Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем юм. 2020 оны байдлаар ойн сан бүхий газар 18,321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байгааг тодотгов.
Үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэхэд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад “Тэрбум мод”-ыг тарьж ургуулах ажлын хүрээнд сэрүүн бүсийн ойн нөхөн сэргээх зорилгоор 667.2 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 272.3 сая, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 229.8 сая, хамгаалалтын зурваст 209.4 сая, төв, суурин газрын ногоон байгууламж 130.8 сая буюу нийт 842.4 сая навчит үүлдрийн модыг тарьж нийтдээ 1.5 тэрбум модыг тарьж, ургуулах тооцоолол гараад байна.
2021-2022 оны намар, хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан гэж байлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай усны нөөцийг хур тунадасны улирлын шилжилт, эрчмийн өөрчлөлтийг харгалзан аадар бороо, цас мөсний хайлалтын усыг тогтоон барих хөв цөөрмүүдийг байгалийн тогтоц ашиглан байгуулах, нуур, гол, мөрний татамд үерийн усыг хуримтлуулах дэд бүтцийг бий болгох, говь хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, ойжуулалт, мод усалгаанд байгальд ээлтэй, олон улсын шилдэг туршлага, ногоон шийдлүүд бүхий усалгааны арга технологийг нэвтрүүлж, хот, суурин газрын ойжуулалтын усалгааны шийдлийг үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг эргүүлэн ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, шийдвэрлэхээр төлөвлөж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн Монгол оронд гадаргын усны хуримтлал бий болгон нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх, шилжүүлэн ашиглах зорилгоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тус тус “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, хүн ам, газар тариалан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад гадаргын ус хуримтлуулан олон зориулалтаар ашиглах боломжтой Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслийг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг мэдээлэлдээ онцоллоо.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Аубакир нар асуулт асууж, санал хэлсэн.
Гишүүдийн зүгээс Монгол Улсын ойн хэдэн хувь нь хортон шавьж болон гал түймэрт өртөөд байгааг илүүтэй лавлаж байлаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын хөдөлгөөний бодлоготой уялдуулан жимс, жимсгэний мод суулгахаар төлөвлөсөн, эсэх уулын модыг нийслэл хотод шижлүүлэн тарьж суулгаж байгаагийн үр дүнгийн талаар илүүтэй тодруулав.
Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт хортон шавьж, гал түймэрт өртөж сүйдсэн. Үүнийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай байгаа. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид 11 хувьд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэдгийг хариултдаа онцолсон.
Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уулын модыг суурин газарт шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 8400 ширхэг модыг хот суурин газрын ногоон байгууламжид тарьж суулгасан бөгөөд ургалт нь 99 хувьтай байгаа гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Ер нь стратегийн орд бүхий газар, авто зам барих, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татах зурвас газрын модыг тайрч цэвэрлэх шаардлагатай байдаг. Энэ асуудалд салбарын яам, орон нутгийн харьяа байгууллагуудтай хамтарч мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр модыг тодорхой тоогоор шилжүүлэх асуудал байдаг. Үүнээс бусад тохиолдолд ойгоос мод шилжүүлэхийг хориглосон гэв.
Түүнчлэн салбарын яамны зүгээс 1990 оноос өмнө жимс, жимсгэнэ тарьж байсан талбайнуудыг сэргээх бодлогыг барьж байгаа. Тухайн газруудад дэд бүтэц болоод холбогдох суурь судалгаанууд хэдийнэ хийгдсэн тул эхний ээлжинд эл талбайг ашиглахаар төлөвлөсөн хэмээн хариулж байлаа.
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо
Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулахаар хүргүүлээд байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын судалгааг хийж, тусгай хамгаалалтад авах шаардлагатай 215 газар нутгийн судалгааны тайланг гаргасан. Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын үнэт өв болон ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дасан зохицох шаардлагыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр зайлшгүй улсын тусгай хамгаалалтад авах жагсаалтыг гарган Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргуулахаар сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан гэж байлаа.
Мөн тэрбээр, Монгол Улсын зарим газар нутгийг шинээр болон урьд батлагдсан хамгаалалтын талбайн хэмжээг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад хамруулснаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 онд нийт газар нутгийн 30 хувьд хүргэх, биологийн олон төрөл зүйлийн хомстолыг хязгаарлан зогсоох, байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажилд иргэд, хуулийн этгээд оролцох, санал, санаачилгаа төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх, үр шимийг нь хүртэх боломж нэмэгдэх, тусгай хамгаалалттай газар нутаг түүний орчны бүсэд олон нийтийн хяналтын тогтолцоо бүрдэх, нутгийн уугуул, ялангуяа уламжлалт аргаар аж ахуй эрхэлдэг иргэдийн зохион байгуулалт сайжирч, нутгийн бэлчээр, байгалийн баялгийг зөв зохистой ашигладаг болох, ажлын байр, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэргээр орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшилж, улмаар хэт төвлөрлийг сааруулах үр дүн гарна гэдгийг онцлов.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Алтан хөхий уул, Баянхонгор хайрхан уул, Хөх нуур бумбат, Хурх хүйтний хөндий зэрэг байгалийн нөөц газрын “Хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2022 оны 04 сарын 13 өдрийн 01/1936 тоот албан бичгийг хүргүүлж, саналыг авч нэгтгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/912 дугаар дүгнэлт гаргуулсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсныг мэдээлэлд дурдсан байв.
2022 оны байдлаар улсын хэмжээнд дөрвөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна. Үүнд: Хустайн байгалийн цогцолборт газрыг “Хустай цогцолборт газар төв” төрийн бус байгууллага 1994 оноос, Их нартын байгалийн нөөц газрыг “Аргаль, агнуур судалгааны төв” төрийн бус байгууллага 2013 оноос, “Их нартын менежмент” төрийн бус байгууллага 2019 оноос, Хар ямаатын байгалийн нөөц газрыг “Дэлхийн байгаль хамгаалах сан” 2013 оноос, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага 2019 оноос тус тус хариуцан ажиллаж байна. 2020 онд “Хустай цогцолбор газар” төрийн бус байгууллага нь Хустайн байгалийн цогцолбор газрын хамгааллын зардалд 1,2 тэрбум төгрөг, Хар ямаатын байгалийн нөөц газрын хамгааллын зардалд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 260,0 сая төгрөг, Их нартын байгалийн нөөц газрын хамгааллын зардалд “Их нарын менежмент” төрийн бус байгууллага 80 сая төгрөг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага, хамгааллын зардалд орон нутгийн төсвөөс 84.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Төрийн зарим чиг үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх нь улсын төсвийг тодорхой хэмжээгээр хэмнэж буйг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний А/243 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоож, 5594 га талбайгаар хязгаарлалтын бүсээс хасаж, хамгаалалтын бүсийг тэлэн хамгааллыг сайжруулсныг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 36 удаагийн тушаалаар нийт 139 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлээд байгааг тодотгосон.
Мөн тэрбээр, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн судалгааг гаргаж, лавлагаа гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09/2802 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10/3958 албан бичгээр нийт Улсын тусгай хамгаалалттай газартай давхцалтай 14 компанийн 19 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл долоон аймагт байгаа мэдээлэл ирүүлснийг онцолж байлаа.
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг тогтоосон. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нийт 407 нэгж талбарын 34.21 га газар, үүнээс: Нийслэлийн Засаг даргын захирамжтай 44 нэгж талбарын 9.48 га газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай 187 нэгж талбарын 12.5 га газар, газар өмчилсөн 175 нэгж нэгж талбарын 10.66 га газар, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нийт 213 нэгж талбарын 31.07 га газар, үүнээс: Нийслэлийн Засаг даргын захирамжтай 182 нэгж талбарын 29.5 га газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжтай 30 нэгж талбарын 1.5 га газар, Захирамж тодорхойгүй 1 нэгж талбарын 0.07 га газрын өмчлөх, эзэмших эрх олгосныг дурдахын зэрэгцээ одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 192 иргэн, хуулийн этгээдэд олгосон бөгөөд 1267,2 га талбайг ашиглаж байна. Баянзүрх дүүргийн товчоо, Хүрхрээгийн орчимд нийслэлийн Засаг даргын захирамжаар 108 иргэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд байгааг мэдээлэлд дурдав.
Мөн ойн сан, усан сан бүхий газар, дэд бүтэц, зам, шугам сүлжээний хамгаалалтын зурвас, бусдын ашиглаж буй газартай давхцалтай нэгж, талбарыг хүчингүй болгон ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ онцлоод улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд байж болох малын тоо, төрөл, ашиглаж болох бэлчээр, газрын нөөц даацын судалгаанд тулгуурлан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах, менежментийн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гэрчилгээжүүлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Ажлын хэсгийнхэнд хандан байгаль хамгаалахтай холбоотой хуулиудын хийдэл, давхардлыг арилгахаар боловсруулсан багц хуулийн төслөө яаралтай өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад идэвхтэй ажиллах шаардлагатайг онцгойлон анхааруулж байлаа.
Хуралдааны төгсгөлд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх” Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Даланзадгад, Дундговьруу очих авто замаар нүүрс тээвэрлэж буй явдлыг зогсоох асуудалд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг хүнд даацын авто машинаар тээвэрлэснээс үүдэн авто зам багагүй эвдэрч, зам тээврийн осол их гарах болсныг онцолсон. Иймд эл түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх ажил ямар шатандаа яваа болон нийт хэчнээн тонн мидлингийг татсаныг илүүтэй лавлаж байлаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул хариултдаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг шаардлагатай түүхий эдээр хангаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн иргэдэд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, салбар дундын нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг татах ажлыг өнгөрсөн зунаас эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төмөр зам ашиглалтад орсон тул авто замаар тээвэрлэх асуудал харьцангуй багассан гэж байлаа.Мөн тэрбээр өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 248 мянган тонн мидлинг татаж аваад байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам ХНН”-ээс тус компанид нийт 150 вагон гаргаж өгсөн. Ер нь мидлинг тээвэрлэх асуудлыг төмөр замаар татах чиглэлийг барьж байгаа хэмээн хариулав.