Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс өдрөөр бус, хором хормоор улам сайхан болсоор. Яагаад гэвэл тэр амьдралынхаа мөч бүрийг хайртай нөхөр, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа билээ. Харин сүүлийн үед тэрбээр гэр бүлийнхээ тайван амьдралд хоргодон суусангүй. Энэ талаар Жулия “Олон жилийн дараа анх удаа гэрээсээ ийм хол явж байна” хэмээх аж. Учир нь Жулия “Наймдугаар сар: Осейж гүнлэг” кинонд тоглосон юм.
-Та “Цасан цагаан: Одойнуудын өшөө авалт” кинонд хорон санаат хатан хааны дүрд тоглодог. Энэ киног цаг нь болоогүй гээд хүүхдүүддээ үзүүлээгүй гэсэн. Харин “Наймдугаар сар: Осейж гүнлэг” киногоо тэдэнд үзүүлсэн үү?
-Одоохондоо үзүүлээгүй. Манай ихрүүд болох охин Хэйзел, хүү Финнеус нар саяхан есөн нас хүрсэн. Генри хүү дөнгөж зургаатай. Тийм болохоор тэд ийм кино үзэх хэмжээний том болсон гэж бодохгүй байна. Гэр бүлийн хэрүүл шуугиантай кино үзүүлж, тэднийг шархлуулахад эрт байна шүү дээ. Харин өсч том болохоор нь заавал хамтдаа үзнэ ээ. Үүнд юундаа ч яарах билээ.
-Үнэхээр ч сэтгэл эмзэглүүлэм зүйл кинонд зөндөө байсан шүү. Та Мерил Стрипийг яаж өргөж чадав аа. Аймшигтай санагдаагүй юу?
-Аймшигтай байсан. Би түүнийг өвтгөчих вий гэж айсан.
-Мерил гэр бүлийн оройн хоолны үеэр таны болон эгчийн тань тухай бузар булай юм ярьснаас болж та маш их уурлаж, зоддог шүү дээ. Энэ хэсгийг олон удаа давтсан уу?
-Харамсалтай нь хэтэрхий олон давтсан. Бүтэн өдөржин энэ хэсгийн зургийг авч билээ. Үүнээс болж бие биеэ маш их хөхрүүлж, шалбалсан. Би хөхөрч няцрах болгондоо “Бурхан минь, дахиад нэг шалбархай. Энийг хар даа” гэж байхад Мерил энэ тухай огт ам нээгээгүй шүү. Чимээгүй л цохиулаад хавдсан гараа мөстэй хувинд хийгээд зогсож байсан. Мерил надаас илүү хүчтэй, жинхэнэ тулаанч юм билээ. Зураг авалтын дараа бид бие биенээ тэвэрч, энэ өдрийг инээмсэглэлээр үдэхийг хичээсэн.
-Та олон асуудалтай тулгарсан эмэгтэйн дүрд тогложээ. Харин таны амьдралд бүх зүйл гайхалтай сайхан байгаа. Аз жаргалаар гэрэлтэж буй энэ үедээ азгүй эмэгтэйн дүр бүтээх хэцүү байгаагүй юу?
-Маш хэцүү. Энэ гэр бүлийн бүх гишүүн аз жаргалгүй, гутарсан. Хоорондоо таагүй харьцаатай, яг л галзуурсан юм шиг байдаг. Тиймээс зураг авалт хүнд байлгүй яах вэ. Дээр нь би нөхөр, хүүхдүүдээ маш их санасан. Сүүлийн үед бид хэд хэдэн цаг ч салаагүй юм билээ.
-Гэтэл энэ удаа есөн долоо хоног саллаа. Оклахомад зураг авалттай байсан энэ үе хэр хурдан өнгөрсөн бэ?
-Надад есөн жил болсон юм шиг л санагдсан. (Инээв.) Азаар нөхөр бид хоёр нэгэн зэрэг ажиллахгүй байх төлөвлөгөө гаргадаг нь оносон. Бид хоёрын нэг нь гэртээ хүүхдүүдтэйгээ заавал хамт байх ёстой гэсэн үг. Би анх удаа зураг авалтаар гэрийнхнээсээ хол удаан байж үзлээ. Тэднийгээ маш их санадаг байсан болохоор Нью-Мексико муж руу долоо хоног болгон нисдэг байж билээ. Би гэр бүлгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ эндээс мэдэрсэн. Гэр бүл бол миний амьдралын хамгийн чухал зүйл.
-Гэр бүлийн аз жаргалаа та тийм ч хурдан олоогүй. Харин Дэнни яг танд тохирох эр хүн гэдгийг яаж ойлгосон бэ?
-Заримдаа оюун ухаан ч юм уу, аль нэг түвшнээрээ ижилхэн ч сэтгэл санааны хувьд таарахгүй байх нь бий. Эсвэл танд түүний үзэл бодол, хошигнол зэрэг нь таалагдахгүй байж болно шүү дээ. Харин Дэнни бол яг миний сэтгэлд таарсан, бүх зүйл нь нийцсэн хүн. Би түүний хөлийн чимээг сонсоод л хацраа үрээд, чимхээд эхэлдэг. Дэнни бид хоёрын гэрлэлт миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог. Тэр бол миний цорын ганц хайртай эр хүн.
-Танайх гэртээ ямар ч хэрүүл шуугиан байдаггүй хэмээн хэлж байсан. Тийм болохоор энэ кинонд таныг айхтар хэрүүлч авгайгаар харахад сонин санагдсан?
