-Тоглож байсан дүрүүдээс чинь хамгийн их дарамттай нь ямар бүтээл байв. Зураг авалт дууссаны дараа нуруунаас тань ачаа аваад хаячих шиг, тийм мэдрэмж өгч байсан бүтээл?
-Тийм шүү. Мэдээж байлгүй яахав. Өмнө нь хэзээ ч ингэж “зүтгэж” үзээгүй. Энэ бол миний шилдэг дүр. Мэдээж хэрэг Николь Кидмантай хамт тоглосон “Австрали” кино шүү дээ. Үнэхээр арьс махтай минь хатаасан уран бүтээл болсон. Би өөрөө Австрали хүн болохоор ч тэр үү их сэтгэлийн дарамттай тоглосон. Анх кино зохиолоо уншаад л миний эх орон хэдхэн хүний гарт орчихвол яанаа гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан. Одоо бодохнээ энэ киноны түүх бол миний түүх. Миний газар нутаг шүү дээ. Удаан хугацаанд эх орондоо очоогүй байсан болохоор ч тэр үү унаган нутагтаа жинхэнэ индиан шиг л аашилсан даа.
-Хоцорсон үеийн асуулт байж магад Никольтой хамтран тоглох таалагдсан уу. Тэр ч бас Австрали хүн шүү дээ?
-Хайр дурлалын хэсгүүд халуухан болсон шүү. Азаар Николийн нөхөр, манай эхнэрийн аль нь ч зураг авалтын талбайд байгаагүй(инээв). Тэгээд ч бид хоёр хоёулаа Австрали хүмүүс, тэгээд ч барахгүй Австрали гэх кинонд тоглож байсан учраас аль аль сэтгэл хангалуун байсан даа. Би бол жүжигчин болохоос кино шүүмжлэгч биш. Тиймээс Николийн сайн мууг хэлэх эрх надад байхгүй.
-Сүүлийн үед таны нэр халуухан залуусын жагсаалтыг байнга тэргүүлэх боллоо?
-Хачин юм. Би иймэрхүү рейтингийг тэнэг хэрэг гэж боддог байсан. Дэлхийн хамгийн халуухан залуу ч гэх шиг. Тэд намайг халуухан гэдгийг яаж мэдээд байгаа нь. Өөр санаа зовох юм байхгүй юм уу, хаашаа юм. Харин “People” сэтгүүл намайг энэ цолоор шагнахад миний эхнэр “Үгүй байлгүй дээ. Тэд тоглож байгаа байх” гэсэн. Эхнэр маань “Ингэхэд хэн шалгаруулдаг юм” гэхэд би хариуд нь “Сэтгүүлчид сууж байгаад л санал асуулга явуулдаг” гэхэд “Тэгвэл хэн ч түрүүлж болох юм байна” гэсэн. Дараа нь “Чи Брэд Питтээс илүү санал авсан гэж үү” хэмээн гайхахад надад таатай байсан шүү. Гэхдээ биеэ тоож, дАлавч ургаад байсан юмгүй. Яагаад ч юм бэ 2013 оны 40 дээш насны хамгийн сайхан залуу болоход Брэд миний сүүл хавьцаа байхад орилмоор болсон гээч. Тэрийг харахаар хазаад авмаар сайхан залуу шүү дээ.
-Брэд Питтийг үү. Таныг эсрэг хүйстнээ сонирхдог гэж бодно шүү дээ?
-Би ямар худлаа ярьсан биш. Үнэхээр сайхан залуу шүү дээ.
-Та бүсгүйчүүдийн сэтгэлийг соронзон мэт л татдаг шүү дээ?
-Худлаа байхаа. Нэг удаа Францын сэтгүүлчид ярилцлага өгч байхдаа 3000 бүсгүйг үнсэж, Шендлэр шиг л омголон явлаа гэсэн чинь, маргаашнаас нь намайг шалаг амьтнаар минь дуудаж билээ. Үнэхээр инээдэмтэй. Манай туслах залуу “яанаа Хью Жекман, чиний тэр тэнэг ярилцлаганаас болж, эмэгтэй фэнүүд чинь эрс багаслаа шүү дээ. Одоо яах гэж байна. Удахгүй шинэ уран бүтээл чинь гарах гэж байхад” гэдэг байгаа. Би орон дээрээ хэвтэж байснаа за за дүүрсэн хэрэг гээд л “Twitter” дээрээ “Дэлхийн гоо үзэсгэлэнгүүдээ. Хэзээ нь би амжих вэ дээ. Би чинь гэрлээд 12 жил болж байна. Эхнэртээ үнэнч байсан. Байх ч болно. Ийм олон бүсгүйг үнссэн бол уруул минь хагарга” гэж жиргэсэн дээ. Таван цагийн дараа дахиад л манай туслах залуу над руу нэг харснаа “Сайн жүжигчин шүү” гээд гараад явсан даа. /Инээв/.
-Жүжигчин болохыг хүсдэг байсан уу?
-Үгүй дээ. Би сүмийн гэгээнтэн болохыг хүсдэг байсан. Миний эцэг сүсэгтэй хүн байсан юм. Гэхдээ театр үргэлж миний анхаарлыг татдаг байлаа. Эцсийн эцэст би кино бизнест ажиллаж байна. Сүмээс дутахгүй гэдгийг ойлгосон. Бас ийм сайхан залуу гэгээнтэн болчихвол хүүхнүүд ямар их ганцаардах байсан бол. За энэ хэсгийг оруулахгүй шүү, дахиад эмэгтэй фэнүүдээсээ уучлалт гуйх шаардлагатай болно /Инээв/.
