Нэг гараараа удаан дохиж болохгүй бээрчээд байсан тул гялс кармаалангуут нөгөө гараа гаргаж сарвайж байлаа. Хорь шахам минут зогсож байж арай гэж нэг такси олдов.
-Зиа шинэ оны мэнд! Тэр нөгөө гурвалжинг даваад юу орчий…
Хальт харуул жартай ч удаан харуул тавьтай ах хүү үрүүл мушгиж явна. Харин яриа нь дөчтэй, сэтгэлгээ нь бүр гучтай байлаа. Арай нөгөө юу нь хорьтой… за тэр яах вэ, нэг их яриа л эр таарсан юм даг.
Мань эр бараг рапорт өгч байна. Том хүү нь энэ жил их сургууль төгсөнө. Дунд хүү нь ахлах ангид орно. Харин бага нь таван нас хүрэх гэж байгаа аж. Би нэг муу наргих санаатай,
-Оройтохосоо өмнө бас нэг хүүхэд ай? гэтэл харин, “Гүэ гүй. За гүй ч гэж дээ тийм. Энэ чинь миний хоёр дахь эхнэр байхгүй юу. Эхнийх маань өнгөрсөн…“ гэж авдын. Ээ хүүрээ буруудлаа гэж бодохын сацуу мань эр, “харин хаа очиж ёстой сайн хүн таарсан даа” гэж амьсгаа авахуулав.
Баяр болгоноор халтуур ихэсдэг учир ер нь баярлаж цэнгэх нь хомс гэнэ. Эхнэр нь ч бас дэлгүүрт худалдагч хийдэг тул хүүхдүүд нь л том нь багыгаа хараад баярладаг юм байх. “31-ний орой чинь ингээ л явжээлаа шүү дээ” гэх мань эрийн шинэ оны тухай ярианаас нэг л юм дутаад болохгүй байна. Юу гэдгий нь яг мэдэдгүй. Тэгтэл ашгүй өөрөө миний гоймон руу заагаад, “-дүү хүү шартчаа юу?” гэж асуусан нь тэрнийг сануулав. Дор нь ч асуугаад авлаа.
-Нээрээ баяраар нуль согтуу гарууд уу?
Мань эр намайг хаанаас гараад ирэв гэсэн шиг том харснаа:
– Манайхан чинь гоё баярладаг болчоодийшд дүү хөө! Чи одоо цагаан сараар хараарай за юу… ах нь нэг тамхи татчих уу?
-Өө тэгий, би бас нэгийг татчий.
Бидний яриа утаатай үргэлжилж, машины явдал харин түгжрээтэй туллаа.
-Гоё баярлана гэдэг чинь яасан гэсэн үг билээ?
-Тэгж их уухаа больчоодийшд. Урьд нь чинь зүгээр умаахан согтуу юмнууд шал шал гээд байдаг байсан. Одоо үнэртүүлсхийгээ л шоуджий шүү дээ.
Дөнгөж өчигдөрхөн тааралдсан хоёр сөөсгөр банди санаанд оров. Хотын төвд хана руу шээгээд зогсож байсан согтуучууд л даа.
-Гүэ тэгээд ууж л байшд. Том жижиггүй. Өчигдөр намайг явжаахад…. гэж би түүний амыг үйсэн бөглөө мэт үгээрээ таглаж хаяв. Гэтэл тэрээр сэгсэрсэн шампаасаг шиг л хариу барьлаа.
-Уух нэг нь уулгүй яахав дээ… гээд жолооч миний үгийг таслан над руу голонгуй харснаа, “би ер нь гэж яриад байшдээ. Ер нь манайхан тэгж их уухаа болиод байна….
Яг энэ үед намайг баярлуулж, замын хажууд нэг гар шуудайтай шил лаазаа түшээд, тасрангаа алдцан тааралдав. Ах хүү тэрийг хяламхийн хараад үгээ үргэлжлүүлсэн нь, “ …тэхээс тасрах нь тасраад, хөлдөх нь хөлдөж л байгаа байлгүй дээ. Нэг онгоц сүйрлээ гээд онгоц бол сүйрдэг гэж дүгнэдэггүй биз дээ” гэж намайг сэнхрүүллээ. Яагаад ч юм миний гэдэн хөдлөөд болдгүй ээ. Ах үргэлжлүүлэн ярьсан нь:
-Манай эхнэрийн дүүгийнх найман нэрийн дэлгүүртэй байхгүй юу. Цагаанцохиот гээд юуны тэнд байдаг чи мэдэх үү гүй юу?
-Мэдкүүм байна.
