Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл тухайн үед уламжлалт анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж, Түвдийн эмнэлэг болон уламжлалт анагаах ухааны “Манба дацан”-гийн сургууль үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний зэрэгцээ Европын анагаах ухааныг нутагшуулах, мэргэжилтэй эмч бэлтгэхэд анхаарал хандуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог.
Тухайлбал, Хаант Орос улсаас мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл, хүний биеийн анатомын ном, атлас авчруулж, Сэцэн хан аймгаас хоёр хүүхдийг Орос улсад анагаах ухааны чиглэлээр сургах хүсэлтийг захидлаар илэрхийлж байжээ. 1811 онд Монголд ирж ажилласан анхны орос эмч Осипов орос худалдаачдаас гадна монголын ноёд, язгууртнуудыг эмчилж, тухайн үед ихээхэн тархсан “цагаан цэцэг” өвчнийг эмчилж байсан нь онцлох баримт юм.
1901 онд Өргөөнд оросын цэргийн ангиуд ирснээр Европын анагаах ухааны үйлчилгээ илүү өргөжиж, 1901 оны дөрөвдүгээр сард 15 ортой Цэргийн эмнэлэг, 1902 оны хоёрдугаар сараас Цэргийн эмнэлгийн тасаг тус тус нээгдсэн байна. Эдгээр эмнэлгээр орос, монгол, хятад иргэд төдийгүй Манжийн амбан хүртэл үйлчлүүлж байжээ.
Улмаар Хаант Оросын Засгийн газар 1909 онд Өргөөнд суугаа консулын дэргэд эмнэлэг нээж, Хиагтад төрж, Петербургийн Цэргийн эмнэлгийн академийг дүүргэсэн их эмч С.Б.Цэвэгтарев удирдан ажиллаж, сард 1100-1400 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан байна. Мөн их эмч В.И.Шендриковский хэд хэдэн мэс засал амжилттай хийжээ.
Эмнэлгийн үйлчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан 1919 оны зургаадугаар сарын сүүлчээр эм найруулагч Зеберт эрхлэгчтэй Оросын эмийн сан Хүрээнд нээгдсэн байна. Мөн 1914 онд Солонгосын иргэн, их эмч Ли Тэ Жүн Хүрээнд ирж эмнэлэг байгуулан, Монголын ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Богд Жавзандамбын эмчээр ажиллаж байжээ. Тэрээр 1919 онд “Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсан байна.
Түүхэн эх сурвалжид дурдсанаар, 1919 онд Хятадын цэргийн эмнэлгийн жижиг салбар Хүрээнд нээгдсэнийг тухайн үеийн “Шофаны өдрийн сэтгүүл”-д онцолж, эрдэмтэн сэтгүүлч Г.Дэлэг “Хязгаар газарт ийм эмнэлгийн хүрээлэн байх нь далай дээрх нигүүлсэнгүй онгоцтой адил” хэмээн үнэлжээ.
Түүнчлэн 1911–1921 оны хооронд Нийслэл хүрээний төв хэсэг, өнөөгийн Барилгачдын талбай орчимд Европын анагаах ухаанд мэргэшсэн орос, унгар, дани эмч нар хувийн эмнэлэг, үзлэгийн газруудыг нээн ажиллуулж байсан байна. Японы “Мицуй буссан” сонинд бичсэнээр, 1918 онд Хүрээнд 30 гаруй япон иргэн оршин сууж, тэдний дунд сувилагч, эмч, эмийн сан, үсчний газар ажиллуулж байсан хүмүүс байжээ.
Эдгээр баримтууд нь Нийслэл Хүрээнд орчин үеийн эмнэлгийн суурь аль эрт тавигдаж, олон улсын оролцоотойгоор хөгжиж ирснийг харуулж байна.
Богд хаант монгол улсын бүх цэргийн зөвлөлийн 5-р хурал 1921 оны 5-р сарын 15-нд хуралдаж Цэргийн эмнэлгийн хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэхүү хурлаар уг хороог байгуулан, аливаа цэрэг, иргэд бүгдийг үнэ төлбөргүй үзэн, эмчилж байхаар тогтсон байна.
Энэхүү хороо нь анхандаа оросын түшмэл Козины байрлаж байсан модон байшинд байрлаж, том жижиг гурван эсгий гэр, өвчтөн зөөх хоёр морин тэрэгтэй үйл ажиллагаа явуулж байжээ. БНМАУ-ын анхдугаар их хуралд тавьсан Цэргийн яамны илтгэлд дурдсанаар 1924 онд Цэргийн эмнэлгээр нийт 25605 хүн эмчлүүлж байжээ гэсэн баримт байдаг.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл