Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвээр хавсарга судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар тус хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаатай ярилцлаа.
-Судалгаа хийх болсон үндэслэл, шалтгааны талаар та танилцуулна уу?
-Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын шатанд эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг эсэх, мөн хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх хугацаанд хэр баталгаатай хадгалагдаж, савлагддаг нь эргэлзээтэй байдаг.
Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс шалтгаалаад цогцоор нь судлахад маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах учраас боломжит байдлаар буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2021 он, 2022 оны 6 сарын байдлаар, улсын хэмжээнд судалсан.
Хүний эрүүл мэндэд удаан болон богино хугацаанд эерэг эсхүл сөргөөр шууд нөлөөлдөг зүйл нь хүнсний бүтээгдэхүүн. Зарим ноцтой тохиолдолд хүний амь насанд ч эрсдэл учруулж болох зүйл тул эхний ээлжид хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчлийг судлахаар шийдвэрлэсэн.
Судалгаанд дээрх хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэсэн 376 зөрчлийн хэргийн материал хамрагдсан. Үүнээс 318 буюу 84.8 хувь нь нийслэлд, 58 буюу 15.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн зөрчил байсан.
Орон нутгаас 22.4 хувь нь Дорноговь, 15.5 хувь нь Баянхонгор, 10.3 хувь нь Төв аймагт бүртгэгдсэн нь хамгийн их байгаа бол Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 25.6 хувь, Баянгол дүүрэгт 18.9 хувь, Сүхбаатар дүүрэгт 17.4 хувь бүртгэгдсэн нь бусад дүүргээсээ их байсан.
-Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?
-Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрх бүхий байгууллагуудаас тодорхой хэмжээнд шалгадаг боловч 2021, 2022 оны 6 сарын байдлаар хийсэн шалгалтын дийлэнх хувь нь хувиараа хүнс борлуулдаг иргэн, жижиг аж ахуйн нэгжид төвлөрч хийгдсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийн хэргийн 194 буюу 51.9 хувь нь мэргэжлийн байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар, 172 буюу 46 хувь нь иргэний мэдээллээр, 3 буюу 8 хувь нь аж ахуйн нэгжийн мэдээллээр, 5 буюу 1.3 хувь нь цагдаагийн байгууллагын мэдээллээр илэрсэн байсан.
Судалгааны явцад цахим орчинд тандалт хийхэд иргэд 7 хоногт дунджаар 2-3 удаа хүнсний бүтээгдэхүүний чанар, орц болон хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сургуулийн хүүхдийн үдийн цайны талаар шүүмжлэлтэй мэдээлэл оруулсан байгаа нь анхаарал татсан.
Гэтэл цахим орчинд иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл оруулахад үүнийг бүртгэж шалгадаггүй, гомдол ирүүлээгүй үндэслэлээр орхигдуулдаг нь судалгаагаар харагдсан.
Манай улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг хариуцсан байгууллагууд байдаг хэдий ч үйлдвэрлэгч, борлуулагч болон зөрчил гаргагчийн нэгдсэн цахим бүртгэлгүй тул хяналт бүрэн хэрэгжихгүй байна.
Тиймээс цаашид улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, тухайн сангаас хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийснээр энэ төрлийн зөрчлийн “саарал” жагсаалтыг гаргах, ингэснээр тухайн хүн, хуулийн этгээдэд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох эсэхийг хянах, шийдвэрлэх үндэслэл болгох боломжтой болно гэж үзсэн.
Мөн үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ байхгүй байгаа нь мэдээлэл солилцох, хадгалах, шинэчлэх зэрэг цахим хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг нарийвчилж авч үзвэл ямар төрлийн зөрчил нийтлэг гарч байна вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн зөрчлийг нарийвчлан авч үзвэл, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулсан зөрчил 42.4 хувь, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчил 38.9 хувийг нь тус тус эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний төрлөөр ангилбал хамгийн их буюу 47.7 хувь нь мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил байгаа бол 17.3 хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн, 12.1 хувь нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 8.5 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.2 хувь нь жимс, жимсгэнэ, 6.9 хувь нь хүнсний ногоо, 6.2 хувь нь чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1.6 хувь нь нарийн ногоо, 1 хувь нь архи, согтууруулах ундааны зүйлтэй холбоотой байна.
Ундаа, ус, өндөгтэй холбоотой зөрчил тус бүр 2.6 хувийг эзэлж байгаа бол эрүүл ахуйн нөхцөл болон бусад гомдол 1-3 хувийг эзэлж байна.
-Хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа мах, махан бүтээгдэхүүний асуудлыг сүүлийн үед нэлээд ярьж байна. Шалгагдсан зөрчлийн ихэнх нь бас мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой байсан байна. Энэ талаар нарийвчлан судалсан уу?
-Малын нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад бүрэн хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрсөн махыг хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар салбарын сайдын мэдээлэлд дурдагдсан байдаг.
Засгийн газраас мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны зааврыг багтаасан 10 бүлэг 41 зүйл, 615 заалт, 5 хавсралт бүхий “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан. Гэвч үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ байхгүй байгаа нь мэдээлэл солилцох, хадгалах, шинэчлэх зэрэг цахим хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна гэж үзсэн.
-Ер нь “Хүнсний аюулгүй байдал” гэж яг юуг ойлгох вэ, иргэдийн хувьд хэрэглэж буй хүнснийхээ чанар байдлыг мэдэх боломжтой юу?
-Хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох чухал гурван хүчин зүйлд хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлага, шим тэжээл, хүнсний хангамж хүрэлцээ хамаардаг.
Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн бүтээгдэхүүний савлагаа дээрх мэдээллийг төдийлөн хардаггүй. Ядаж хадгалах хугацаа дууссан эсэхийг нь бид нар өөрсдөө шалгаж нягталдаг болмоор байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүн чанар, эрүүл ахуйн шаардлагад тодорхой хэмжээгээр хяналт тавьж байна л гэсэн үг.
Хүнсний аюулгүй байдлыг хангах үүргийг төр хүлээдэг ч иргэдийн оролцоогүйгээр хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, судалгаанд хамрагдсан нийт зөрчлийн хэргийн 46 хувь нь иргэний мэдээллээр шалгагдсан байсан.
Мөн хугацаа дууссан эсхүл муудсан бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн хор уршгаа тогтоолгох, хохирлоо нэхэмжлэх талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байна. Энэ нь зөрчил гаргагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй байх боломжийг олгож байна. Ийм тохиолдолд хэрэглэгч шинжээч эмч томилуулах, дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргах боломжтой.
Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хэм хэмжээ тогтоосон хууль эрх зүйн акт, стандартууд маш их байдаг боловч иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байна.
-Иргэдийн боловсрол, мэдлэг хүнсний бүтээгдэхүүний зөрчлийг илрүүлэх эсхүл мэдээлэхэд нөлөөлж байна гэж судалгаанд дүгнэсэн байна. Энэ талаар тодруулбал?
-Гомдол, мэдээлэл гаргасан иргэдийн 68.3 хувь нь дээд боловсролтой иргэд байсан. Боловсрол болоод эрхэлж буй ажил, албан тушаал нь тухайн иргэний хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл, эрх зүйн боловсролыг илэрхийлж болох үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, гомдол, мэдээллийг ямар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, худалдан авч буй бүтээгдэхүүний хугацаа, чанар болон хүнсний үйлчилгээ үзүүлдэг газрын эрүүл ахуй, стандарт, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл сайтай байгааг давхар илэрхийлж байна гэж үзсэн.
-Цаашид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Ер нь эрх зүйн боловсролыг гэр бүл, цэцэрлэг сургуулийн хүрээнд энгийн өдөр тутмын харилцаанд суурилж олгох боломжтой.
Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн идэж, ууж байгаа бүтээгдэхүүн эрүүл мэндийн хувьд ямар ач холбогдолтой эсхүл ямар сөрөг нөлөөтэйг тогтмол тайлбарлан ойлгуулдаг байх, дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авахдаа тухайн хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго дээрх мэдээллээс хугацааг нь хардаг хэвшлийг хүүхдүүдэд зааж сургахаас эхэлнэ.
Цайны газар ороод үйлчлүүлэхдээ наад зах нь хэрэглэж байгаа аяга, таваг, хоол идэх орчин цэвэрхэн байна уу гэдгийг хянах боломжтойг ойлгуулах хэрэгтэй.
Насанд хүрэгчдийн хувьд шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээний газрын талаар хүүхдүүдэд болон бусад хүмүүст хэлж, харилцан мэдээлэл солилцдог байх нь бас чухал юм.
-Манай улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх эрх зүйн орчин хэр байна?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор тухайн зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол хэдэн ч удаа үйлдсэн хамаагүй Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэхээр байгаа.
Энэ нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хувьд төдийлөн оновчтой хариуцлага болж чадахгүй байна.
Мөн хууль тогтоомжийн хувьд эргэлзээтэй, маргаантай асуудлууд бий. Тухайлбал, зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж зохицуулсан байдаг. Гэтэл хуульд эрх хасах шийтгэл нь үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн аль ч хэлбэрээр тусгагдаагүй зөрчлийн хэрэг байна. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл заалтыг баримтлан эрх хасах шийтгэлийг оногдуулж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэхэд хүргэж байгаа юм.
Хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.2. дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй” бол гэсэн боловч яг ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй, Эрүүгийн хуульд үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй зэргийг дурдаж болохоор байна.
Эх сурвалж:УПЕГ