Шүүхийн шийдвэр шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх нь

логоУлаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад А-80 1530, АИ-92 1620, 95-1850, дизель түлш 1750 төгрөгийн үнэ ханштай байгаа. Манай улсын инфляцийн гол хүчин зүйл болсон нефтийн бүтээгдэхүүний үнэ бүтэн жи­лийн хугацаанд ийнхүү тогт­вортой байлаа. Харин ойрын үед дээрх үнэд өөрчлөлт орох бололтой. Учир нь шатахуун импортлогчдын алдагдал ихэсч, үнэ нэмэх хүсэлтээ Засгийн газарт тавьжээ. Харьяа яам, агентлаг нь ч шатахууны үнийг аажмаар нэмэгдүүлэх арга зам хайж, холбогдох байгууллагуудаас санал авч эхэлсэн гэнэ.

Монголбанкны зүгээс шата­хууны үнийг багаар нэмж, импорт­логчдын алдагдлыг цайруулах нь зүйтэй  гэж  үзэж байгаа аж. Гэхдээ огцом нэмэхгүй гэдгийг холбогдох газрууд  мэдээлж байна.

Шатахууны үнэ гэдэг мон­голчуу­дад маш эмзэг асуудал. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс  хойш инфляцийг өдөөгч нэгдүгээр хүчин зүйл нь бензин, шатахууны үнэ байсаар ирсэн. Энэ ч утгаараа иргэд шатахууны үнэ цаашид яах бол гэж битүүхэн түгшүүртэй амьдардаг.

Тиймээс энэхүү асуудлыг хөндөж байгаа юм. Шатахууны үнэ нэмэгдэх хоёр том шалтгаан бий. Үүний нэг нь валютын ханш бол нөгөөх нь хилийн үнийн өсөлт юм. Харин манай шатахуун импортлогчид яагаад бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шаардлага тавив. Үүнд шатахуун импортлогчид ШӨХТГ-ыг гурван шатны шүүхээр ялсан нь үнэ нэмэх хүсэлт гаргах нэмэхэд нөлөөллөө гэж хардах хүн олон байна. Тодруулбал ШӨХТГ-аас 2011 оны нэгдүгээр сард шатахуун импортлогч найман компанийг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн хэмээн 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгосон.

Гэвч тухайн үеийн ШӨХТГ-ын дарга Б.Лхагва үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй хэмээн торгуулийг хүчингүй болгосон юм.

Харин О.Магнай дарга энэ 17 тэрбумыг төлүүлэхээр болсон ч шатахуун импортлогчид хууль бусаар торгууль ногдуулсан, төлөхгүй хэмээн гүрийж ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.

Захиргааны хэргийн болон анхны давж заалдах шүүхээс шийдвэрийг компаниудын талд гаргасан. ШӨХТГ-аас энэ шийд­вэрийг зөвшөөрөхгүй хяналтын журмаар гомдол гаргаад байсныг өнгөрсөн долоо хоногт шүүж Улсын дээд шүүхээс шийдвэрийг шатахуун импортлогчдын талд гаргаж, ШӨХТГ-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь шатахуун импортлогчдод бүтээг­дэхүүнийхээ үнийг нэмэх таатай боломж олголоо.

Дахин хөнгөлөлттэй зээл хүртэхийн тулд шахалт үзүүлэв үү

Мэдээж ам.долларын ханш өнгөрсөн жилийнхээс даруй 370 төгрөгөөр өсчихөөд байгаа нь тэдэнд хүнд цохилт болж байгаа.

Гэхдээ энэ шалтгаанд тодорхой арга хэмжээ авсан. Засгийн газар, Монголбанктай хамтран гол нэ­рийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг валютын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 13 компанид 193.7 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай 3.8 хувийн хүүтэй олгосон. Үүн дээрээ нэмээд 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж, шатахуун импортлогчдыг дэмжсэн. Энэ бол чөлөөт зах зээлд бизнес эрхэлж буй хүмүүст хэзээ ч олддоггүй зөөлөн хоол. Тэгвэл одоо шатахуун импорт­логчдын засгаас зүгээр шахам авсан мөнгө нь ч, зээлийн хугацаа нь ч дуусч байгаа учраас дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах үүднээс өөрсдийнхөө авирыг гаргаж байна хэмээн үзэх нэгэн ч байна.

Нөгөө талдаа сүүлийн хэдэн сард үүссэн гадаад валютын ханшийн өсөлтөөс үүссэн форвард хэлцлийн асар их алдагдлыг төр буюу татвар төлөгчид нуруундаа үүрэхээр боллоо гэдгийг зарим эдийн засагчид хэлж байгаа. Шатахууны  бөөний үнэ хэт өндөр байгаа нь зарим аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэж зарим хүн үзэж байна.

Засгийн газрын зүгээс ша­тахууны үнийг барих биш, тогт­вортой байлгана гэсэн зарчмын үүднээс хандаж байгаа болохоор үнэ нэмэгдэх нь тодорхой болж байна.Нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг хамгийн эмзэг салбар салбар гээд төр засгийн зүгээс тэтгээд байдаг, дээрээс нь шүүхийн шийдвэр 17 тэрбум төгрөгийг нь хэрэгсэхгүй бол­гочихлоо. Энэ тохиолдолд ша­тахуун инпортлогчид ширүүн авир гаргамааргүй л баймаар.

Газрын тосны салбар дахь дархлаа сайжирсан

Ийнхүү шатахууны үнэ хөдлөх гэж байгаа ч энэ салбарын дархлаа тодорхой хэмжээнд сайжирч буй таатай мэдээ байгаа нь сайшаалтай. Манай улс шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас авдаг байсан бол одоо тус компаниас 50 орчим хувийг авч байгаа гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна. Үлдсэн хувийг нь Хятад, Солонгос, Япон, Сингапураас импортлох аж.

Мөн шатахууны нөөц нэг сар хүрэхтэй үгүйтэй дуусдаг байсан бол одоо 3.1 дахин нэмэгдсэн гэх эерэг мэдээлэл байгаа юм.

Монголд олборлож  буй түүхий тосны хэмжээ цаашид жил бүр өснө. Үүнтэй  уялдуулан  Хятадаас  нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хоо­ронд санамж бичиг байгуулсан. Монгол Улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 авто бензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон. Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил дуусч байгаатай холбогдуулан урд хөршөөс авах шатахууны хэмжээг нэ­мэхээр тохирсон юм. Тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих болно.

Шатахууны нийлүүлэлтийг ийнхүү нэмснээр дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг олон эх үүсвэрээс хангах, ний­лүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтөд тэр бүр автахгүй байх үндэслэл болж байгаа юм. Тиймээс бензин шатахууны үнийг хазааргүй юм шиг тавиад туучихгүй байх гэсэн найдвар байна.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …