Өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Кэти Перри саяхан ЮНИСЕФ-ын сайн дурын элч болжээ. Ийнхүү тэрбээр нэн ядуу хүүхдүүд, өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх аянаа эхэлж байгаа юм. 29 настай Кэти Перри олон хүүхдийн амьдралыг өөрчилж, туслах бодолтой байгаа гэнэ. Харин тэрбээр үнэндээ бусдын үлгэр дууриал болж чадах нэгэн биш, түүнийгээ ч ухамсарладаг нэгэн аж.
-“Би охин үнссэн” (“I kissed a girl”) хэмээх анхны хит дуугаа бичиж байхдаа яг юу бодож байсан бэ?
-Энэ дууг би эрчүүдийн сэрлийг үнэгүй хөдөлгөх гэж бичээгүй. Зүгээр л сонирхлынхоо үүднээс бичсэн.
-Тэгэхээр та хэзээ ч охин үнсэж үзээгүй байх нь ээ?
-Үнсэж байсан. Гэхдээ энэ дуу тэр тухай биш юм. Би 15 настай байхдаа найз охиндоо дурлаж билээ. Түүнийг үнэхээр дур булаам охин гэж боддог байсан болохоор яг түүн шиг болохыг хүсдэг байсан. Миний найз охин миний амьдралд ер бусын нөлөө үзүүлсэн. Гэхдээ би түүнд өөрийнхөө энэ мэдрэмжийг огт илэрхийлж байгаагүй.
-Харин одоо үнсэхийг хүссэн хүн байгаа юу?
-Би нэг удаа сэтгүүл эргүүлж байгаад Скарлетт Йоханссоныг надтай уулзана гэвэл дуртайяа гүйгээд очно хэмээн найздаа хэлж билээ. (Инээв). Бүсгүй хүний гоо сайхан ер бусын хүчтэй. Би өөрөө ч сайхан эмэгтэй хүнээс бүрэн хамааралтай байдаг. Гэнэн хонгор аалийг тачаангуй байдалтай хослуулах дуртай. Ер нь дуулсан дууны минь үгийг шууд утгаар нь хүлээн авах хэрэггүй.
-Гэхдээ л таны дууны үг зарим хүнийг гайхширалд оруулдаг?
-Миний дуунууд бага зэрэг өдөөн турхирдаг байж магадгүй. Гэхдээ би бусдын зөвхөн санаандаа боддог зүйлийг хэлдэг болохоор хүмүүс миний цомгийг худалдан авдаг байх.
-Та бусдад үлгэр дууриал болохыг хүсдэггүй цөөн хүний нэг байх?
-Тийм хүн болохыг хэзээ ч хүсч байгаагүй. Ер нь хэн л надтай адилхан байхыг хүсэв гэж дээ. Би чинь архичин, хамраа ухдаг, хэрүүлч хүн. Гэхдээ үүнийгээ тоодоггүй юм. Ямар Ерөнхийлөгч болох гэж байгаа биш.
-Өмнө нь ямар охин байсан нь сонирхол татчихлаа?
-Гудамжны залуусаас доор. Эрчүүдтэй зодолдож, тэднийг яахыг нь харах дуртай байсан.
-Нэгэн пастор таныг там руу тонилбол таарна гэж байсан?
-Энэ үгийг сонсоод үнэхээр инээд хүрсэн. Би чинь шашны боловсролтой хүн. Дээрээс нь миний эцэг эх шүтлэгтэй, пасторууд. Тийм болохоор би тэр пасторын хэлсэн шиг зүйл хэзээ ч хийж байгаагүй. Бас хүмүүсийг ч ингэж дүгнэхгүй. Яагаад гэвэл эцсийн эцэст бүгд л нэг шүүхийн өмнө зогсоно шүү дээ.
-Эцэг эх тань өнөөдөр таны гаргасан амжилтыг хэрхэн үнэлдэг вэ?
-Тэдэнтэй хэчнээн ойр дотно байсан ч энэ талаар надад юу ч хэлэхгүй ээ. Гэхдээ тэд миний өмнөөс баярлаж байгаа нь илт байдаг.