Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-оос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Түүнчлэн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж хуульчилсан.
Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийг боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний 9 удаагийн илтгэлд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар саналын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан. Мөн энэ чиглэлээр боловсруулагдаж буй хууль тогтоомжийн төсөлд тогтмол санал өгөхийн зэрэгцээ 9 удаагийн судалгааны ажил хийсэн.
Энэ талаар Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол орны газар зүйн онцлог, цаг агаарын байдлаас шалтгаалан өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэж, түүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг иргэдээс төдийлөн ирүүлдэггүй ч Комисс уг асуудалд цаг ямагт анхаарал хандуулж, шаардлагатай тоон мэдээллийг авч дүн шинжилгээ, хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ирсэн.
Тухайлбал, хүйтний улиралд хальтиргаа, гулгаа үүссэнээс улбаалж, унаж, бэртэж, гэмтсэн гэх шалтгаанаар ГССҮТ-д
2021 онд 111940
2022 онд 153365
2023 онд 168280 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Үүнээс цас, мөсөн дээр хальтарч унасан гэх өгүүлэмжтэй иргэн 2021 онд 3849, 2022 онд 5964, 2023 онд 8547 ханджээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орчны аюулгүй байдлыг хангуулах чиг үүргийг Нийслэл хариуцахаар хуульчилсан” гэлээ.
Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх”, 13.1.6-д энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар “заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т зааснаар “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна гэж заасан.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй бүх байгууллага харьяалах чиглэл, эрх үүргийн хүрээнд хүний эрхийг сахин хамгаалах үүрэгтэй.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК хөндлөнгийн хяналт тавьдаг хараат бус бие даасан байгууллага юм.
Дээрх бэртэж, гэмтсэн иргэдийн тоон мэдээллээс үзэхэд, тоон үзүүлэлт жил ирэх тусам өссөн дүнтэй байгаа нь иргэдийн эрх хөндөгдөж байгааг харуулж байна. Иймд орчны аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд хяналтаа сайжруулж, ажлаа зөв зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь зүйтэйг ХЭҮК-оос зөвлөж байна.