Зэн уламжлалын зургадугаар тэргүүн Хүй Нэн Очир огтлогч-ийн дөрвөн мөрийг сонсоод гэгээрсэн гэдэг. Тэрээр гэгээрлийн тухай бодоо ч үгүй, зүгээр л захаас юм хум цуглуулж явжээ. Тэр үед замын дэргэд нэг хүн Очир огтлогч-ийг уншиж байсан гэнэ. Насан туршдаа уг судрыг амны уншлага болгосон хүн, өглөө хийгээд орой бүр судраа уншдаг заншилтай байж.
Тэгэхэд орой болж, зах тарах дөхөж, хүмүүс увж цувж байсан цаг. Хүй Нэн ч харихаар явж байгаад судрын дөрвөн мөрийг сонсжээ. Сонсмогцоо ер бусын хуйлралд орж гэнэ. Судар хэдийн төгсөж, зах хоосорч, нөгөө уншигч хүн ч харьж одсон хойно Хүй Нэн байрандаа зогссоор байлаа.
Бүхэл шөнийн турш тийнхүү зогсжээ. Өглөө болоход тэрээр тэс ондоо хүн болсон байв. Эргэж гэртээ харилгүй, аглаг уул руу одсон гэдэг. Хорвоо ертөнц түүнд хамаагүй болжээ. Сонссон төдийд ийм юм болж болох уу? Тийм ээ, үнэхээр сонсож чадах юм бол боломжтой. Хүй Нэн маш нээлттэй, цайлган нэгэн байж.
Будда хэлжээ: “Очир огтлогчийн нэг бадгийг сэхээрсэн хүн хэмжээлшгүй буян хураана. Тэр нь Ганга мөрний хумхийн ширхэг тоолон амь биеэ золиослох буянаас ч тоо томшгүй их.”
Золиослол тус болохгүй, сэхээрэл л тус болно. Мулгуу хүн золиослохыг эрхэмлэдэг. Мэргэн хүн сэхээрэхийг эрхэмлэдэг. Жинхэнэ шашинд хязгааргүй эр зориг хэрэгтэй. Энэ бол амьдралд бүрэн төгс нээлттэй байхын нэр. Хэрэв нээлттэй зүрхээр сонсох юм бол эдгээр судар чамайг төгс хувиргах хүчтэй гэж Будда хэлжээ.
– Ошо “Очир огтлогч судар”