Тээврийн прокурорын газраас нийслэлд гарсан зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжантай ярилцлаа.
Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хэчнээн зам тээврийн осол бүртгэгдсэн байна вэ?
Судалгааг нийслэлд 2015-2020 оны эхний есөн сарын байдлаар гарсан зам тээврийн осол хэргийн хүрээнд хийсэн. Таван жилийн хугацаанд нийслэлд 162.964 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн осол 11.923 гарсан ба ослын улмаас 413 хүн амь насаа алдаж, 11.238 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.
Тээврийн прокурорын газраас энэ оны эхний есөн сард хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт хийсэн судалгаанаас үзэхэд, зам тээврийн осол, хэргийн улмаас 323 хүнд хүндэвтэр, 100 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 82 хүн амь насаараа хохирсон харамсалтай дүр зураг гарсан. Энэ оны эхний есөн сард нийслэл хотод гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас барсан 82 хүний дөрөв буюу 4.8 хувийг, эрүүл мэндэд нь хохирол учирсан 423 хүний 31 буюу 7.3 хувийг насанд хүрээгүй хүмүүс байна.
Ихэнхдээ зам тээврийн осол ямар тохиолдолд их гарч байна вэ. Сүүлийн үеийн хэргээс харвал явган хүний гарцан дээр осол гарах боллоо?
Энэ оны эхний өсөн сарын байдлаар бүртгэгдсэн 505 зам тээврийн осол, хэргийг судалж үзэхэд 142 хүн явган хүний гарц дээр, 145 хүн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Осол болох үед 78 жолооч, 18 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байсан.
2020 онд гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас насанд хүрээгүй 19 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 12 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол дөрвөн хүүхдийн амь нас хохирсон. Үүнээс гарцтай хэсгээр 17, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээр дурдсан таван жилийн судалгааны тоон үзүүлэлтээс харахад Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас нэг жилд дунджаар 80 гаруй явган зоригч амь насаа алдаж, 2302 явган зорчигч эрүүл мэндээрээ хохирсон байгаагаас цаашид зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Аль дүүрэгт зам тээврийн осол, хэрэг түгээмэл гарсан бол?
Баянгол дүүргийн дөрвөн хороо, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэйн гурван хороонд явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн осол, хэрэг ихээр бүртгэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн зургаан хороонд энэ төрлийн хэрэг ихээр гарч байна. Үүнээс онцолж хэлбэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн замын зургаан цэгийн ойр орчимд явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол их байгаа бол нэг цэгийн ойр хүний амь нас хохирсон тохиолдол өндөр байна.
Судалгаанаас харвал, осол гарах гол шалтгаан нөхцөл юу гэж байна вэ?
Судалгаанд хамрагдсан нийт хэргээс үзэхэд зам тээврийн ослын 54.3 хувь нь явган зорчигчийн, 45.7 хувь нь тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой байна. Мөн замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Тодруулбал, явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарснаас 29.5 хувь нь замын тэмдэг, тэмдэглэл байхгүйгээс 4.37 хувь нь гэрэлтүүлэг хангалтгүйгээс 4.13 хувь нь замын тэмдэг, тэмдэглэл ойлгомжгүйгээс 2.19 хувь, замын гэрэлтүүлэг огт байхгүйгээс 0.85 хувь замын эвдрэл, гэмтлээс болж 0.13, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос 6.4 хувь нь гарсан байна.
Улаанбаатар хотод явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэнтэй холбоотой Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдсон автомашины дийлэнх хувийг буруу талдаа жолооны хүрдний байрлалтай суудлын автомашин эзэлж байгаа бол явган зорчигчийг мөргөсөн автомашины 59.4 хувь нь 11-ээс дээш жилийн насжилттай, ашиглалтын хугацаа өндөртэй автомашин байна. Өөрөөр хэлбэл, явган зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй. Нөгөө талаас мэдлэг, ойлголттой байсан ч түүнийг хэвшүүлэх, мөрдөх хариуцлага сул байдал ихээхэн нөлөөлж байна.
Цаашид зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Хамгийн эхэнд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Монгол Улсын холбогдох стандартыг нэг мөр хэрэгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл болох замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, түүнчлэн замын хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг бүх төрлийн авто замуудад байрлуулсан эсэхийг комисс байгуулан шалгаж, стандарт шаардлагад нийцүүлэх ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй. Гуравдугаарт, Улаанбаатар хотын авто замын инженерчлэлийг сайжруулах, шинээр болон шинэчлэн барьж буй замын аюулгүй байдалд аудит хийж дүгнэлт гаргах цаг болсон. Мөн явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, хүүхдүүд, дугуйтай иргэд зорчих нөхцөлийг бүрдүүлж тав тухтай зам хөндлөн гарах боломжийг хангасан явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар Тээврийн прокурорын газраас холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдэгдэл бичиж хандсан байгаа. Мөн иргэд, тодруулбал жолооч, явган зорчигчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой, хариуцлагатай оролцож байх хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.11.27 Баасан № 227 (6452)