-Та “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болгон дээр байнга гялалзаж байдаг. Зурагчид үдшийн даашинзнаас илүү таны биеэ барьсан хар костюмыг авахыг оролдож байгаа мэт харагддаг. Хөдлөнгөөс харвал олз руугаа дайрч буй хар ирвэс мэт дүр зургийг үзүүлдэг?
-Би олз нь уу, тэд олз нь уу. Тэгэхдээ эмэгтэй хүнээс илүү эр хүн гэж байдаггүй юм. Тэд чинь хорвоогийн хамгийн үнэтэй очир эрдэнэс шүү дээ. Би бол зүгээр модель байхгүй юу даа, харин ард байгаа жижиг хэрэглэл, нүүр будагч гээд л хүмүүс чинь улаан хивсний ёслол дээр намайг бусдаас дутахааргүй харагдуулдаг юм. Намайг биш тэднийг алдаршуулах хэрэгтэй.
-Таны хамгийн дуртай зүйл юу вэ?
-Хөгжилтэй байх. Ер нь бол би хүмүүсийг хөгжөөх дуртай. Тайзан дээр чөлөөтэй байж чаддаг. Ганц хоёр арга хэмжээ хөтөлж байсан туршлага бий. Хэрвээ ийм туршлагагүй байсан бол хэцүү, аймшигтай байх байлаа. Мэрил Стрипийг инээлгэсэн минь үнэхээр гайхалтай. Тэр залуу минь чи үнэхээр хөгжилтэй юмаа гэж хэлсэн дээ. Тэр өдрөөс эхлэн эхнэр хүүхдүүддээ үргэлж хөгжилтэй зан гаргахыг хичээдэг болсон. Хааяа хүүхдүүд минь ааваа болно, элэг хөшлөө гэдэг юм. Тэгэхээр бүүр их инээлгэмээр санагддаг юм, муухай санаатай байгаа биз.
-Танд Жеймс Бондын дараагийн ангид тоглох санал тавьсан гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Хараахан үгүй. Гэхдээ жүжигчин хүн ийм саналаас татгалзахгүй шүү дээ. Одоохондоо Даниель Крейг Бонд хэвээр байх болов уу. Дараагийнх нь угаасаа хар жүжигчин тоглоно гээд киноны зохиол нь хүртэл гарчихсан, худлаа ярьсан хүнд кино нь дуусч байгаа. 2020 оноос л надад ийм санал тавьж магад байхдаа. Тэгвэл дуртайяа зөвшөөрөх болно.
-Сүүлийн үед Холливудаас Волливудад дурлах болсон гэсэн. Энэтхэг кинонд тоглох хүсэлтэй байгаа чинь үнэн үү?
-“Х хүмүүс”, “Ван Хельсинг”, “Кейт Лео хоёр” зэрэг киногоороо би гэдэг хүн чинь нэрд гарсан. Би болливудтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа ч одоохондоо цаг нь болоогүй байна. Эхлээд жоохон дуулах болон бүжиглэх дасгал хийх хэрэгтэй. Мэдээж миний хүссэнээр дайн байлдаантай кино зохиол олдохгүй л байлгүй дээ. Мумбайд болсон “Ficci Frames” кино форумд оролцсон. Энэтхэг жүжигчид, тэр дундаа Шахрукх Кханыг шүтэн биширдэг болсон. Тэр наадмыг нээхэд яг зөгий шиг хэнгэнэж байсан. Би болливудын жүжигчидтэй хамтран ажилламаар байна. Тэнд чадварлаг найруулагч, авьяаслаг жүжигчин олон бий. Амьдралдаа олон сайхан зүйл хийхийг хүсч бас өөрийгөө нэгэн хэвийн хайрцаг дотор байлгахыг хүсэхгүй байна.
-Супер хүчит хүмүүсийн тухай өгүүлдэг комик номноос сэдэвлэсэн “X-Men” буюу “Х хүмүүс” киноны шинэ анги ирэх 2014 онд дэлгэцнээ гарах тухай “Fox” энтертайнментээс мэдэгдсэн. Энэ анги юугаараа бусдаас онцгой байх бол?
-X-Men” киноны шинэ анги “Days of Future Past” нэртэй. Жүжигчдийн бүрэлдэхүүнд “X-Men: First Class”-д тоглосон Майкл Фассбендер, Николас Холт, Женнифер Лоуренс, Жеймс Макэвой болон миний бие багтаж байгаа. Киноны найруулагчаар Америкийн шилдэг найруулагч, зохиолч, продюсор Брайан Сингер ажиллаж байгаа нь надад их таалагдаж байна. Бусад киноноос ялгарах ганц зүйл нь бид ирээдүйг илэрхийлэгчид учраас энэ кино зааавал амжилтад хүрэх учиртай. “X-Men” цуврал кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхийн зах зээл дээрээс нийт 296 сая ам.долларын ашиг олсон шүү. Тиймээс үнэн ч үзэгчид минь ирэх оныг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Таныг хоёр хүүхдээ өргөж авсан гэсэн?
-Хүү Оскарыгоо 2000 он, охин Ава Элиотыг 2005 онд өргөж авсан. Би тэр хоёрыгоо өөрийнхөө үргэлжлэл гэж боддог.
-Эхнэр Дебора Ли Фернессээсээ 13 насаар дүү байхаа. Та хоёрын дунд ямар нэгэн асуудал гардаг уу. Жишээ нь хардах гэх мэт?
-Үгүй дээ. Би түүндээ хайртай. 13 насаар их, бага байлаа гээд ямар асуудал байна аа. Хоёр хүн нэг нэгэндээ итгэж, хайрлаж байхад л амьдрал гэдэг чинь дэлбээлнэ биз дээ. Өчүүхэн хэрүүл гэдэг зүйл амьдралыг хагалах аюултай учир тэвчээртэй занг би илүүд үздэг.
эх сурвалж: mglradio.com