Зонхилон тохиолддог чих хамар хоолойн эмгэгүүд болон чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ц.Доржсүрэн дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.
Чих, хамар, хоолой гэсэн гурван эрхтнийг яагаад хавсаргаж үзээд байна гэвэл чих, хамар хоёр хоорондоо холбоотой, хамар нь хоолойтойгоо залгиур хоолойгоор холбогддог учраас нэг асуудал болж тавигддаг. Аль нэг нь өвдсөн тохиолдолд нөгөө хоёр эрхтэнээ үрэвсүүлж, өвчин нь даамжирдаг.
Хоолойн нийтлэг тохиолддог өвчин эмгэг
Хоолойн өвдөлт: Хоолой өвдөхөөр хүмүүсийн ихэнх нь хоолойны мах өвдлөө гэж ойлгодог. Үүнийг шинжлэх ухааны талаас хоолойн мах биш гүйлсэн булчирхай гэдэг. Энэ нь хамгаалах дархлааны нэг эрхтэн. Амны хөндийд хэд хэдэн гүйлсэн булчирхай бий.
1.Хэлээ гаргаад амаа ангайхаар харагддаг нь тагнайн гүйлсэн булчирхай
2.Хэлний гүйлс нь угт байдаг
3.Нармайн гүйлс нь хамрын хөндийн угт байрладаг
4.Сонсголын гуурсанд байрладаг гүйлс гэсэн 4 гүйлсэн булчирхай бий.
Хамгийн түрүүнд үрэвсдэг, иргэдийн дунд нийтлэг тохиолддог нь тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл. Шүлс залгихад өвдөж, улайдаг. Ялангуяа хүүхдийн хувьд элбэг тохиолддог нь нармайн гүйлсэн булчирхайн эмгэг.
Хүүхдийн амьсгалын дээд зам жижигхэн, нарийхан байдаг бөгөөд нармайн гүйлс томорсон тохиолдолд амьсгалд саад болж хамар нь битүүрдэг.
Амаа ангайх, унтахдаа хурхирах, ярихдаа амаа ангайж байвал нармайн гүйлсэн булчирхайн томрол байгаа эсэхийг мэргэжлийн эмчид очиж үзүүлэх шаардлагатай.
Хүүхэд багаасаа амаа ангайж унтах, амаараа байнга амьсгалснаас болж эрүүний зуултын гажиг үүсдэг. Мөн амьсгалын дээд зам хуурай болох, нойрондоо муу болох зэрэг хүндрэлүүд үүснэ. Үүнийг заавал мэргэжлийн эмчид үзүүлж шалгуулаарай.
Ханиад хүрсний дараа гүйлсэн булчирхай томорч үрэвсээд тэр хэвээрээ үлдэх эрсдэлтэй юу?
Байж болно. Чих, хамар, хоолойн эмчид үзүүлж хамраа дурандуулах, залгиур хоолойг шалгаж, рентген зургаар баталж оношлуулах хэрэгтэй. Үүний дараа гүйлсэн булчирхайг авахуулах шаардлагатай эсэхийг шийддэг.
Том хүний хувьд тагнайн гүйлсэн булчирхай жилд зургаагаас дээш удаа өвддөг, өндөр халуурдаг бол үрэвсэл үлдэж цаашлаад хүндрэл нь бөөр, зүрх, үе мөч өвддөг болгох зэрэг шинж тэмдэг дагалдаж гарч ирдэг. Энэ тохиолдолд мэс засал хийлгэх ёстой.
Хэрэв мэс засал хийлгэхгүй бол гүйлсэн булчирхайнд агуулагдаж байгаа идээт үрэвсэл, үрэвслийн шингэн нь зөөлөн эд рүү нэвчин орж, эрүү, хүзүү рүү явсаар цээжний хөндий рүү орж бүх биеийг хамрах маш том эрсдэлтэй. Тиймээс үрэвслийн голомттой хэсгийг авах шаардлагатай. Гүйлсэн булчирхайг авснаар бусад гүйлсэн булчирхайнууд үүргийг нь нөхөж гүйцэтгэдэг гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Гүйлсэн булчирхайг авахуулчихаар дархлаа мууддаг гэдэг нь буруу ойлголт.
Хоолой байнга өвдсөнөөс болж идээ нь хүзүү рүү ордог.
Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгүй байх. Өвдсөн үед нь хоолойн гаа хүлхэх зэргээр өвдөлт намдаагаад өнгөрөх нь буруу гэсэн үг үү?
Тийм. Ойр ойрхон хоолой нь өвддөг, тэгээд өвдөлтөө намдаах төдийгөөр өнгөрүүлэх нь буруу. Өвдөлтөө намдаана гэдэг нь өвчин байхгүй болно гэсэн үг биш. Зөвхөн мэдрэхүйгээрээ өвдөлтөө түр дарчихаад байгаа хэрэг. Ингэж явсаар уг өвчин, суурь нь даамжирч дээрх хүндрэл үүсдэг. Хүзүү хавдаж идээгээр хавдах нь огцом явагддаг. Маш богино хугацаанд буюу хоолой өвдсөнөөс хойш 4-5 хоногийн дотор томорч илэрдэг. Харин дотор үрэвсэл нь нэг, хоёр жил үргэлжилсэн байдаг. Энэ тохиолдолд амь насны заалттай хүнд хагалгаа хийдэг.
Хоолойн идээт үрэвслийн үед өөр ямар хүндрэл үүсдэг вэ?
Идээт голомт цусаар дамжиж бүх биеэр тархдаг. Түүний улмаас хамгийн түрүүнд бөөр, зүрх, үе мөч гэмтдэг. Ингэж хүндэртэл нь хоолойгоо өвтгөж, өвчин намдаах эм ууж олон сар явахгүй байхыг хичээгээрэй. Хоолой өвддөг бол дур мэдэн эмчлэхгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Төвөнх, дууны хөвч түүний бүтэц ба түгээмэл тохиолддог эмгэгүүд
Хоолой өвдөнө гэдэг нь зөвхөн залгиур хоолойн асуудал. Харин төвөнх нь эрүүнээс доошоо байрлалтай амьсгал дамжуулах, дуу авиа үүсгэдэг эрхтэн. Төвөнх өвдөх асуудлыг төвөнхийн үрэвсэл гэнэ. Төвөнхийн маш олон хортой хоргүй үүсгэвэр илэрдэг. Дуу гаргадаг анхдагч эрхтэн болох дууны хөвч нь баруун, зүүн гэсэн хос эрхтэн. 2.5 см урттай маш эмзэг эрхтэн. Үүнээс л дуу авиа гардаг. Энэ гэмтэхээр нэгдүгээрт хоолой сөөдөг, дуу авианд өөрчлөлт ордог, юм идэх, залгихад хоолойд гадны биет байгаа юм шиг торж, өвддөг. Ийм байдалтай удаан явахаар өвдөлт мэдрэгддэг. Өвдөлтийг залгиур хоолойн асуудлаас ялгах хэрэгтэй. Үүний тулд асуумж авч, үзлэг хийж оношоо тодорхой болгоно.
Манай орны нөхцөлд түгээмэл тохиолддог нь төвөнхийн архаг үрэвсэл. Гол хүчин зүйл нь залгиур хоолойн үрэвсэл даамжрах, ходоод гэдэсний сөргөөний улмаас төвөнх түлэгдэж гэмтдэг. Энэ тохиолдолд горойх, цээж гашуу оргих, хэхрүүлэх, хоолой загатнаж хуурайших шинж тэмдэг илэрнэ.
Мөн дээрээс нь дууны хөвчин дээр хортой хавдар үүсдэг.
Төвөнхийн асуудалтай, хортой хавдартай хүмүүсийг 100 хувь гэж үзвэл 90 хувь нь тамхи татдаг, олон жил тамхи татсан асуумжтай байдаг. Хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь тамхи гэдгийг олон улсын судалгаанууд баталсан.
Төвөнхийн хавдар хожуу оношлогдох тохиолдол их. Эзлэхүүнтэй эрхтэн учраас ургасан зүйл нь бусад талбайд мэдрэгдэхгүй, ямар нэгэн зовиургүй явсаар томорч эцэст нь амьсгалын замыг таглах, хоолой сөөх шинж тэмдгээр илэрдэг. Ингэж илрэх нь хожуу шатандаа орсныг илтгэнэ. Хожуу шатанд орохоос өмнө харуулж, хянуулдаг иргэд цөөхөн. Төвөнхийн хорт хавдар амьдралын хэв маяг, насжилтад шууд нөлөөлдөг. Туяа болон химийн эмчилгээ, мэс заслын эмчилгээгээр эмчилдэг боловч ярихад түвэгтэй, хоолой сөөнгөтсөн хэвээр үлддэг урхагтай. Тэр хэрээр амьдралын чанар доройтдог.
Дараагийн түгээмэл тохиолддог эмгэг нь хамрын асуудал
Хамар бол нүүрний гол хэсэгт байдаг, нүүрний бүх хэлбэр, зөв төрхийг илэрхийлдэг гол эрхтэн. Хамрын гэмтэл хүмүүсийн дунд маш их тохиолддог. Ялангуяа хамрын таславчийн муруйлт.
Таславч нь хамрын хөндийг баруун зүүн хэсэгт хувааж буй тасалгаа юм. Ар хэсэг нь яс, урд хэсэг нь мөгөөрснөөс тогтдог. Голд байдаг учраас хамрын үндсэн багана болж байдаг.
Таславчийн муруйлт нийт иргэдийн 80 орчим хувьд байдаг. Муруйсан үед муруйсан хэсгийн хөндийгөө шахаж дутуу амьсгалдаг. Эсрэгээрээ нөгөө тал нь зайгаа нөхөж томордог. Ингэснээр хамрын хоёр тал хоёулаа битүүрдэг болно.
Хамар битүүрэх үед хүмүүс цацлага цацаад яваад байдаг нь зөв үү буруу юу?
Үрэвслийн эсрэг болон хамар онгойлгодог гэсэн хоёр төрлийн цацлага байдаг. Хамар онгойлгодог цацлага нь хөөгөөд хавагнасан буюу судаснууд өргөссөн, зөөлөн эдүүдэд шингэн хурсан байгааг цацах үед түр хугацаанд хүчтэй агшаах үйлчилгээтэй. Энэ нь үрэвсэл намдаж байна гэсэн үг биш. Өргөссөн судсыг зориудаар агшаах цацлага хэрэглээд байвал хамрын самалдаг улам томроод цацлага цацах хоорондын зай ч ойртдог. Тиймээс үрэвслийг дарах нь чухал.
Хамрын таславчийн муруйг эмчлүүлэхгүй, цацлага төдийгөөр хамрын битүүгээ арилгаад яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?
Хамрын таславч муруй, битүүрч явсаар хамрын дайвар хөндийн үрэвсэл болж хүндэрдэг. Гамрит (гайморит) гэдгээр нь хүмүүс ярьдаг. Шинжлэх ухааны талаас үүнийг тайлбарлах юм бол хармын хөндийг тойрсон 4 хос хөндий бий. Духны, хацрын, нүдний хооронд байрлах элхэг хөндий, суурийн хөндий гэсэн хос хөндийнүүд. Эдгээрийн аль нэг хөндийд үрэвсэл үүссэн байгааг хамрын дайвар хөндийн үрэвсэл гэдэг. Өөрөөр хэлбэл гамрит (гайморит). Хүндэрсэн тохиолдолд бусад бүх хөндийг хамардаг. Үрэвслийн шингэнээр дүүрээд сүүлдээ идээ болж хувирч, хуримтлагдсаар байгаад идээ нь ясыг идэх буюу духны хөндий, суурийн хөндий, элхэг хөндийг гэмтээж идээ дүүрч явсаар тархины ялтаслаг хамгаалалтыг хүртэл идэж менингит гэх айхавтар өвчин тусах гол эрсдэлтэй.
Чихний асуудал ба чихний бүтэц, түгээмэл тохиолддог эмгэг
Гадна чих буюу чихний дэлбээ, чихний гадна суваг, хэнгэрэг, түүний цаана алх дөш дөрөө гэсэн гурван яс, дотор чих буюу дунд дуу авиаг дамжуулж, цаашаа сонсголын мэдрэл гэсэн бүтцээр дамжиж хүн юм сонсдог. Чих бөглөрөх нь хэнгэрэг татагдсан гэсэн үг.
Хүмүүс чихээ их ухдаг. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Хулхи нь гадна орчинтой шууд харьцаж байгаа учраас заавал цэвэрлэх шаардлагагүй. Цэвэрлэх тусам дотор байгаа хулхийг цааш түлхээд хэнгэрэгт очдог. Ингэснээр чихээр хатгуулж өвдөх, чих дүлийрэх асуудал үүсдэг.
Хоёрдугаарт, чихний гадна талын суваг арьсаар хучигдсан яс байдаг. Булчин шиг зөөлөн эд байхгүй. Энэ нимгэн ясыг гадна дотор талаас нь хатуу юмаар үрээд байхаар үрэвсээд шарх үүсдэг. Үүний улмаас хамгийн их тохиолддог өвчин бол чихний хатиг. Чихний хатиг цааш хүндэрч идээт үрэвсэл нь ясыг дээшээ идсээр өнөөх тархины менигит өвчин болох хүндрэл бий болдог. Асар богино хугацаанд үүсдэг асуудал. Тоодоггүй мэт боловч үр дагавар нь маш ноцтой. Чихээ байнга ухдаг, усанд орсныхоо дараа үргэлж ухаад дадал болсон хүмүүст ийм асуудал их тохиолддог. Чих бол маш мэдрэмтгий эмзэг эрхтэн. Тиймээс чихээ бүү ух.
Мөн хэнгэрэгнээс цаашаа дунд чихний үрэвсэл гэж бас түгээмэл тохиолддог эмгэг бий. Алх, дөш, дөрөө гэх хэнгэргийн цаана байрлах яс, хамар луу холбогддог сувагтай. Ханиад хүрээд амьсгалын дээд замын халдвар болчихоор хамар үрэвсэж, улмаар хамар, чих хоёрыг холбосон гуурс хавагнаж агааргүй болдог. Ингээд бактери үүсдэг. Хамрын үрэвсэл дээшээ гуурсаар дамжиж чих өвддөг. Хүүхдэд элбэг тохиолддог.
Дунд чихэнд үрэвсэл үүссэнээр алх, дөш, дөрөө яс, хэнгэрэг хөдөлгөөнгүй болж чихний сонсгол буурдаг. Сүүлдээ ясгүй болж яс нь идэгдэнэ. Бүр цаашлаад менингит болох аюултай.
Чих шуугих хүндрэл түгээмэл тохиолддог
Чихний шуугиан нь их даралт буюу хүчтэй дууг байнга хүлээж авч сонсоод байхаар үүсдэг. Үүнээс үүдэнд шуугиан үүсэх, мэдрэлийн гаралтай нөхөн сэргээгдэхгүй сонсголын бууралттай болдог. Чихэвч чанга сонсох нь хамгийн их нөлөөтэй. Чихэвчнээс болж сонсгол буурсан бол дахин сэргэх боломжгүй гэж ойлгох хэрэгтэй.
Мөн чих шуугих бас нэг шалтгаан нь цусан хангамж дутагдах. Өнөө маргаашдаа гайгүй мэт байх боловч сонсгол бууралт нь даамжирсаар 10, 20 жилийн турш муу сонсож байгаагаа хүмүүс анзаарахгүй дасаад яваад байдаг. Тиймээс урьдчилж эдгээр зүйлсээс хол байж сэргийлээрэй.
Чих, хамар, хоолойн эмгэг өвчнүүдийг хүндрүүлэхгүйн тулд эмчид хэзээ хандах вэ?
Хөдөө орон нутгийн иргэд хотод орж ирж үзүүлэх нь ховор. Хүндэрсэн хойноо л ирдэг. Эмнэлэг хол байдаг гэсэн шалтгаантай. Уг нь жилдээ ядаж нэг удаа чих, хамар, хоолойн эмчид үзүүлээд явж байх хэрэгтэй.
Харин хотын иргэдийн хувьд агаарын бохирдол, хуурай уур амьсгал зэргээс үүдэн хамар хуурайшдаг. Тоосжилттой холбоотойгоор харшил их болсон. Тиймээс хамар битүүрэх, хоолой чих загатнах тохиолдолд чих, хамар, хоолойн эмчид заавал үзүүлээрэй. Харшлаас болоод хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй. Тиймээс юунаас болж хамар битүүрч байгааг нарийн оношлуулж шалгуулаарай. Дур мэдэж эм уухгүй байхыг зөвлөе.
Чихээ битгий ух, их чанга дуу шуугианаас хол бай, харшилтай бол орчин тойрондоо чийгшүүлэгч тавь, томуугийн үе эхлэхтэй зэрэгцэн маск зүү, гараа тогтмол угаа, хоолой зайлдаг элдэв бодис, хамрын цацлага зэргийг дураараа битгий хэрэглээрэй. Бүгд шингэнийг өөртөө татдаг хуурайшуулах үйлчилгээтэй. Хуурайшаад байвал үрэвсэл үүсэх эрсдэлтэй гэдгийг дахин анхааруулъя.