Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе,
Хуучин он шилжиж, шинэ он гарах гэж байна. Нийслэл хотынхоо Чингэлтэй дүүргийн нэгэн өнөр өтгөн сайхан айл гэрээс, Монгол улсынхаа хоймроос энэ мэндчилгээг дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.
2013 он улирч 2014 он айлсан ирэхэд хэдхэн мөч үлдлээ. Монгол түмний хувьд 2013 он амжилт бүтээлээр дүүрэн байж тулгар төрийн 2222 жилийн тэгш он тохиосон сайхан жил боллоо.
2013 он бол Монголын ардчиллын чансааг олон нийт үнэлсэн он байлаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хурлыг Монгол улс амжилттай зохион байгуулж Дэлхийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах эрхээ нэр төртэйгөөр шилжүүлэн өглөө.
2013 он бол амжилтаа ахиулж, илүү эрчээр илүү хөгжил рүү тэмүүлэхийг хүссэн түүхэн сонголтын он байлаа. Төрийн тэргүүний албыг үргэлжлүүлэн үүрэх итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярласнаа дахин илэрхийлье. Миний бие улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээсэн цэрэг шиг зүтгэх болно.
2013 он бол “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих бодлогын суурийг тавьж, цаашид олон чухал өөрчлөлт өрнүүлэх эхлэлийг нээсэн түүхэн жил боллоо.
2013 онд манай бүтээлч иргэд, эрдэмтэн мэргэд, соёл, урлаг спортынхон шинэ ололт, амжилт бүтээлээр дүүрэн байлаа.
2013 онд хууль, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд бид ололтоо баталгаажуулж чадлаа. Монгол улс сүүлийн хоёр жилд 36 байраар авлигын түвшинг буурууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн арга хэмжээнүүд үргэлжилж байна.
2013 он бол “Иргэний оролцооны жил” байлаа. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо өсөн нэмэгдлээ.
2013 онд Монголчууд бидэнд амжилт ололтоос гадна хүндрэл, сорилт бэрхшээл ч багагүй тулгарлаа. Та бид өнгөрсөн сургамждаа суурилж хөгжил дэвшилд хүрэх замаа хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Эрхэм хүндэт иргэдээ,
Шинэ он гарах мөч улам ойртож байна.
2014 он Монгол түмний хувьд ээлээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна.2013 онд улс гэр маань олон шинэ охид хөвгүүдээр бүл нэмлээ. Шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр иргэнээ бид хүлээн авлаа. Удахгүй бид гурван саяулаа болох гэж байна. Бид улам өнөр өтгөн болно.
2014 онд охид эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудын эсрэг хүчирхийллийг буруулах, таслан зогсооход онцгой амжилт гаргахын төлөө ажиллах болно.
2014 онд эдийн засгийн ололт иргэн бүрт хүртээмжтэй байж, өрхийн хуримтлал нэмэгдсэн жил болоосой гэж хүсч байна. Үүний төлөө төр анхаарч ажиллана. Популистууд биш үйлдвэрлэгчид, бүтээгчид хүчээ авсан, тэдгээрийг үнэлсэн жил байгаасай гэж би хүсэж байна.
2014 он бол судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийг тэгш хэрэгжүүлдэг төртэй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх жил юм.
Манай иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахад гамшиг учруулж байгаа утаа, агаарын бохирдол, мөн нийгмийг бухимдуулж байгаа шударга бус бүхэнтэй хийж буй тэмцэлд ахиц дэвшил гарсан жил болно.
Нийт Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн хилийн чанадад аж төрж, сурч боловсорч байгаа иргэддээшинэ оны баярын мэнд хүргэе. Бүгдээрээ Монголынхоо сайн нэрийг дуурсгаж, бие биедээ түшигтэй, дэмтэй явцгаая.
Он солигдох энэ мөчид ажил үүргээ гүйцэтгэж яваа нийт иргэддээ хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Мөн бидэнтэй хамт шинэ жилийг тэмдэглэж байгаа улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол улсын бүтээн байгуулалтын төлөө хамтран ажиллаж байгаа нийт хүмүүст шинэ оны баярын мэнд хүргэе.
Шинэ оноо угтахаар догдлон суугаа алиа балчир хүүхдүүд, азай буурлууд, бүх хүмүүст ирж буй 2014 он ээл ивээлээ хайрлах болтугай гэж ерөөе.
Шинэ оноо угтах энэ өдрүүдэд Та бүгдийн бие биедээ өргөсөн ерөөл бүхэн ирэх онд биелээсэй гэж би хүсэж байна.
Ингээд энэхүү сүүн хундгыг айл гэр бүл бүхэнд аз жаргал бялхаж байхыг ерөөж өргөе. Монгол түмнийг минь төрийн сүлд ивээж, түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэнд дахин шинэ оны баярын мэнд хүргэе!
Сайхан баярлаарай!
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 23:59 цаг
Ugluu.mn