Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэх болсон.
Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, дээрэлхэлт болон бэлгийн хүчирхийлэл илүү хурдацтай өсөж буй нөхцөл нь цахим орчин болж хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогджээ. Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32.1 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь “аюулын харанга” дэлдэж байгаа юм.
Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд:
- Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх
- “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох
- Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттай тусгах. Үүнд, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх, дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах, өөрийгөө болон найзыгаа хамгаалахад суралцах.
Мөн эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл