Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг “Би дурламаар байна” дуугаа гадаадын хамтлаг дуучдын дуунаас ая болон клипний зохиолыг нь хуулбарлан хийсэн гэх шүүмж хүчтэй гарсан билээ. Гэтэл үүний хариуд Д.Болд “Дууны аялгуу бол цэвэр миний бүтээл. Харин клипийг “DOZ Entertaiment”-ийн Ш.Доржсүрэн хийсэн. Тиймээс энэ бүгд надтай ямар ч холбоогүй” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өдийг хүртэл уг шуугианы талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байсан DOZ-ын захирал Дооёо буюу Ш.Доржсүрэн “Дуучин Д.Болд надад нэг дуу авчрахаар нь сонсож үзлээ. Үнэхээр хүчтэй дуу санагдсан. Клипний төгсгөлд гардаг шил, хана цуурдаг хэсэг гардаг. Үүнийг нь өөр бүтээлээс ингэж болох юм байна гэж санаа авсан. Тэрнээс биш хүний уран бүтээлийг хуулсан юм биш. Би үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Харин ч чанартай уран бүтээл хийх ёстой. Үнэхээр хариуцлага хүлээх бол би бүрэн хүлээх болно. Дуучин Д.Болдод ямар ч буруу байхгүй. Гэхдээ манайхан нэг юманд хэт туйлшрах юм. Сарын өмнө нь дуучин Д.Болд шиг дуучин байхгүй байсан. Харин өнөөдөр тэрнийг газар дор ортол муу хэлж байна. Тиймээс Д.Болдоос уучлалт гуйя” хэмээн ярьжээ.
Д.Ана