Нийгэмд шударга ёсыг тогтоох нэг арга бол шүүхийн шүүгчдийн цалинг нэмэх явдалтай холбоотой гэж хэсэг улс төрчид үзжээ. Ингээд тэд шүүгчдийн сарын цалинг 7 сая төгрөг хүртэл нэмэх хууль батлуулахаар төсөл оруулсан боловч улс орны төсөв хөрөнгийн байдал ийм боломж байхгүйг ойлгуулжээ. Шударга ёс ингэж байж нэгэнт тогтоно гэж үзсэн нөгөөдүүл чинь шүүхчдийн одоо авч байгаа 1 сая төгрөгийн цалин 2 сая болгохоор тогтжээ. Гэхдээ шүүгчид ийм хэмжээний сарын цалинтай боллоо гээд бүгдээрээ авлигаас татгалзаж чадах уу?
“Шударга ёс” гэдэг ойлголт ганцхан шүүгчдийн цалингаар хэмжигдэх юм гэж үү. Иргэнийг хариуцлага алдсан, гэмт хэрэг хийснийх нь төлөө шударгаар шүүн, тохирох ял зэмийг хүлээлгэх нь шүүгчийн ажил мөнөөсөө мөн.
Энэ үйл хэрэгт шүүгчид шударга бусаар хандаж, авлига хахуулийн хэрэгт холбогддог тухай яриа, мэдээлэл, судалгаа нэлээдгүй байх. Харин монголын төр шүүгчдийг бага цалинтайн улмаас авлигад өртөж байна гэж үндсэндээ хүлээн зөвшөөрсөн эь тэдний цалинг хангалттайхэмжээнд нэмэгдүүлэх тухай хэлэлцүүлэг байлаа.
Үнэндээ шударга ёсыг тогтоох асуудал дан ганц шүүгчийн мэддэг, шийддэг асуудал биш байлтай. Хэрвээ шүүгчийн цалин нэмснээр шударга ёс тогтоно гэж үзэж байгаа бол аливаа хэрэг маргааныг шүүхэд очих хүртэлх материалыг бүрдүүлдэг, шүүгчийн баруун зүүн гар нь болсон цагдаагийн мөрдөн байцаах алба, прокурорын ажилтнууд яах ёстой вэ? Магадгүй өдөр шөнөгүй, гадаа гэртгүй явж байж гэмт хэргийг мөрдөн тогтоосон байцаагч, хэргийн учир шалтгааныг олж, нягтлан ял төлөвлөж байгаа прокурорт шударга ёсны хэмжүүр болох гээд байгаа дээрх цалингийн нэмэгдлийн асуудал хамаагүй гэж үү? Хэрэв мөрдөн байцаалт, прокуроын ажлын явцад алдаа гарвал түүнийг өнөөх “цалин өндөр шударга шүүгч” анзаарч чадах уу?
А.Галт