– Цаадхы чинь зогсдог дэлгүүр байхгүй юу. Сая баяраар баахан архи аваад. Тэгсэн талын талыг нь ч зараагүй. Цагаан сар ашгүй ойрхон таарлаа, тэрүүгээр дуусганаа л гэж авч байна лээ.
-Туршлагагүйтцэн үү?
-Архи харин ингээд миарчаад байгаа байхгүй юу! Хэдэн жилийн өмнө аймар байсийшд. Дэлгүүрийн бараг бүх орлогыг хийдэг байсан. Одоо талы нь хийжийнүү яажийнэ. Өөрөө үнэтэйм болохоор тэхдээ гайгүй л дээ. Талх өндөг зараад зараад орлого явдгүй байхгүй юу. Пиав харин гайгүй. Ээ ер нь ч тэгээд хүмүүс дэлгүүрээс архи мархи авахаасаа илүү баар ирэстраанд л уучдаг болсон байна шд.
-За тэр чинь харин үнэн байх. Хуучин чинь баар аймар үнэтэй баргийн гарууд ордгүй байсийшд.
-Тийшд одоо хүмүүс нэг үеэ бодуул орлоготой болцон. Хэн тэгээ л гэртээ архидахын. Орон байрны архидалт шүү дээ хахаха гэж жолооч маань нээх чанга паржигнатал инээлээ.
-Орцонд ч гэсэн..
-Тийн орц морц, цэцэрлэг талбай бүх газар бөөгнөрч уудаг байлаа шд. Одоо байхгүй…
Удаан ч гэсэн зам хорж, ах бид хоёр ярьсаар л байлаа. Ах санасныг бодвол элдэв юм сонирхомтгой юм. Загасны шөл яаж хийдэг тухай, охины үсийг яаж боовол амархан тайлагдахгүй тухай гээд мэдэхгүй юм алга. Гэхдээ бид хоёрын яриа архи дарс руугаа л эргэж ороод байлаа. Үндсэн мэргэжил цахилгааны инженер гэнэ. Гэхдээ мэргэжлээрээ их ажиллаагүй, бага сага юмхан хийсээр өнөөдрийг хүрчээ.
-Тэгээд манайхан архинаас гараад байгаамуу тээ? Чоно махнаас гэдэг шиг юм болох нь л дээ.
-Архинаас гарна гэж байхгүй. Ер нь архи уудгүй хүмүүсийг сайн ойлгодог ч гүй ен. Харин архийг тааруулж хэрэглэнэ гэдэг чинь эрдэм шүү. Ах нь орой болгон нэг литр пиав ууж унтана.
-За би ч гэсэн дээ. Гэхдээ арай ч орой болгон биш.
-Хаха пиавгүй оройноо тараг мараг уужийнуу. Ах нь урьд нь зуу татдаг байсийн. Жил ирэх тусам л архи орохоо болиод байна. Пиав чинь харин сайхан ен. Эхнэрийн дэлгүүр дээр хүртэл пиав сайн гүйгээд байгаа…. Чи оюутан байсан уу?
-Байсөөн.
-Ууна биз?
-Ууна ууна.
-Одоо оюутнууд хавтгайдаа ууж байгаа юм харагджийнуу?
-……
-Нэг л их жагссан улсууд л байгаа биз дээ хахаха…
Түгжрээ нэг хэсэг сийрснээр овоо газар хорж, буух газар маань ч ойртлоо. Ахад ганц сүхий үг хэлчий гэж ч бодов.
-Гэхдээ цагаан сараар манайхан сайхан уух байлгүй дээ
-Чи мэдийшд гээд ах над руу миний насыг багцаалах мэт харснаа “урьд нь аавууд согтуу, нэг гараас нь хүүхдүүд нь, нөгөө гараас нь эхнэр түшцэн л явдаг байгаагүй юу. Нэг л их сайхан дээл хантаазнууд” гэлээ.
-Аанха.
-Одоо байхгүй байгаа биз дээ? Хуучин манайх л лав цагаан сараар гэртээ арваад шил авдаг байсан одоо хоёр шил нь ч дуускуум байншд. Гэхдээ юмыг яаж мэдхэв гээд гурав мурвыг авдын хаха.
Ингээд миний зорьсон газар ирж, би төлбөрөө хийгээд буулаа. Тэр өдрөөс хойш бодох тусам, эргэн тойрноо харах тусам ах хүүгийн хэлсэн үгнүүд үнэн санагдаж, өөдлөх айлын өнгө өөрөө аяндаа тодорноо гэж гэсэн шүү өөдрөг бодол төрөөд болох биш ээ.