-Тийм ээ. Ялангуяа загастай зураг авалт хамгийн түрүүнд санаанд орж байна. Яагаа вэ, би ээждээ загас идүүлэх гэж албаддаг хэсэг. Түүнийг ятгах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тэр хоолойн хорт хавдартай, өвчин намдаах эм замбараагүй хэрэглэдэг, бие муутай, бас ааштай. Энэ үеэр би “Fuck” гэдэг үгийг бараг 50 удаа давтдаг байх.
Харин амьдрал дээр хэзээ ч ингэж байгаагүй. Тэр ч бүү хэл “Эрин Брокович” гэдэг киноны зураг авалтын үеэр найруулагч Стивен Содерберг надад “Жулия. Хэрвээ хараалын үг хэлснийхээ дараа чиний нүүр улайдаггүй бол илүү үнэмшилтэй жүжиглэлт гарна даа” гэж хэлж байсан удаатай. Үнэхээр ч би улайхгүйгээр хараал хэлж чаддаггүй. Тийм болохоор өөртэйгөө байнга ажиллах хэрэг гардаг. Мэдээж дүрд хувилахын тулд ийм том гарз гаргаж байна шүү дээ. (Инээв.) Хамгийн аймшигтай нь зураг авалт дууссаны дараа өөрийн эрхгүй “Хэн нэгэн надад чөтгөрийн кофе авчирч өгөх нь үү” гээд л эхэлдэг.
-Энэ дүрээрээ “Оскар” хүртчих юм биш биз?
-Сайхан л байна. Би жүжигчин хүн болохоор бусад жүжигчид шиг амны бэлгэтэй үгэнд дуртай. Бас “Оскар”-аас ч татгалзахгүй шүү. Харин интернэтээр мэдээ мэдээлэл, ялангуяа өөрийнхөө тухай унших дургүй. Тэндээс л ямар нэгэн тэнэг зүйл олж харчихаад бүтэн өдөржингөө хямрах нь бий. Интернэт надад яг л хүүхдүүдэд өгдөг хөвөн чихэр шиг л санагддаг.
-Хэрвээ хүүхдүүдийн тань нэг нь жүжигчин болно гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?
-Миний ажил надад таалагддаг. Гэхдээ хүүхдүүдээ ийм мэргэжилтэй болгох гэж албадахгүй, тэдний хүсэл сонирхлыг харгалзана. Бас Натали Портманы ээж рүү утасдана. Натали бол маш сайн жүжигчин, бас гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг бүсгүй. Тэрбээр эцэг эхийнх нь сайшаасан хүмүүстэй л хамтарч ажилладаг гэж байсан. Бас тэр суралцахад нь саад болохгүй нөхцөлд л кинонд тоглодог.
Гэхдээ би одоохондоо хүүхдүүдээ гаднаас гэр рүүгээ хөлстэй, шавар шавхайтайгаа хутгалдчихсан, нар салхи үнэртүүлсээр орж ирж байгаасай гэж хүсч байна. Тэд минь хүүхэд насны хамгийн сайхан, энгийн бүхнийг мэдрээсэй.
-Та өөрөө тийм ч тансаг амьдралд өсөөгүй гэдэг. Хүмүүс хүүхэд байхдаа авч чадаагүй зүйлээ том болоод хүүхдүүддээ эдлүүлэх гэж хичээдэг гэж ярьдаг. Ийм эцэг эхчүүд хүүхдүүдээ хэтэрхий эрхлүүлдэг шүү дээ. Танд ийм асуудал гарч байна уу?
-Нөхөр бид хоёр хүүхдүүдээ аль болох эрхлүүлэхгүйг хичээдэг. Манай хүүхдүүд ч бид хоёрыг маш хатуу ээж аав гэж боддог байж магадгүй.
-Танд аз жаргалтай байх олон шалтгаан бий. Ажил үйлс тань бүтэмжтэй, гэр бүл тань аз жаргалтай, хайртай хүүхдүүд, сайн найзуудтай гээд л. Аль нь танд илүү их аз жаргал авчирдаг вэ?
-Эргэлзэх юмгүй гэр бүл.
-Та одоо ч үнэхээр гайхалтай харагдаж байна. Өөртөө байнга арчаатай ханддагийнх уу, эсвэл төрөлхийн ийм юм уу?
-Баярлалаа. Би ч царайлаг аав ээжтэй, азтай хүн шүү. Би нүүрээ бараг буддаггүй, ажлын шаардлагаар л хааяа буддаг. Намайг будчихаар хүүхдүүд маань хүртэл таньдаггүй гээд бод доо. (Инээв.) Бас би маш их завгүй хүн.
-Тэгээд спортоор хичээллэж, хоолны дэглэм сахих гээд юу ч хийдэггүй гэсэн үг үү?
-Би биеийн тамираар хичээллэж, гүйдэг. Гэхдээ үүний 97 хувь нь ген гэж боддог. Өөрийгөө арчлах, фитнесээр хичээллэх, хоолны дэглэм сахих зэрэг утгагүй зүйлд хууртагдах хэрэггүй. Миний хувьд дургүй амттан, жигнэмэг, бялуу гэж байдаггүй.
-Мерил Стрип кинон дээр “Эмэгтэйчүүд жил ирэх тусам улам царай алддаг” гэж хэлдэг. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?
-Намайг хараад юу гэж дүгнэхээ өөрсдөө шийд л дээ. (Инээв.) Нас ахих тусам хүн юу мэдэрч байна, түүн шигээ л харагддаг гэж би боддог. Аз жаргалтай хүн илүү сайхан харагддаг. Бас бүгд л хөгширдөг. Үүнээс зайлсхийх аргагүй. Саяхан би 46 хүрсэн. Энэ тоо надад маш сайхан санагдсан.