Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр Олон улсын авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдөртэй холбогдуулан авлигын гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одтой ярилцлаа. Тус хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлигын гэмт хэргүүдэд дагнан хяналт тавьдаг.
Авлигатай тэмцэх чиглэлд дэвшил гарсан уу? Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч авлигын гэмт хэрэг буурахгүй байна. Энэ төрлийн хэргийн хяналт шийдвэрлэлт 2021 онд ямар түвшинд байна вэ?
Монгол Улс 2021 онд авлигын индексээр Олон улсын түвшинд ямар байгааг одоо тодорхойлох боломжгүй. “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас 2021 оны авлигын индексийг гаргаагүй байна. 2020 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 35 оноо авч 111 дүгээр байранд жагссан. Энэ нь 2019 оноос зургаан байраар ухарсан. Гэхдээ прокурорууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигатай тэмцэж байгаа. Прокурорын байгууллагаас 2019 онд авлигын 1022 хэрэгт хяналт тавьж, 83 хэрэг шүүхэд шилжүүлж байсан бол 2020 онд 1082 хэрэгт хяналт тавьж, 462 хүнд холбогдох 173 хэргийн шүүхэд шилжүүлсэн.
2019, 2020, 2021 оны хагас жилийн байдлаар Нийслэлийн прокурорын газраас авлигын гэмт хэргийн талаарх 1284 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсээс энэ оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаарх 604 гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 235-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан байна. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсан 218 хэрэгт хяналт тавьж, 78 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
2021 оны хагас жилийн байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан авлигын хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь төрийн албан хаагчид байсан. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бүхий л шатуудад гарч байна. Нийслэлийн прокурорын газраас авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 56 мэдэгдэл бичиж хүргүүлсэн.
Хэдийгээр хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох замаар авлигатай тэмцэж байгаа боловч авлигын гэмт хэргийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдсээр байна.
Авлигын гэмт хэргийг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна.
Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал юм. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, хахууль авах, өгөх гэмт хэргүүдийн гарах шалтгаан нь төр иргэдэд үзүүлэх үйлчилгээ ил тод биш, үйл ажиллагаа нь түргэн шуурхай явагддаггүй, иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь тодорхой бус байдаг зэргээс болдог гэж үздэг. Тиймээс төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй, хүнээс хамаарал багатай болгох нь авлигын гэмт хэрэг бууруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой юм. Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор e-mongolia, e-gazar.gov.mn, gerege.mn, e-barimt.mn гэх мэтчилэн мэдээллийн нэгдсэн системүүдийн нэвтрүүлж байгаа нь том дэвшил гэж харж байна. Тухайлбал, цахим шилжилтэд шилжсэнээр авлигын гэмт хэрэг нь буурч, индекс нь өсч буй жишээ улс бол Эстони улс юм. Эстони улс төрийн үйлчилгээний 99 хувийг цахимжуулснаар авлигын гэмт хэргийн гаралтыг бууруулж, 2012 оноос хойш авлигын индекс нь жилээс жилд өсч байгаа. 2012 оноос хойш “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан авлигын төсөөллийн индексээр 75 оноогоор 17-д бичигдсэн.
Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.
Авлигын гэмт хэргийг шалгахад учирч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг ба нууц далд аргаар ч илрүүлдэг. Ер нь авлигын гэмт хэрэг ил үйлдэгддэггүй. Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй баримт бичиг болон санхүүгийн гүйлгээ, баримт гээд олон эх үүсвэрийг шалгадаг учраас цаг хугацаа ордог. Авлигын гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоохын тулд гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага бий болдог.
Тус прокурорын газраас 2020 оны байдлаар гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Казакстан, АНУ, Их Британи Виржиний арал, Камбож, Украйн, БНСУ, Франц, Латви, Узбекистан, Канад, ХБНГУ, Болгар, Польш, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг гадаадын улс орны эрх бүхий байгууллагуудад 40 орчим эрх зүйн туслалцааны хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээр дамжуулан хүргүүлсэн.
Гэвч энэ ажиллагаа нь нэлээн удаан хугацаанд үргэлжилдэг учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх асуудал гардаг. Үүнтэй холбоотойгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос гадна олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзэж байна.