“Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо

Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо. 

Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна. 

Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд энэ жил 5000 гаруй хамтлаг, уран бүтээлчдээс 36 нь сонгогдон оролцсон бөгөөд энэхүү нэр хүндтэй хөгжмийн наадамд оролцох нь жазз уран бүтээлчдийн томоохон сорил байдаг. Улмаар дараа дараагийн хөгжмийн наадамд уригдах, хөгжмийн агент, студи, label-уудын хараанд өртөх зэрэг шинэ шинэ боломжууд нээгддэг байна.     

“Баян Монгол” нь “Jazzahead” жааз хөгжмийн наадмын тайзнаа өнгөрсөн сарын 28-ны өдөр бие даасан тоглолт хийж, шинэ бүтээлүүдээс гадна ардын дууны найруулга, морин хуурын татлага, уртын дуу, ардын дуу зэргийг багтаасан нь олон жилийн түүхтэй хөгжмийн наадмын зохион байгуулагчид болон үзэгчдэд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. 1969 онд байгуулагдсан уг чуулгын уран бүтээлчдийн олон жилийн уйгагуй хөдөлмөр, урын сангаас гадаадын нэр хүндтэй тайзнаа тоглуулах, өөрсдийн ур чадвар, чансааг тодорхойлох Монгол жазз хөгжмийг дэлхийн тайзнаа таниулах, Монгол улсаа сурталчлах зэрэг олон талын өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо. 

Хөгжмийн наадмын хүрээнд олон улсын жазз хөгжмийн уран бүтээлчид, хөгжмийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, олон төрлийн хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдсанаас манай уран бүтээлчид салбарын хөгжил, уран бүтээл туурвил, уран бүтээлчдийг дэмжих олон улсын бодлого зэрэг хэлэлцүүлэгт оролцлоо.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …