Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн өнөөдөр Дүрслэх урлагийн музейд боллоо.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байгаа үзэсгэлэн энэ сарын 11-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, УИХ-ын гишүүн П.Анужин, болон Б.Жаргалмаа, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүд оролцлоо.
Үзэсгэлэнг нээж Соёлын сайд Ч.Номин“Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд болж буй сонирхол татам арга хэмжээний нэг бол “Дара эхийн чуулган” хэмээх энэхүү үзэсгэлэн юм.
Монголын дүрслэх урлагийн ноён оргил Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын урлал, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон, цутгуур урлалийн Цагаан, Ногоон дар эх тэргүүтэй дара эх бурхадыг ямар нэгэн шил, хаалтгүйгээр олон нийтийн хүртээл болгож байна.
Өндөр Гэгээн Занабазар нь нэгэн үеийн Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн төдийгүй уран зураач, уран барималч, уран барилгач, соён гэгээрүүлэгч юм. Өөрийн уран бүтээлийг туурвиснаас хойш үеийн үед түүний бүтээлүүд дахин давтагдашгүй, Монгол хүний урлаг гоо сайхан, сэтгэлгээний онцлогийн гоц илэрхийлэл болж дэлхийн хэмжээнд үнэ цэн нь өсөж олон нийтийн анхааралд байсаар байна.
Өндөр Гэгээн Занабазарын мутрын урлалууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музей, Гандантэгчэнлин хийд, Шанхын хийд зэрэг шашны төвүүдэд эх төрхөөрөө хадгалагдаж байна.
Түүний бүтээлүүдийн судалгааг өргөжүүлэх, олон нийтэд илүү сайн таниулах, дэлхий нийтэд сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай гэж Соёлын яамнаас үзэж энэхүү аян хүрээнд 21 дара эх бурхны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Соёлын яамны Соёлын өвийн газар, Өндөр гэгээний бүтээсэн эдгээр дара эхүүдийг ийм хэмжээнд нэг дор зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Монголын түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийг дагасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгаа шинжилгээг шинэ түвшинд гаргах, Ази төдийгүй, дэлхийн улс гүрнүүдэд сурталчлан таниулах нь та бид бүхэнд адилхан тулгарч байгаа асуудал билээ.
Энэ үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжиж тусалж ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголбанк болон дүрс бичлэг, гэрэл зураг, баримтжуулах үйл ажиллагааг өндөр түвшинд хийж байгаа байгууллага, хамт олон, Соёлын өвийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье” гэлээ.
“Хорин нэгэн Дара эхийн чуулган” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд:
11-р сарын 9-ны өдөр 11:00-12:00, 14:00-16:30
11-р сарын 10, 11-ний өдөр 10:00-12:00, 14:00-16:30 цагийн хооронд болно.
Монголын хосгүй үнэт “21 дара эх”-ийн тухай мэдээлэл:
Г.Занабазар нь монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан тэрээр уран баримлын нэрт бүтээлээрээ Монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Занабазарын эдгээр бүтээлүүд нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсан юм.
Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчдийн гоо зүйн болон гоо зүйн мөн чанарыг цогцлоож, гоо сайхныг хүн төрөлхтний төсөөлөн буй гоо сайхны тэр л дүр төрхөөр буддын шашны лагшинд шингээн урласан байдаг бөгөөд ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд юм.
Гэтэлгэгч ногоон дара эх: Төвөд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ. Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшны гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс, тэргүүний үс хар, зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван зургаан насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурханы газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно. Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхгийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг. Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурханы хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой.
Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биеийн намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотнын аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэр бээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелнэ гэдэг. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэдэн , бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг хэмээнэ.
Цагаан Дара эх: Цагаан Дара эх, санскрит Сита тара, Төвөдөөр Долгар гэдэг. Саран мэт цагаан лагшнаасаа хэмжээшгүй гэрэл цацруулан, үзэсгэлэнт охины дүрээр дэлбээлсэн цагаан бадам цэцгийн мандал дээр очир завилгаа суудлаар заларчээ. Зүүн мутартаа лянхуа цэцгийн иш барьж, баруун мутраар хамаг амьтныг насны зэтгэр бүгдээс гэтэлгэж, өвчин зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлагыг үзүүлсэн байдаг.
Урт насыг хайрлах шидийг агуулдаг учраас цагаан өнгөөр дүрсэлдэг. Цагаан Дара эх бурханыг бурхан бүгдийг төрүүлсэн эх хэмээсэн магтаал тайлбарууд их байдаг Гаутама Буддагийн эх хатан Маяа эртний Энэтхэгийн болоод Буддын шашны бурхан дүрслэлд солонгын дүрслэл онцгой байр суурь эзэлдэг бөгөөд цагаан өнгийг ч мөн солонгон дүрслэлд хэрэглэдэг байжээ.
Цагаан дара эх магнай, мутрын алга хийгээд бойвны уланд сансар нирвааны хамаг үйлийг тольдогч билгүүний долоон мэлмийтэй. Энэ нь энэ ертөнц дээр зовсон хамаг амьтныг харах сонор сэрэмжийн бэлгэдэл болдог. Энэхүү долоон мэлмийт Дара эх нь дара эхийн дүрслэлд онцгойлон монголд уламжлагдан үлдсэн байна. Цагаан Дара эх нь зүүн мутартаа гурван дэлбээтэй, дэлбээгээ дэлгэж буй лянхуа цэцэг барьсан байх бөгөөд анхных нь өнгөрсөн цаг үед заларсан Будда болох Кашапаг бэлгэддэг. Хоёр дахь дэлбээ нь Шагжамуни бурханыг бэлгэддэг бөгөөд гүйцэт дэлбээлсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Даруй дэлгэрэх гэж буй байдалтайгаар дүрслэгдсэн гурав дахь дэлбээ нь ирээдүйд залрах Майдар бурханыг бэлгэддэг. Ийнхүү Бадам цэцгээр дамжуулан Дара эх бурханыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бурханы бэлгэдэл болгон дүрсэлдэг ажээ. Өглөгийн мутарлагыг ихэвчлэн баруун мутраар үйлддэг. Цагаан Дара эхийн мутрын мэлмий болон дэлгэсэн таван хуруу нь арга билгийн бэлгэдэл болно. Өндөр гэгээн Занабазар Цагаан Дара эхийн гайхамшигт дүрийг бүтээсэн нь хожмын шүтээн зурагт монгол урчуудын даган барих үндэс уламжлал болсон юм. Уг бүтээлд Цагаан дара эхийг монголжуу дүр төрхтэй урласан байна.
Хорин нэгэн дара эхийн тухайд: Эмэгтэй хүн бодь хутгийг олж бурхан болж болохыг мөн бурхдын үйлсийг бэлгэддэг Дара эхийн дүрслэл нь Бурханы шашинт Энэтхэг, Төвд, Монголын урлагт томоохон байр суурьтай юм.
Учир нь Дара эхийн шүтлэг тухайн улс үндэстний дотор ихэд түгээмэл дэлгэрсэнтэй холбоотой юм. Улмаар Дара эхийн шүтлэг хийгээд түүний дүрслэл нь шашин номын хүрээнд дэлгэрээд зогсохгүй ард түмний ахуй амьдрал дунд нэвтрэн орж, улс үндэстний уугуул урлагийн бүтээл болон уламжлагджээ.