МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.
-Өдрийн сонинд гарсан таны нийтлэлийн мөрөөр ярилцахаар ирлээ. Ер нь бизнесийнхнийг харлуулах нь зах зээлийн эдийн засгаа нураадаг гэсэн агуулгыг дэлгэрүүлж хөөрөлдье гэж бодлоо?
-Нэг талаар бидний сонгосон зам, нөгөө талаар хүн төрөлхтний хөгжсөн түүх бол чөлөөт эдийн засаг, тэр дундаа иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ашигтай байх сонирхлыг өдөөж дэмжсэнээр хөгжиж ирсэн. Сонгодог либерал онолд төр юунд ч оролцох ёсгүй гэж тунхагладаг. Бидний хамгийн сайн мэдэх Адам Смитийн үл үзэгдэгч гарын онол ч үүнийг нотолдог. Эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Тиймээс төр аль болох оролцохгүй байх ёстой. Төр аль болох цомхон, хүчтэй байх ёстой гэдэг шүү дээ.
Монголын өнөөгийн эдийн засгийг ярья л даа. 1990 оноос өмнө төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Хувийн аж ахуй гэж байгаагүй. Төр бүгдийг зохицуулдаг байсан. Энэ онол үнэнд гүйцэгдэж нурж унасныг бүгдээрээ мэднэ. Тиймээс хувийн хэвшил, иргэдийн хөдөлмөрлөх хүсэл сонирхолд суурилсан тэмүүлэл нь эдийн засгийг ямар богино хугацаанд өсгөж болдгийг өнөөдөр бид харж байна.
Харамсалтай нь уул уурхай төвтэй улс орон бүрд байдаг тулгардаг асуудал сүүлийн үед манайд бий болчихоод байна. Уул уурхайн орлого нь хэт их байна. Эрх мэдэлтнүүд үүний хуваарилалтад оролцохыг хүсдэг. Мэдээж үүнийгээ популист үгээр иргэдэд эвтэйхэн ойлгуулчихдаг. “Харж байна уу, төр ингэж удирдаж чадаж байна” гэдэг ч юм уу. Ингэхийн тулд ард түмнээр бизнес эрхлэгчид рүүгээ турхируулах ажлыг хийдэг. Анги давхарга үүсгэж янз бүрээр харлуулдаг. Өөрт байгаа чадвар, нөөц бүрээ ашиглаж хамгийн их ашиг олох нь хувийн өмчтөний зорилго. Гэтэл үүнийг нь төр буруутгаад эхэллээ.
Ер нь хамгийн сайн боломжийг тэд өрсөлдөж байж олж авдаг. Үүгээрээ хамгийн сайн бизнес, борлуулалтыг хийх гэж зорьдог. Энэхүү зорьж буй өрсөлдөөн нь тухайн нийгэмд шинэ мэдлэг, боловсролыг оруулж ирдэг. Шинэ технологийг авч ирдэг. Үүнийгээ дагаад иргэд нь өндөр цалин авдаг. Улс орон нь хөгжиж дэвшдэг.
Энэ бүхнийг хувийн хэвшил хийдэг болохоос төр хийдэггүй. Хувийн хэвшил бол сайн менежер гэдгийг Гүржийн жишээнээс харж болно. Эрчим хүчний салбар ч гэдэг юм уу гол томоохон хүнд үйлдвэрүүдээ 2004-2007 онд бүрэн хувьчилсан. Хувьчлалаас хойш 2-3 жилийн дотор эдгээр компаниудын борлуулалт 10 дахин тэлсэн. Үүнээс ямар их өгөөж, ямар их бүтээмж бий болж байгааг Гүржээс харж болно.
-Хувийн өмч эдийн засгийн тусгаар байдал ардчилсан нийгмийн тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа гэж харж болох нь…
-Гадны хөрөнгө оруулагчдад ямар боломж олгосноор хөрөнгө оруулалтыг өөртөө татаж, шингээж, байршуулж чадсан бэ гэдгээс эдийн засгийн тусгаар тогтнол эхэлнэ. Энэ тоо бага бол эдийн засгийн тусгаар тогтнолгүй байна гэсэн үг. Бүх л улс орон өөрийн хөрөнгийг хамгаалдаг. Гадаадын хөрөнгө оруулалт бол ийм л учиртай. Уул уурхайн салбар дахь хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу толгойд гуравдагч орныг оруулж ирснээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, дархлааны хамгийн гол тулгуур багана болж хувирч байна шүү дээ.
Ковидын хязгаарлалттай хоёр жил, Орос-Укрианы дайнтай холбоотой эдгээр хүнд үеүдэд бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах чиглэлд сайн ажиллаж чадахгүй байна. Учир нь аль ашигтай ажиллаж байгаа салбаруудад дандаа төрийн өмч зонхилж байна. Мөн хувийн хэвшлийг ямар нэгэн байдлаар ялгах, дарамтлах, айлгаж үйлдэл тасралтгүй явж байна. Түүнчлэн хүнийг үндэслэлгүй барьж хорих нь маш энгийн үзэгдэл боллоо. Жишээлбэл, Мөнх-Эрдэнийн жишээ. Спорт загасчлал гэж ярьдаг шиг бариад тавиад, бариад тавиад байна. Нийгмийг тестлээд байгаа хэрэг үү, ямар учиртай юм. Хүний эрхийг зөрчиж байна.
Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх хамгийн том хаалт нь хувийн өмчийг хамгаалахгүй байх. Нөгөө талаар манай улсын авлигын индекс өссөөр байна. Авлигын индекс өснө гэдэг нь бизнесийн орчин муудна гэсэн үг. Тэнд шударга зөв зах зээлийн харилцаа байхгүй. Төр давамгайлж эхэллээ. ДНБ-д эзлэх төсөв 50 хувь руу ороод эхэллээ. Төрийн оролцоо 50 хувь руу орно гэдэг нь аюулын маш том сигнал. Ийм орон зай руу гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс аль болох зугтана, үргэнэ. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс хаана ч байхгүй.
Бидний сонгосон нийгмийн зөвшилцөл ийм биш. Үндсэн хууль бол 3.4 сая хүн хэрхэн амьдрах тухай зөвшилцөл. Үндсэн хуульд ийм зүйл юу ч байхгүй. Тиймээс бид ухралт хийж ерөөсөө болохгүй.
Эдийн засгийг тэлэх тухай бүгд ярьж байгаа бол хувийн өмчийг хуульчилж хамгаалах, тэнд ямар нэгэн албан тушаалтан дур мэдэж хүрдэггүй байх ёстой.
Хөгжлийн банкны сонсголыг бид харлаа. Яг үнэндээ чанаргүй зээлүүдийн ард дандаа улсын компаниуд байна. Арилжааны банкаар дамжуулж зээлсэн зээлийн эргэн төлөлт бараг 100 хувьтай байна. Гэтэл улстөрчдийн ч юм уу, тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шууд олгосон зээлүүд л эрсдэлтэйд орсон байна лээ. Зээлийн хороо, Удирдах зөвлөл нь хуралдаж байж зээл олгодог. Зээлдэгч компаниуд нь ямар нэгэн барьцаа хөрөнгөө байршуулж байж зээл авсан байж таарна. Барьцаагүй зээл авсан бол зээл олгох шийдвэр гаргуулсан хүн буруутай.
Сонсголоор Монголын хувийн хэвшлийн өнгө төрх болсон сортоотой бүхнийг бүхэлд нь харлуулж буруутгалаа. Ингэхдээ хэт нэг талыг барьсан, зах зээлийн эдийн засгийн ямар нэгэн мэдлэг, ойлголтгүй хүмүүс шүүлээ. Түүгээрээ хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ингэж булингартуулдаг юм байна. Төрөөр л хийлгэе гэдэг ойлголтыг нийгэмд өгч байгаа нь маш буруу. Шийдвэрийг эрх мэдэлтнүүд өөрсдөө гаргасан. Буруутан нь тэд. Гэтэл шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд биш хувийн хэвшлийнхэн буруутан болж байгааг яавч хүлээн зөвшөөрч, дуугүй сууж болохгүй.
Төр дэмжих салбараа бодлогоор дэмжих ёстой. Энэ бол хаана ч байдаг л зүйл. Худалдааны, экспортын, хөрөнгө оруулалтын давуу талыг олгохын тулд бодлогоор дэмжих салбар гэж бий. Үүнийг буруутгаж огт болохгүй л дээ. Ингэж байж өрсөлдөөнд ямар нэгэн давуу талыг бий болгож авна. Монголын ноолуурын салбарыг хөлөө олоход нь төр бодлогоор дэмжих ёстой. Бүгдийг нь нийлүүлж харлуулж болохгүй. Сайн хүү гэдэг бол бодлогын дэмжлэг юм. Эрсдэл үүсвэл арилжааны банкууд эрсдэлийг үүрч чадахгүй. Төр тодорхой хэмжээнд зөөлөвч болж тэр зардлыг үүрэх ёстой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу