Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцлоо.
НҮБ-ын индрээс илэрхийлсэн Монгол Улсын байр суурь болон мод тарих санаачилгын талаар Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаатай хэсэг хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, 20 орчим минутын турш Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн утга агуулга, түүний онцлогийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, Монгол Улсын өнөөгийн байдал, баримталж буй чиг шугамаа дэлхий дахинд тулгарсан гол гол хэрэг явдалтай холбон тун цэгцтэй, утга агуулга нь өргөн цар хүрээг хамарсан чамбай илтгэл тавилаа. Эндээс би хоёр зүйлийн талаар онцолж, өөрийн цөөн үгийг хэлье.
Нэгдүгээрт, илтгэлд нүүдэлчин монголчуудын эцэг тэнгэр, этүгэн эхээ хайрлан хамгаалж, тахин шүтэж, ач ивээлийг нь ариг гамтай хэрэглэж ирсэн эрхэм сайхан ёс заншлыг товч тодорхой дурдаад, “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” гэж өгүүллээ. Ийм санаачилгыг хүн бүхэн л талархаж хүлээж авалгүй яах вэ.
Монгол орны маань ой хөвч, бутлаг ургамал, говийн ганц ой болох заг, тоорой зэрэг ургамал охор ухаант бодлогогүй хүмүүсийн гарт дайрагдаж улам бүр багасах боллоо. Бас жил бүр л гал түймрийн аюулд ой мод сүйрэх юм. Сүүлийн хэдэн арван жилд газрын хэвлийн баялагт хэт шунасан хомхой сэтгэлтний гар хөлд ой мод, онгон байгаль, цэнгэг ус гол мөн ч их сүйдсэн дээ. 2030 он гэхэд тэрбум мод тарих боломж байлгүй яах вэ. Монгол Улсын иргэн бүрийн эх оронч, идэвхтэй, ухамсартай үйл ажил л чухал.
Мод гэдэг ерөнхий нэр. Хүмүүс мод гэхээр уул хөвчийн өндөр өндөр хуш, нарс, гацуур зэрэг тураг модыг бодож байж магадгүй. Ерөнхийлөгчийн өгүүлсэн мод гэдэгт бут мод, тухайлбал, бургас, монос, гандигар, яргай, харгана, хармаг, бударгана зэрэг цөм багтах ёстой. Ялангуяа цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг тогтооход бут мод, бутлаг ургамал тун чухал ачтай билээ. Мэргэжлийн хүмүүс, настан буурлууд хэлээд өгнө л дөө.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн илтгэлд Чингис хааныг дэлхий дахины энх амгаланг буй болгох эхлэлийг тавьж, улмаар биеллээ олсон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид “Пакс Монголика” гэж нэрлэдэг тухай өгүүлсэн. Өвөг дээдсийнхээ гавьяат үйлсийг дэлхийн улс түмэнд үнэн зөвөөр сонортуулах нь нэн эрхэм байсан юм. Энд нэгэн зүйл мэдээллийг нэмэр болгон дурдъя.
Чингис хааны ач хүү Хүлэгүгийн байгуулсан улсыг түүхэнд Ил хаант улс гэдэг. Тэрхүү Ил хаант улсын хааныг 1304 онд Өлзийт залгамжилсан түүхтэй. Өлзийт хаан 1305 онд Францын хаан Филипп-д илгээсэн бичиг одоо анхны эхээрээ Францын хааны архивт хадгалагдаж байна. Монгол бичгээр бичсэн уг захидлын агуулга нь “Танай Европын хаадтай миний элэнцэг, өвөг, ах нар найрамдаж, хол боловч ойр мэт сэтгэж, аливаа үгсээ өчин харилцаж, мэндийн бэлгээ илгээлцэж ирсэн. Одоо танай Европын хаад эв эетэй болсон хэмээн сонсогдов. Бидний Чингис хааны ургууд муу харцсын ташаа үгсээр эв эе эвдэрч байсан ч одоо ах дүү нар бүрэн зохилдов. Танай Европын хаадтай өмнөх хаадын ёсоор эв эетэй байж, улам илүү найрамдалтай байя. Үнэнхүү зохилдохоос сайн юу аху, эдүгээ” гэх мэтээр дэлхий дахинаа амар амгалан байхыг уриалсан байдаг. Энэ бичгийг Польшийн нэрт монголч эрдэмтэн Б.Котвич судалж, “XIV зууны эхэн үед монголчууд дэлхий нийтийн энх тайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” гэсэн судалгааны өгүүллээ 1933 онд Франц хэлээр бичсэнийг профессор Ц.Шагдарсүрэн багш монголоор орчуулж хэвлүүлсэн.
XIII, XIV зууны үеийн Монголын хаадыг зөвхөн дайн байлдааны л төлөө явсан мэтээр ярьж бичиж хэвшчихжээ. Гэтэл Ил хаан Өлзийтийн найрамдлыг эрхэмлэсэн сэтгэлийн үг, даян дэлхийгээрээ энх амгалан байхын төлөө түүний мэргэн санааг төдий л ярьдаггүй. Гэтэл одоогоос 700 гаруй жилийн тэртээ эзэн Чингис хааны үр удам Ил хаан Өлзийт “Үнэнхүү зохилдохоос сайн юу аху, эдүгээ” хэмээн босоо монгол бичгээр бичиж үлдээжээ. Энэ мэргэн үг өнөөгийн бидний монголчуудад улам ч тод сонсогдож байна. “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэсэн ардын зүйр үгээ санаж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх нь бидний цөөхөн монголчуудад нэн эрхэм байна шүү.
-Тийм ч учраас тэрбум мод тарьж ургуулах Ерөнхийлөгчийн санаачилгыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх нь нийт ард иргэдэд, ялангуяа хүүхэд залууст байгалийг хайрлан хамгаалах сэтгэлгээг суулгахад чухал ач холбогдолтой гэж харж байна?
-Тэгэлгүй яах вэ. Хүн төрөлхтөн дэлхий хэмээх ганц гэртэй. Тэрхүү ганц гэрийнхээ бүрээсийг сэлбэн засахын оронд сэг болтол нь ухаж, урж ирсний уршиг гайгаар өнөөгийн цаг агаарын өөрчлөлт, уур амьсгалын дулаарал буй болж, цэлгэр ногоон тал маань элсэн цөл болоход ч ойртож ирлээ. Ийм цаг үед тэрбум мод тарьж ургуулах ажлыг олон нийтийн сэтгэлд нь шингэсэн ухамсарт хөдөлгөөн болгож өрнүүлэх нь өсвөр хойч үе, хүүхэд залуусын унасан газар, угаасан усаа хайрлах эх оронч үзэл төлөвшихөд ач тустай үйл хэрэг болно. Ер нь бэлчээр, ус, ургамлаа хайрлан хамгаалах эх оронч үзлийг бага балчираас нь чинээ чинээнд нь тааруулан дадуулж хэвшүүлдэг уламжлалтай байсан. Ерөнхий боловсролын сургуулийн “Иргэний боловсрол” хичээлээр тэрхүү уламжлалыг мэдүүлэхээр хөтөлбөр, сурах бичигт нь оруулж, 2014-2018 онуудад зааж байсан. Уг хөтөлбөр, сурах бичгүүдийг чин сэтгэлээр зохиолцсон тул би сайн мэдэж байна. Харамсалтай нь тухайн үед төр засаг солигдож, “Иргэний боловсрол” хичээлийн уг сурах бичгүүдийг хэрэглэхээ больсон. Одоо эргэж харах буй заа.
Мод тарих, ойжуулах ажлыг бидний өвөг дээдэс хийж байжээ. Жишээ нь, Монголын Юань гүрний Хубилай хааны зарлигт “Элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр, хоёр алхмын зайтай мод тарихыг…” заасан байна. Хубилай хааны энэ зарлиг биеллээ олсныг Монголд 25 жил амьдран суугаад 1327 онд нутаг буцсан Италийн иргэн Марко Пологийн тэмдэглэлээс үзэж болно. Уг тэмдэглэлд “Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь нар шарахгүй сүүдэртэй, өвөл цастай үед зам алдаж төөрөхгүй сайн талтай. Энэ модод алсаас их сүрлэг харагдана…Говь цөлийн замын дагуу ч мөн мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт нэн таатай. Түүнчлэн бүх хаант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” хэмээсэн нь Хубилай хааны зарлигтай таарч байна.
Бас заавал дурдах ёстой зүйл бол Их эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас эхлээд хожмын “Халх журам” хүртэлх хууль цаазын бичигт ой мод, ус ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах тодорхой заалтууд, ял шийтгэлийн хамт байдаг.
Дундад үеэсээ бүр алгасаад 19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхэн үеийн нэгэн хутагтын тухай зайлшгүй хэлэх ёстой. Монголын 13 тамгатай хутагтын нэг Егүзэр хутагт Галсандаш (1870-1930) бээр гарамгай байгаль хамгаалагч байжээ. Тэрбээр өөрийн амьдран суудаг нутаг дэвсгэрт хайлаас, монос, гандигар, алтан харгана, арц, яргай зэрэг мод, бутлаг ургамлыг тарьж ургуулсан нь одоо ч буй. Монос суулгасан газраа тойруулан тэхийн шээг, нохойн хошууны бут тарьж хамгаалсан газар нь өдгөө “Мойлтын ам” нэртэй болж, монос модны төгөлтэй болжээ. Энд түүний байгаль хамгаалах талаар үйлдсэн буянт үйлсээс өчүүхэн хэсгийг дурдлаа. Егүзэр хутагт шиг байгаль хамгаалагч хүн өнөө хүртэл Монголд гараагүй л байна даа.
-Монголчууд эртнээс байгалиа шүтэж, дасан зохицож, хамгаалж ирсэн уламжлалт соёлтой ард түмэн. Энэ санаачилгатай холбогдуулаад монголчууд мод, ургамлыг хэрхэн хайрлаж хамгаалж ирсэн талаар ярьж өгнө үү?
-Монголчуудын байгаль дэлхийгээ шүтэн биширч, дээдлэн хүндэлж, тахиж тайж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг соёлын өв хэмээн үзэж, сурч судалж, даган мөрдөж, үе дамжуулан эзэмшүүлэх ёстой эрхэм нандин зүйл юм. Зөвхөн мод, ургамлаа хайрлан хамгаалдаг монголчуудын уламжлалт ёс заншлаас дурдвал:
Монголын говь нутгийнхан заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэлдэг. Хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэдэг. Бургас, улиас, хайлаас, бүйлс, яргай зэргийг догшин мод хэмээн хамаагүй авдаггүй. Ташуур хийх мод авахдаа хормойгоо дэвсэж, малгайгаа тэр модонд өлгөөд залбиран мөргөж байгаад авдаг. Зулзаган мод, өнчин мод, ер нь залуу модыг огтолж авдаггүй. Ганцаар ургасан саглагар сүрлэг модыг “удган мод” (зарим үед шанш мод) хэмээн ихэд хүндэлж, хадаг зүүж тахина. Модтой болохыг бэлгэдэж “Зуун мод”, “Мянган тооройн булаг” гэх мэтээр нэрлэдэг. Гол усны эх, голын сав газрын модыг хөнддөггүй, усны эзэн лус хилэгнэнэ гэдэг. Хавар мод бут ногоорч цэцэглэж байх үед мод огтлох цээртэй. Мөн үр жимс нь ид боловсорч байгаа үед нь авахыг цээрлэнэ. Модыг хэрэгцээндээ тааруулж, бага сага авахдаа нэг дороос ихээр авдаггүй. Мод, бутлаг ургамал ойрхон байсан ч түлшиндээ аргал хомоолыг хэрэглэж, мод ургамлыг гамнадаг. Мод огтлоход хүрвэл модны нас, цаг хугацааг харгалзаж болох хэсгээс нь авдаг. Мод тайраад хожуул дээр нь заавал шороо асгана. Учир нь модны хожуулаар дамжин газрын чийг ууршина гэж үздэг. Бутлаг ургамлыг үндсээр таслах, үр жимсийг нь авахдаа иштэй хугалах зэргийг цээрлэнэ. Тархац нь бага газрын мод бутыг авч хэрэглэхийг цээрлэнэ. Энэ мэт цээрийн ёс олон бий.
Өнөө цагийн асар хурдтай явж буй хувьсал өөрчлөлт нь сайны хажуугаар санаанд багтамгүй хор уршгийг ч тарьж байна. Түүний нэг нь байгаль экологийн сүйрэл юм. Дэлхий дахин өөрсдийн хийсэн болоод хийж байгаа алдаандаа дүгнэлт хийж, “Тогтвортой хөгжил”-ийн зорилт тавих боллоо. Эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, экосистемийн хөгжил гэсэн харилцан шүтэлцсэн гурамсан асуудлыг тэгш тавих боллоо. Экосистем буюу байгаль экологийн асуудлыг тогтолцоотой шийдэх нь бусад хөгжлийн хөрс суурь юм. Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт ёс заншил, нүүдэллэн аж төрөх ёс нь дэлхийн бусад оронд үлгэр дуурайл болж чадна.