандаа эзэн болж тэнцэх эсэхээ хүн бүр ажил хэрэг дээрээ харуулах ёстой. Хүн ер нь хоёрын хооронд хоцорч болохгүй болчихдог тийм үе зөндөө байдаг. Тэр болгонд сөхөрдөггүй л байхгүй юү дээ!
Амьдралтай тулалдаж, нарт ертөнц дээр өөрийнхөө эзлэх байрыг олж авахын тулд тэмцэх л хэрэгтэй. Хэрэв чи өөрөө тэмцэл хийж байж тэр байраа олж авахгүй бол хэн ч (ямар ч улс төрч, ямар ч УИХ, ямар ч Засгийн газар) чамд түүнийг бэлэглэхгүй. Зориг зүрх, шургуу зүтгэл л хэрэгтэй. Эрүүл саруул байж, хэвийн зөв түвшин хүн байж, хийж бүтээдгээрээ адгуусан амьтнаас эрс ялгаран байж энд эшлэсэн “Ижил мөрний барлагууд” хэмээх зургийн баатруудаас xoл давах учиртай. Яаж? Уйгагүй хичээл зүтгэл насан туршдаа гаргах хэрэгтэй! Нийт иргэдээ шилдэг хүн болгож, улсаа шилдэгүүдээр дүүргэж, шилдэгийн шилдэгүүдээр удирдуулахаас өөр гарц байхгүй! Алиа марзан хүмүүсээр энэ улс эх орон чинь дүүрчихэж болохгүй шүү дээ!
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү