Д.Баттөр:Мөнгөнөөс сэтгэл төрдөггүй учир хамгийн гол нь өөрөө сонирхолтой, сэтгэл зүрхээ салбартаа өгсөн хүн амжилт гаргана

Хөдөлмөрийн баатар Д.Баттөр: Мөнгөнөөс сэтгэл төрдөггүй учир хамгийн гол нь өөрөө сонирхолтой, сэтгэл зүрхээ салбартаа өгсөн хүн амжилт гаргана

Юуны түрүүнд танд баяр хүргэе. Та өөрийн бизнесийн салбарынхаа тухай яриач. Өөрийн бизнесээ аль чиглэлд түлхүү хөгжүүлж байна вэ?

-Миний гол салбар бол барилгын салбар. Зах зээлд орох үед барилгын засал чимэглэл хийхээс эхлээд барилгын салбарт анх хөл тавьсан түүхтэй. Тэр үед эдийн засаг ч хүнд байлаа. Шилжилтийн үе эхэлсэн байсан. Цаг хүнд гэдгээс үл хамааран би тухайн үед жижигхэн барилгын компани байгуулж байлаа. Тухайн үед монголын зах зээл дээр барилгын нилээн том компаниуд нь Оросын буюу тухай үеийн ЗХУ-ын компаниуд байсан. Бааз суурь маш сайтай учраас монголын компаниуд эн тэнцүү өрсөлдөж, тэдний  түвшинд хүрч чадахгүй байсан учраас улам их хөдөлмөрлөх шаардлагатай болсон доо. Бид эх орныхоо барилгын салбарт хувь нэмрээ оруулж чадахгүй юм байна аа гэж бодол төрөх ч үе байсан. 1995-96 оны үед эдийн засгийн хувьд хүчирхэг, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад, барилгын санхүүжилт гаргачих газар нь “Эрдэнэт” үйлдвэр, Төмөр зам хоёр л байсан. “Хятадын эдийн засаг тэлж, зах зээл нээлттэй болсон, мөнгөн урсгал ихэссэн учраас Замын-Үүд дээр анхны жижиг буудлыг барина” гэсэн санаачилгыг Монгол-Оросын хамтарсан төмөр замаас гаргаж тендер зарлаж байв. Тендерт манай компани өдөр шөнөгүй бэлдсэн эхэлсэн. Бэлтгэл сайтай орсны хүчинд ч ялалт байгуулж чадлаа. Ингээд нэг жилийн дотор Замын-Үүдээс нилээдгүй зайтай газарт  гурван давхар зочид буудал барьсан. Тэр үед бидэнд “ Та нар дийлэх юм уу? Оросын ийм том компаниудын түвшинд хүртэл ажиллаж чадах уу” гээд анхааруулга их ирж байлаа. Нэгэнт бид монголынхоо нутаг дэвсгэрт, барилгын салбартаа хувь нэмрээ оруулахгүй юм бол бид цаашаа хөгжихгүй шүү дээ гэдэг бодол толгойд байнга бодогдож байв. Энэ ч утгаараа “ямар ч байсан бид энэ салбарт хүч үзнэ” гэж зүтгэсээр тендерт ялсан. Барилгаа 11 сарын хугацаанд ашиглалтад оруулсан. Орос-Монголын хамтарсан төмөр замын захиалгат анхны тендерийн ажлыг бид авч хугацаанаас нь нэг сарын өмнө хүлээлгэн өгсөн амжилттай ажиллаж, хамт олныхоо нэр хүндийг өргөсөн дөө. Үүний дараа төмөр замын орон нутгийн билетийн кассын байгууламжийг барих гадны компаниуд оролцсон тендерт мөн л бид ялалт байгуулж, барилгаа бас л цаг хугацаанд нь ашиглалтад оруулж чадсан. Яг энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд цөөрч эхэлсэн. Учир нь  барилгын тендерт бид гадныхантай өрсөлдсөний хүчинд Оросуудын хувьд ч гэсэн “Монголын зах зээл жижигхэн юм байна. Ийм жижиг зах зээл дээр цөөхөн сонгон шалгаруулалтанд өрсөлдөхгүйгээр оросынхоо том зах зээл дээр ажиллая” гэсэн бодол ч төрсөн үү яасан, Оросын компаниуд нутаг буцаж эхэлсэн. Худалдаа хөгжлийн банкны барилга, Голомт банкны барилгыг тэр үеийн Зөвлөлтийн “ИНКОМ” компани барьсан байдаг. Монголын алтны зарим компаниудын барилгыг ч бас барьсан. Энэ утгаараа бид тус компаниудтай өрсөлдөж ялалт байгуулсан  учраас олны дунд нэр хүндтэй болж эхэлсэн. Монголын компаниуд өөрсдийн зах зээл дээр тоглолт хийж чаддаг болсон учраас бидний үе өнгөрчээ гээд гарсан байх. Одоо монголын зах зээл дээр Оросын компани бараг байхгүй биз дээ? Яагаад байхгүй байна гэж асуувал түүх нь энэ. Өөрийнхөө газар нутаг дээр монголчууд бид өөрийнхөө амьдрах сууцыг барьж чаддаг болох үндсийг тавихад бид өөрсдийн зүгээс бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан болов уу гэж бодож явдаг юм. Тэр үед ч бас оросын нэг дарга “Монголчууд гэр барина. Шавар байшин ч барьж мэдэхгүй. Тэрийг нь хятадууд барьчихна. Та нар үнэхээр юу ч хийж чадахгүй. Танай барилгын цэргийнхэн дандаа далий муруй барилга барьж байсан” гэж ярьж байлаа. Тэгэхэд өнөөдөр Улаанбаатар тэр чигээрээ барилгатай болчихлоо. Энэ барилгуудын дийлэнхийг үндэсний компаниуд барьж байна. Зарим үндэсний компаниуд ажиллах хүч дутуу болохоор л хятад ажилчдыг хөлсөлдөг. Гэхдээ өөрсдөө дотоодын зах зээлээ атгаж байна. Тэгэхээр бид өнөөдөр өөрийн үндсэн хөрөнгө болсон амьдрах орчноо өөрсдөө барьж чадаж байна гэдэг бол монголын барилгын компаниудын агуу чадамж. Тэр сайхан Европ, Дорно дахины барилгыг өөрсдийнхөө хэмжээнд барьж чадаж байгаа нь манай монголын барилгачдын нөр их хөдөлмөрийн үр дүн.

-Эдийн засгийн асар хүнд бэрхшээл сорилт дунд бизнесээ унагаахгүй авч явахад хэрхэн зүтгэж хөдөлмөрлөж ирэв?

-Социалист систем задран унаад чөлөөт зах зээл рүү орно гэдэг тодорхой хугацаатай үйл явц. Монголын барилгын салбарын тухайд бол энэ богино хугацаанд маш зөв төлөвшсөн гэж би хувь хүнийхээ хувьд бодож явдаг. Энэ бол бидний давуу тал. Зарим үед хөл дээрээ тэнцэж ядан компани пүүсээ бодоод үр хүүхдээсээ өмсөх хувцас, идэх хоолын нь харамлан байж энэ түвшинд хүрсэн шүү дээ. Үнэхээр зах зээл ямар хүнд байдаг вэ, бизнес ямар хэцүү, сорилт бэрхшээлтэй, сэтгэл санааны ямар их дарамттай байдаг вэ гэдгийг хувийн хэвшлийн бүх компаниуд үзэж, туулсан гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс ч монголын эдийн засагт өнөөдөр хувийн компаниуд ихээхэн үүргийг гүйцэтгэж байгаа. Улсын төсөвт гол төлөв уул уурхайгаас их хэмжээний мөнгө орж ирэн улсын төсвийг бүрдүүлж байна гэж ярьж байгаа боловч энэ л үндэсний компаниуд чинь тэр олон мянган хүнийг тогтмол ажлын байраар хангаж,  эдийн засгийн хүндрэлийн үед ч гэсэн ажилтнуудаа ажлын байртай нь үлдээхийн төлөө зүтгэж, мөн улсынхаа төсөвт татвар төлөөд явж байна гэдэг улс орноо хөгжүүлж, цэцэглүүлж байгаа хамгийн том хувь нэмэр гэж боддог. Ард түмэн ажил хийж сурах, хөдөлмөрөөр хүмүүжих гэдэг агуу зүйл. Том том мега төслүүд хэрэгжиж байгаа нь үнэн. Тэгвэл тэр төслүүдэд татварыг өндөр ногдуулах ёстой. Газрын хөрсөнд байгаа бүхэн ард түмний баялаг шүү дээ. Үндсэн хуулиараа газрын хөрсөн доорх баялаг бол ард түмний өмч гээд тунхагласан байдаг. Энэ баялгийг экскаватороор ачаад гадагшаа гаргаад их татвар өгөөд байна гэж ярьж байна. Их татвар өгч байгаа нь үнэн боловч яг хилийн дээсэн дээр очиход “нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэдэг шиг нэг нь их, нөгөө нь бага татвар өгч байгаа боловч үр нөлөө нь адилхан болчихоод байгаа юм биш үү. Энэ бол миний хувь хүний үзэл бодол. Аливаа бизнесийг эрхэлж байгаа хүн өөрийн гэсэн  үзэл баримтлалтай байх нь чухал л даа. Хэтэрхий бусдын бодол санаанд автаж, эсвэл халиад байвал хүн өөрөө өөрийгөө ойлгохоо байж эхэлдэг.

Би  бизнесийн хүнд хэцүү, бартаатай салбарт өөрийнхөө мөн чанарыг үргэлж хадгалж явахын тулд… би урлагт их хайртай. Бие сэтгэлээ урлагт өгсөн. Багадаа хөгжим тоглодог байсан. “Морин хуур” наадамд гурван удаа оролцож, гурван удаа түрүүлж байлаа. Түрүүлсэн гурван дуу маань гурвуулаа миний үг аяыг нь хийсэн дуунууд байсан. Гурван жил дараалан түрүүлээд нэг удаа үзүүрлэж байсан юм байна.

-Та өрөнд орж алдагдал хүлээж байсан хүнд сорилтуудтай тулгарч байсан уу?

-Зах зээлийн нийгэм рүү шилжихэд, нийгэм төлөвшихөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй учраас бизнес эрхлэгчид ч бас адилхан хямралыг давж туулах ёстой, туулж ч ирсэн, ирээдүйд ч туулах болно. Зарим үед цөхрөлөө барж “энэ компанийг байгуулах хэрэг байсан ч юм уу, өөрийнхөө амар амгаланг хайгаад явбал яасан юм, өөртөө нэг олдох насаа ингэж толгойгоо гашилгаж, зовж өнгөрөөх хэрэг байгаа ч юм уу” гэж бодогдох  үе хүртэл надад байсан. Тэр болгоныг үнэхээр эцэж цуцашгүй чин зориг, сэтгэлийн их тэнхээгээр даван туулсан хүмүүс бол монголын томоохон компаниудыг авч яваа гэж би хувьдаа дүгнэдэг бас тэднээр бахархдаг. Өнөөдөр заавал хүнийг тэг ингэ гэж захиргаадаж болохгүй нийгэм ирсэн байна. Би зарим үед компанийхаа ган нэг ажилчдад хандан “миний дүү чи ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөрөө компани байгуулаад гарч болно шүү дээ. Монгол Улс маш сайхан эрх чөлөөтэй улс учраас чи заавал энэ компанид ингэж жагсах шаардлагагүй. Харин жагсвал чи жагссан шиг жагс л даа” гэх мэтээр анхааруулга өгөх үе байдаг. Ингээд бодоход хувь хүн өөрөө ямар явах нь өөрөөс нь л шалтгаална.

-Анхны бизнесийн гарааг тань дэмжиж, хөлийг тань дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн, бизнест хөтөлсөн хүн танд бий юу?

-Яг тийм хүн байсан гэж хэлэхэд хэцүү. Би аав ээжийгээ л хэлэхээс өөр хүн алга. Ээж маань бага байхад зуурдаар өөд болсон. Аав минь намайг бизнес хийж эхлэх үед амьд сэрүүн байсан. Гэвч тухайн үед аав маань МАХН-ын “улаан” гишүүн, намдаа маш их итгэлтэй, үнэнч хүмүүжсэн хүн учраас өндөр ёс суртахуунтай, төлөвшсөн сайхан хүн байсан. Харин бизнес бол шал өөр шүү дээ. Зах зээлийн нийгмийг тэр хүн мэдэхгүй. Тухайн үеийн орчин л намайг төлөвшүүлсэн гэж би боддог. Хамгийн гол нь залуучуудад хандаж хэлэхэд хүн гол нь зорилготой байх, зорилгоо биелүүлэхийн тулд мятрашгүй тэмцдэг байх, сэтгэлийн хаттай байх ёстой. Тэгэхийн тулд, бидний ярьдгаар стратеги буюу холын зайны төлөвлөгөөтэй байх ёстой. Тийм хугацаанд ийм зайг туулна гэсэн, би өнөөдөр ийм түвшинд байна, ийм болохын тулд ийм замыг туулах юм байна, ийм зам туулахын тулд ийм шат дараалалтайгаар амжилтанд хүрэх юм байна, ингэхийн тулд ийм арга замаар ингэж хэрэгжүүлнэ шүү гэж төлөвлөгөө гаргаад, хэрэгжилтэндээ анхаарахад л амжилт гарна.

-Залуу бизнесмэнүүд танаас зөвлөгөө авах юмсан гэж боддог ч уулзах боломж нь хомс байдаг байх. Тэр хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мөнгө бодож битгий юм хийгээрэй. Мөнгө бол сэтгэл биш. Сэтгэл бол агуу хүч. Мөнгөнөөс бол сэтгэл төрдөггүй юм. Хамгийн гол нь өөрөө дур сонирхолтой, бага ч атугай сэтгэл зүрхээ өгсөн ийм салбар руу орвол амжилт гаргана гэж би боддог. Би гэхэд эрүүл мэндийн салбар руу орохдоо огт мөнгө харж ороогүй. Би эмч биш ч гэсэн “би эмч байвал ямар байх ёстой юм бэ”, тэр сайхан залуусыг “гарыг нь сайхан угаалгаад” мэс заслын сайхан чадварлаг эмч нарыг бэлтгэе гэж бодож орсон. Миний эх, эцэг их залуудаа нас барсан учраас би Монголдоо сайхан эмнэлэг байгуулъя гэж бодсоны үндсэн дээр “Грандмед” эмнэлэг байгуулагдсан даа. “Грандмед” эмнэлэгийн суурь фундамент, боловсон хүчин, багаж төхөөрөмж гээд бүх элементүүд нь орчин үеийн бүхий л чанар, стандартыг хангаж байгуулагдсан учраас манай эмч нар өнөөдөр дэлхийд гарч чадаж байгаа. Би үүнийг огт эргэлзэхгүйгээр хэлж бас ярьж чадна. Учир нь манай эмнэлгийн эмч нар өнөөдөр нуруу нугасны эмчилгээгээр дэлхийд 1 эсвэл 2-т жагсах хэмжээнд хүрсэн байна. Авсан шагналуудаас нь дурдвал, АНУ-ын Чикаго, Лас-Вегас, Солонгосын Чежү, Швейцарь, Английн Оксфордод шагнал авсан байгаа. Ингээд бодохоор хэдийгээр жижигхэн эмнэлэг боловч технологи бүтээж, боловсруулж, сайжруулж чадаж байна. Иймээс л үнэлэгдэж байна гэж ойлгодог. Монголчууд маань бие биенээ дэмжээд,  мөнгө зөв хүнээ түшээд явбал амжилтыг олдог юм байна гэдгийг би онцолж хэлмээр байна. Манай “Грандмед” эмнэлгийн эмч нар дэлхийн сор болсон, бренд эмч нарын шавь болчихсон, багш нар нь “чи Солонгос биш, Америк биш байх нь надад хамаагүй. Чи миний сайн шавь учраас би бүх юмаа чамд өвлүүлнэ” гэж ярьдаг нь үнэхээр сайхан. Хүн тийм л байдаг. Мэдлэгээ өмчилдөггүй. Дэлхийд үнэндээ минийх гэж өмчлөх юм байдаггүй. Технологийг бол тодорхой чадварлаг хүмүүс нь хуулбарлаад, сайжруулаад хөгжүүлээд аваад явдаг. Энэ бол бизнесийн нэг либеральчлагдсан арга барил. Дэлхий нийт ийм болсон байна. “Грандмед” эмнэлгийг дэлхийн нуруу нугасны нийгэмлэг онцгойлон ажиглаж байгаа. Энэ утгаараа бид бүх талаараа дээгүүр явах нь чухал биш нэг талаараа л бусдаас дээр байж, ялгарах ёстой гэж тууштай ажиллаж байна. Монголд эмчилж болдоггүй өвчлөлүүд гэж байдгийн 2-3-ыг нь монголдоо эмчилдэг болчихлоо. Гадаадын иргэд ч бас манайхаар эмчлүүлж байна. Солонгост очиж хагалгаа хийлгэсэн хүмүүс манай эмнэлэгт ирж давтан эмчлүүлж, Бумрунграндад хагалгаанд орсон хүмүүс ч бас буцаж ирж хагалгаанд орж байна. Энд байгаа гадаадын иргэд судалгаа хийгээд, Америкт хийлгэхгүй танайд хийлгэе гэж байна. “Вагнер Ази” компанийн захирал хүртэл манай эмнэлэгт ирээд нуруу нугасны хагалгаагаа хийлгэлээ. Ийм учраас байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дотор “Грандмед” эмнэлэг нийгэмд тодорхой байр суурь эзэлж чадсан. Энэ бол монголчууд монголдоо хийж чаддаг гэдгийг харуулсан маш том амжилт бас их буянтай үйлс. Бид эрүүл мэндийн эрсдлийг багасгах ёстой. Монголчууд өнөөдөр 500-аад сая ам.долларыг гадагшаа урсгаж байна. Энэ 500 сая ам.долларын ядаж 100 сая ам.долларыг нь эх орондоо авч үлдье гэж зорьж байна. Бид 100 сая ам.долларын эмчилгээг монголд 30 сая ам.доллараар л хийнэ. 3-4 дахин бага үнээр. Ингэж л эх орондоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Ийм учраас монголчууд, монголын эмнэлгүүд өөр хоорондоо өрсөлдөх биш дэлхийтэй өрсөлдөх ёстой. Эмнэлэг  багадаа биш. Өөрийгөө бага гэж гололгүй салбар салбараараа төрөлжиж хөгжих хэрэгтэй. “Грандмед” нуруу нугасны, Нэгдүгээр эмнэлэг гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засал, Гуравдугаар эмнэлэг зүрхний хагалгаагаар, Хавдар судлал нь хавдрынхаа том хагалгаануудаар гэх мэтчилэн салбар салбараа аваад явчихвал хоорондоо биш дэлхийтэй өрсөлдөхүйц болно. Энэ жижиг олон эмнэлэг хоорондоо өрсөлдөөд яахав дээ. Дэлхийтэй өрсөлдөж, дэлхийн технологиос суралцах нь л бидний эцсийн зорилго.

 –Бүхнийг тэгээс эхэлж байсан үеэ одоо эргэн харахад танд юу бодогддог вэ?

-Бүхнийг тэгээс эхэлж байсан тэр үед миний сэтгэл зүрхэнд мөрөөдөл, хүсэл тэмүүлэл асч дүрэлзэж байсан, одоо ч сэтгэл зүрхэнд минь байна. Барилгын салбарт ч бас миний сэтгэл зүрх оршиж байсан учраас би орсон. Би барилгын салбарт багаасаа дуртай, гэр орноо янзлах дуртай хүүхэд байсан. Эвдэрсэн хэмхэрсэн зүйлсийг засаж сэлбэдэг, гоё болгочихоод их урам авдаг байсан маань барилгын салбарт ороход их нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож явдаг. Ардын засгийн үед мөнгөтэй бэлтэй айл ч байсангүй, бүгд л цалингаараа амьдардаг байсан. Бага байхад ээж маань нас бараад, манайх их олон хүүхэдтэй айл учраас ядуу тарчиг амьдралтай байлаа гэдгээ нуухгүй ээ. Гэхдээ тэр үедээ л хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдардаг байсан. Ийм амьдралыг туулж өссөн  хүний хувьд, бизнес эхлүүлж хүч хөдөлмөрөө зориулахад би хэнээс  дэмжлэг авах вэ дээ, бас хэн ч надад нөлөөлөөгүй. Эргээд харахад бага балчир насанд суусан, эцэг эхийн өгсөн хүмүүжил биднийг бүтээж дээ гэж боддог. Бид гагцхүү тэр үеийнхээ нийгмийн өөрчлөлт, орчин нөхцөлдөө зохицож амьдрах гэж их тэмцсэн. Энэ хугацаанд манай улсад том жижиггүй л их алдаж онолоо. Бизнес, улс төрийнхөн их л алдаа гаргалаа. Хамгийн гол нь тэр алдаагаа давтахгүй байх нь чухал гэж харж явдаг. Алдаа гаргахад нэг давуу тал байдаг. Тухайн алдаанаасаа суралцаад давхар бүгд хөгжиж байдаг. Үүнийг л бид ойлгох ёстой.

Тухайн үед би цэргээс халагдаад сүлжмэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Зах зээл 1988 оноос эхлээд хүндрээд эхэлсэн. Ингээд бизнес хийх хэрэгтэй юм байна гэж ойлгоод нийтийн хоолны үйлдвэрлэл эрхэлж эхэллээ. Нийтийн хоолны салбарт чамлахааргүй  амжилт гарган ашиг олж, машины мөнгөтэй болсон. Гэтэл 1990 он гараад  картын барааны үе эхэлж юун нийтийн хоол хийх. Өөрсдөө гэртээ хоол хийх махаа авч чадахгүй байхад юун бизнес, тийм л хүнд цаг үе тулгарсан. Ингээд мах олдохгүй юм чинь дампуурч таарна. Монголын ард түмэн маш их малтай ч бүгд нийтийн өмч учраас авч болдоггүй. Ингээд нийтийн хоолны салбарт цаашид ажиллах боломжгүй  болж, төлөвлөгөө маань нуран унасан. Гэхдээ би амжилт олохын тулд нуран унасан цагтаа босох тэнхээтэй байж, зорилгоо хэзээ ч сэтгэлээсээ гээгээгүй. Ингээд барилгын салбар,  барилгын засал чимэглэлийн ажил хийж эхэлсэн. Хөдөө аж ахуйн банкны зарим салбаруудыг засаж эхэлсэн дээ. Энэ салбартаа би өөрөө сэтгэлтэй байсан учраас эдгээр ажлуудад сэтгэлээ бүрэн зориулж ажиллаж, энэ хөдөлмөрөөрөө амьдралаа босгож, амжилт олох юм байна, ах дүү хамаатан саднаа тэжээгээд амьдрах ёстой гэж бодсон учраас би зүтгэсэн. Хүнд хэцүү цаг үе байсан ч  зүтгэсээр л байсан. Юу ч хийж дадаагүй хүнд барилгын ажлаа даатгаад өгөх хэцүү биз дээ? Тэгэхэд Д.Баттөр гэж хүнд тухайн үед олон хүмүүс итгэж их ажлыг даатгаж байлаа. Би ч өөрийн хөдөлмөрөө ойлгуулахын төлөө их мэрийдэг байсан. Би надад итгэн барилгын ажил өгч байсан хүн бүхэнд өнөөдөр баярлаж, тэднийг сэтгэлдээ хүндэтгэж явдаг.Хүнд сэтгэлээ зөв нээгээд, хамгийн гол нь худлаа хэлэхгүй байх нь л хамгийн чухал гэдэг зарчмаар явж байлаа. Хамгийн гол нь хүрэх газар тодорхой, зорилгоо нарийн тодорхойлсон цагт, хүн өөртөө итгэлтэй,  найдвартай зан чанартай байхад амжилт бол гарцаагүй ирнэ гэдэг мөрөөдлөөр өнөөдрийн “Жигүүр Гранд” группыг нуруундаа үүрч явна даа. Өнөөдөр энд хүрэхийн тулд их итгэл, сэтгэл бас их хөлс урсаж байж барилгын салбартаа бид оршсоор байгаа.

-Танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд гэгээн бүхнийг хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …