-Сайн байна уу?. Таны ажил хөдөлмөр өндөр биздээ. Та өөрийгөө “Хүмүүс” сонины уншигч олонд танилцуулахгүй юу?
-Сайн сайн байна уу? сайхан өвөлжиж байна уу. Намайг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1975 онд айлын том хүү болон мэндэлсэн. Би бусдын адил амьдралтай эгэл жирийн нэгэн. Гэхдээ бусдаас арай өөр байсан нь ядуу байлаа. Өнөөдөр хүмүүс ямар нэгэн сонгууль сурталчилгааныхаа үеэр өөрийгөө ядуухан өссөн гэдэг. Миний амьдрал бол яг бодит түүхээс өдий зэрэгтэй амьдралаа босгож ирсэн учир би амьдралаа ярих дуртай байдаг. Намайг хүмүүс онгироо гэж бодож болох юм. Гэхдээ мөн чанарыг нь ойлгоосой гэж боддог. Өнөөдрийн хүмүүс маань материалаг гэхээсээ илүүтэйгээр оюуны ядууралд орчихлоо шүү дээ. Энэ оюуны чадавхгүй, бие сэтгэлийн тураалыг өөрийнхөө биеэр үзэж туулсан. Үүнийг гадаадын сэтгүүлчид ихээр бичиж байна. Урьд нь би гэдэг хүн зөвхөн өнөөдрөөрөө амьдарч маргаашийг харалгүй, зугаа цэнгэл хөөж /махан биеийн хүсэл/-ийг биелүүлдэг байлаа. Хүн баян болохоороо харуул хамгаалалтаар хүрээлүүллэх, үнэтэй зүйлс хэрэглэх, албан тушаалын хойноос хөөцөлддөг. Энэ бол жинхэнэ оюуны цэвэр ядуурал юм. Эгэл суут хүмүүсийг судлаад байхад эдэлж хэрэглэсэн зүйл байхгүй, аминчлан алба хашсан зүйл байхгүй байдаг. Эгэл хүн гэдэг бол ердөө оюунлаг бөгөөд хүнийг хүн ёсоор нь харьцдаг нийгүүлсэнгүй хүнийг л хэлдэг. Гэтэл өнөөдрийн бидний амьдрал тийм биш байна. Дугуй ширээний ард суухдаа их л сайхан зүйл ярьснаа гудамжинд гараад нэг гуйлагчин хэвтэж байвал дээгүүр нь харайгаад гарч байх жишээтэй хүмүүс олон байна. Хүнийг хүн ёсоор нь ойлгож чадвал сайд, гуйлагчин хоёр адилхан юм. Үүнийгээ ойлгочихсон ярьдаг хүмүүс байхад үйлдэл нь зөрдөг хүмүүс олон байна.
-Монгол хүнд алдар нэр, мөнгө, хийрхүү зан гурав зохидоггүй гэдэг?
-Нэр хүнд гэдэг бол унаж эдэлсэн, өмсөж зүүсэн, ганц хоёр цагийн ярианд бий болдоггүй зүйл. Нэр хүнд бол цаг хугацааны уртад бий болдог.
-Таныг нэгэн сонинд “Мангасын хар амнаас ажил олгогч” хэмээн бичсэн байсан. Ямар амьдрал үзэж туулсан чинь надад сонин байна л даа?
-Би траншейнд хонодог байсан, архи уудаг байсан тухайгаа урьд нь хангалттай ярьсан.
-Би болоод уншигч олон таныг өмнө нь ямар байсныг сайн мэдэхгүй. Тиймээс ямар байсан тухайгаа яриад өгч болох уу?
-Намайг өмнөх амьдралаа ярих юм бол Эрдэнэтийнхэн маань алгадаад унагана. Яагаад чи ийм юм ярьж байгаа. Одоо бий болгосон сайхан амьдралаа яриач гэнэ. Би дандаа архинаас гарсан тухайгаа ярьдаг. Хамгийн гол нь яаж гарах юм, гарахын тулд юу хийх юм бэ? гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй болов уу. Тиймээс энэ удаагийн яриагаа энэ тал руугаа чиглүүлсэн нь дээр болов уу?
-Ам нээвэл уушиг нээ гэдэг?
-Намайг өсгөсөн хүн бол миний хөгшин ижий Хөвсгөл аймгийн Чандмань сумын Нордов удган гэдэг хүн байлаа. Миний хөгшин ижий нутаг усандаа алдартай сайхан хүн байсан. Одоо бурханы оронд хүүгээ хараад байж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Хүний эцэг эх үр хүүхдээ дэргэдээ байлгахыг хүсдэг. Зөвхөн нүдэнд нь харагдаж байвал болоо гэж боддог шүү дээ. Гэхдээ миний хөгшин ижий намайг юм үзэж, нүд тайлаг гэж бодоод Улаанбаатар явахыг зөвшөөрсөн. Хорвоо дэлхий уужим учир аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үзэг гэж бодсон байх. Тухайн үе 1992 он байлаа. Би дөнгөж арван долоон настай 8-р ангиа төгсөөд ганцаар Улаанбаатарт ирсэн . Улаанбаатарт намайг тосож авах ганц ч хүн байгаагүй. Тэр үе бол нийгэм эдийн засгийн шилжилтийн үе буюу картын бараанд дараалалд зогсдог, яаж амьдардаг, яаж өлсдөг, хүний мөн чанарууд жинхэнэ гээгдэж унах, нөхөр дайсан болохыг нүдээрээ харж, өөрийн биеэр туулсан тун хэцүү он жилүүд байж. Хотод орж ирээд очих айл, оочих аяга байхгүй учир дээврийн чардак, орцны хонгил гэх газруудаар гэр хийж явсан. Өнөөдрийн яриад байгаа шиг траншей хүртэл байхгүй байсан. Гэхдээ би энэ бүгдийг муулах гэж байгаа юм биш. Надад том сургамж болсон. Харин хүний ойворгон, муу зангаас болоод хүн гэдэг амьтан залуу насандаа алдаж, энддэг нь хорвоогийн хууль юм билээ. Тэр болгоныг үзэж туулж алдаж, эндээд явсан үе надад бий. Тухайн үед би боловсролгүй учир надад олдох ажил байсангүй, нөгөө талаар намайг шингээх орон зай ч байсангүй. Хүн болгон халагдаж үйлдвэрүүд хаалгаа барьж нэг үеийн хэсэг зовлон үргэлжилсэн.
-Арван долоохон настай хүү Улаанбаатарыг зориод ирнэ гэдэг их л зориг байж. Залуу насандаа юу үзэж туулав?
-Миний хөгшин ижийгийн алсын ухаан. Хүүдээ юм үзүүлж ухааныг нь тэлүүлэх алс холынх нь бодол байсан болов уу. Би хүнд их тусархуу хүн л дээ. Өөрийгөө тодорхойл гэвэл “цагаан цайлган, тусч, хөнгөн” ингээд л болоо. Би хэмжээлшгүй сайхан сэтгэлтэй хүн. Үүнийхээ буянд өдий зэрэгтэй ах нь сайхан амьдарч яваа. Намайг муу хэлдэг хүн байдаггүй. Яахав архи ууж байсан, тамхи татаж явсан, хүүхэн эргүүлснийг минь л хэлэх хүн байх. Гэхдээ энэ бүхнийг үзэж туулаагүй эр хүн гэж байдаггүй. Харин надад түмнээ гэсэн сэтгэл үргэлж булиглаж байдаг. Өвдөж зовсон, хөл гарнаас нь идээ бээр гоожсон тэр хүмүүсийг тэнхрүүлэхийг би хүсдэг. Энэ бүгдийг би туулж үзсэн учраас өвчин зовлонтой нэгэндээ би тусладаг. Тэдгээр хүмүүсийнхээ залбирал хайранд өдий зэрэгтэй сайхан амьдарч яваа. Би эр хүний гишгэх ёстой шат, явах ёстой замаар явсан. Ямар нэгэн шатыг алгасаагүй гэж боддог. 1992 онд хотод орж ирээд хэсэг хугацааны дараа нутгийнхаа ахтай танилцсан. Тэр ах маань цэргийн ангид ажилладаг. Надад тэрэг хийж өгсөн түүгээр нь би зайрмаг зардаг. Түүнийхээ хажуугаар гутал тослодог байлаа. Гутал тослоод сууж байхад өсгий нь далийсан хүн ирэхэд түүнийг нь янзлаад өгдөг. Энэ бүгдийн хажуугаар надтай бэрхшээл хамт явдаг байлаа. Тэр битгий хэл мөнгөгүй олон сар болж, хоолгүй олон хоног явсан удаа надад бий. Үүнд би гутраагүй.
-Хүн бүхэн бага насандаа аливаа зүйлийг үзэж туулах хэрэгтэй гэж би боддог. Тэгж гэмээ амьдрах ухаан суудаг болов уу?
-Миний хөгшин ижий намайг яах гэж явуулсан юм бэ гэхээр ижий маань дайны он жилүүдэд арван хэдхэн насандаа онгод тэнгэрээ авчихсан хавчигдаж, шахуулж байсан гэдэг. Ингээд л Улаанбаатар руу зугтаж ирээд гэрийнхээ өрхийг битүүлж байгаад юм үзэж хардаг байсан гэж надад хүүрнэж байсан. Мөн Улсын бөмбөгөр театрт Лувсаншарав гуайн удирдлаган дор дуулж явсан дугуй цагаан малгайтай хүрээ хүүхэн байсан гэдэг. Ижий маань нэг хүнтэй сууж хоёр охинтой болсон. Хүний амьдралд хагацал зовлон тохиолддог хойно гэр бүлийн хүн нь хорвоог үдсэн байдаг. Ингээд нэгдлийн үед нутагтаа эргэн очиж мал малласан. Том охиных нь хүү би. Эмээ дээрээ өсөж торниж хүн болсондоо. Эмээ маань бүх зүйлийг мэддэг байсан учир намайг хотын зүг явуулсан. Нэгдүгээрт намайг хулгайч биш гэдгийг, хоёрдугаарт хүний дургүйг хүргэхгүй, хүнтэй эв зүйтэй явна гэдгийг минь мэддэг байсан. Ингээд л намайг амьдрал үзүүлсэн. Харин энэ хорвоогоос буцахдаа олон үр ач нарынхаа дундаас намайг дуудан зүүн гарыг минь чанга атгаад “сүү” гэж хэлсэн. Би сүү ам руу нь хийтэл эмээгийн маань завжийг даган урссан. Тухайн үед хөгшин ижий маань надад нэг л зүйл хэлэх гээд байсан. Тэр нь “олонтойгоо яваарай” гэж тодоос тод хэлсэн л дээ. Олонтой хүн л энэ амьдралд амьдардаг. Өнөөдөр байгаа зүйлээрээ бусдад туслах сайхан сэтгэлтэй хүн байхгүй болж. Би өөрт байгаа зүйлээ хүнд аваачаад л өгдөг. Эхэндээ эхнэр маань уурладаг л байсан. Ингэлээ гээд чамайг хэн ч ойлгохгүй гэдэг байлаа. Гэхдээ хань маань намайг ойлгодог болсон. Би сүүлд хувцасаа угаах гээд цуглуултал наймын хувин дүүрээгүй. Би үүндээ баярласан шүү.
-Улаанбаатарт ирээд туулж өнгөрүүлсэн он жилүүдээ ярьж болох уу. Надад сонин байна?
-Өөрийнхөө үзэж туулсан бүхнээр нэг хэсэг лекц уншдаг байлаа. Одоо өөрийнхөө амьдралаар ном бичиж сууна. Миний ном гурван хэсгээс бүтнэ. Эхний хэсэг буюу Хөвсгөлөөс Улаанбаатар орж ирэх хүртэл нэг бүлэг, Улаанбаатарт орж ирээд архинд ороод архинаас гарсан хүртэл хоёрдахь бүлэг, Архинаас гараад өдийг хүртэл амьдарч байгаа гуравдахь бүлэг болгон ном бичиж байгаа. Анх Улаанбаатарт орж ирээд гутал засч сүүлд нь савхи буддаг болсон. Эхлээд Шар хаданд амьдарч, түүнийхээ дараа Шар хадны 72-ын барак байранд амьдарч түүнийхээ хэрээр найз нөхөд олонтой болсон. Найз нөхөд олонтой болж архи, тамхи хоёрт нэвт орсон. Би нэгдүгээр ангиасаа эхэлж тамхи татсан. Тухайн үед баар байхгүй ганц байсан нь “Нарсар” нэртэй. Түүнд орж пиво ууж, удалгүй АПУ-гийн архи нэртэй цагаан шилтнийг уусан. Ингээд л дарвиад архи уугаад л явсан. Нэг мэдэхнээ хорин насыг гарсан. Анх хотын төвд гутал тослодог байсан бол сүүлдээ хотын төвд тослуулахаа больж бага тойруугаас гарч тослохыг шаарддаг боллоо. Адаг сүүлд нь эдэлж хэрэглэдэг байсан гутлын сойз, тосыг минь хураадаг, цагдаад баригдаад Чингэлтэйн 1-т баригдаад хоригддог. Шалыг нь зүлгээд л угаадаг мөн ч олон удаа угаасан даа. Сүүлдээ бүүр дахин дахин орсоор байгаад бараг л ах дүүс шиг л болсон. Эргээд бодоход тэр хэдийгээ санадаг. Хэдий намайг барьж хорьдог байсан ч би одоог хүртэл талархаж явдаг. Чингэлтэй дүүргийн Баярмагнай гээд цагдаа ёс журмын цагдаагийн дарга болоод явсан сурагтай. Би үнэхээр баярласан. Би тухайн үед хууль зөрчигч, тэр хүн маань цагдаа байсан. Гэсэн хэдий ч ах дүүс шиг сайхан л байдаг байлаа. Хүн гэдэг ажилдаа дуртай байгаа цагт очихгүй газар, хүрэхгүй амжилт гэж үгүй юм байна аа гэдгийг ойлгосон. Ингээд сүүлд 3,4-р хороололд гутал тослодог болсон. Ашиг орлого муутай учир Сэлэнгэ аймаг руу вагоноор явсан. Очоод л савхи будаж хэсэг байж байгаад Дархан явсан. Вагонд явахдаа согтуу л явдаг байлаа. Архинд бол нэвт шувт орсон үе. 1994 оноос эрчимтэйгээр архинд орсон. Тухайн үед мөнгөө олчихно ганц бие хүн намайг хэн ч тэгээч ингээч гэж хэлэхгүй шүү дээ. Мөн нутгийнхаа арваад залуучуудыг өөрийнхөө эгнээнд нэгтгэн аваад ирсэн. Бид нийлээд л архиа уудаг. Харин хөдөө орон нутаг явахдаа ганцаараа явдаг. Сэлэнгэ рүү явахад нэг ах надтай хамт явсан. Бид хоёр нийлээд Дарханд очоод “Улаан шувуу” гэдэг газар хамт архи ууж суугаад би тасарчихсан байж. Гэтэл ах маань намайг Эрдэнэтийн вагонд суулгаад явуулчихсан байсан. Нар тусаад сэрээд хартал үйлчлэгч эгч тасалбараа гэж надаас асууж билээ. Ингээд л би хүн танихгүй Эрдэнэт хотод хайрцагандаа гутлын тос, сойзтой, савхи буддаг будагтай бууж. Сэлэнгээс Дархан ороход ах маань надад “Эрдэнэт яв тэнд оросууд ихтэй миний дүү тэнд амьдралаа залгуул” гэж зөвлөсөн. Хэдий архичин ч гэсэн тэр ах миний амьдралын суурийг тавьж өгсөн санагддаг. Ингээд зах дээр сууж гутал засч, савхи будсан. Харин маргааш нь оросууд савхийг тэвэр тэврээр нь барьж ирсэн удаатай. Тухайн үед би 47 см урт үстэй байлаа. Үсээ сүлжүүлэхийн тулд үсчин орох шаардлагатай болдог. Үсчин орлоо. Яваад ортол хөдөөний арван хэдхэн настай тарган шар охин туслах үсчин байна. Хожим нь миний хань. Тэр охиноор би үсээ сүлжүүлээд л явсан. Хэд хоногийн дараа үсээ ахиад сүлжүүлэх шаардлага гарсан. Өөр үсчин дээр орсон гэтэл үс маань хэдхэн цагийн дараа сүлжсэн сүлжээс нь задарсан. Ингээд л байнга туслах үсчин охин дээрээ очиж сүлжүүлдэг болсон. Түүний сүлжсэн үс гурван хоногтоо яах ч үгүй байдаг байлаа. Ингээд л энэ бүсгүйн гаранд нэг зүйл байна гэдгийг ойлгосон. Тухайн үед би маш мэдрэмжтэй хандаж чадсан гэх үү дээ. Миний амьдралд таарсан эмэгтэйчүүдийн дундаас хамгийн гайхамшигтай нь миний хань байсан. Би амьдралдаа сонголтоо зөв хийсэн. Яагаад ч юм дэндүү эгэл бүсгүй. Миний эхнэр чинь эрэгтэй хүүхдийн хар ботинктой, куртиктэй эглийн эгэл эмэгтэй байлаа. Би хотод хөөрхөн охин ямар байдгийг мэдсэн, харсан. Гэсэн хэдий ч би өнгийг хараагүй зөвхөн сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн гоо сайхныг харсан. Удалгүй би шоколад аваачиж өгсөн, түүнийхээ дараа кино үзье гэж билет аваачиж өгөхөд ажлынх нь бүсгүйчүүд ямар гоё юм бэ гэхэд миний хань гараад л гүйчихсэн шүү. Тэр бол жинхэнэ монгол бүсгүйн ааш ялдам зан юм. Танилцаад удаагүй хэрнээ би архи ууж л байсан. Нэг өдөр очтол найз бүсгүйтэйгээ мөн хоёр залуутай нийлчихсэн сууж байна. Нөгөө л нэг эр хүний хардамтгай зангаараа агсам тавьж эхнэрийнхээ гарыг исгэчихсэн. Би шууд гүйж гараад бээлий аваад түүн дотроо хайрын захиа бичиж хийгээд өгсөн. Би аливаа зүйлийг хар буруу санаж үлдээж чаддаггүй. Тэр захианд “намайг түмэнтээ уучлаарай Оюун-Эрдэнэ гэдэг хүн ийм хүн биш юмаа. Миний биед шингэн чөтгөр орж хувилаад түмний үс засдаг тэр гоё гарыг чинь исгэсэнд түмэнтээ уучлаарай. Энэ бээлийг өмсөөд дулаахан яваарай” гэж бичсэн. Тухайн үед захиа таалагдсан учраас эхнэр маань намайг уучилсан байдаг. Төд удалгүй Эрдэнэтийн маань ажил муудаж хажуугийн Булган аймаг руу явж гутал зассан. Эргээд иртэл эхнэр маань байдаггүй. Ажлынх нь газрын хүмүүсээс нь асуусан чинь ээлжийн амралтаа аваад хөдөө явчихсан гэлээ. Миний бүх нандин зүйлс үгүй болчихсон мэт санагдаж билээ. Хүний хань зүрх сэтгэлд тийм сайхан байдаг юм байна гэдгийг анх мэдэрсэн. Маргаашийн өдрийг хүлээвэл магад миний зүрх дэлбэрнэ гээд Батмөнх даян хаан хэлдэгтэй адил. Ингээд хоёр шил архи аваад хэдэн чихэр цүнхэндээ хийгээд эхнэрийнхээ байдаг Булган аймгийн Бугат сум руу мотоцикль хөлслөн явж билээ. Согтуу хадмын гадаа яваад л очсон. Эхнэр маань намайг буц энэ тэр гэж байсан. Мэдээж шүү дээ дөнгөж ажлын эхэнд очиж байгаа охин хүүхэд дээр нь хэний ч мэдэхгүй урт үстэй, хар царайтай залуу ирээд байхад хүн ичихгүй яахав. Гэтэл хадам ээж маань “Цэвээндулам аа хүн амьтан ирсэн юм бол оруул” гэж билээ. Шууд л би яваад орсон. Хадам аавыг маань Дагва гэдэг ариун цагаан хөдөлмөрөөрөө шударга амьдарч яваа сайхан хүн бий. Хадмын хаяаг түшиж нэг хонолоо. Маргааш өглөө нь хадлан хадах болж таараад би хадланг нь хадна, буцахгүй гээд суучихваа. Анх удаа айлд орж байгаа хүргэн хүү хүчтэй хүзүүний мах амттай гэгчийг үзүүлсэн. Бүтэн өдөржингөө өвс хадаад зогсож байхад хадам аавын маань дүү Санжаа гуай намайг морьтойгоо тойроод байж билээ. Хүмүүс ам дамнан ярьж байна. Тэднийх тийм хүргэнтэй болж энээ тэрээ гээд л. Тухайн үед хадмууддаа их таалагдсан. Намар нь болоод эхнэртэйгээ цуг Эрдэнэт хотод орж ирээд хажуу өрөө хөлслөн суусан. Гэсэн хэдий ч миний архи уудаг байдал, хөнгөн хуурмаг зан маань хэвээрээ л байлаа. Тухайн үед танк тоглож адаг сүүлд нь бинго тоглож гутал засч олсон бүх мөнгөө алддаг болсон. Эхэндээ эхнэр маань юм хэлдэггүй удаад ирэхээр яаж тэвчих үү хоёулаа ам зөрөлддөг болсон. Адаг сүүлд нь архи уудаг хүн чинь эхнэртээ гар хүрч эхэлсэн. 2000 онд том хүү маань мэндэлж аав болсон хэдий ч урьдын адил амьдрал маань хэвээрээ л байсан. Нөгөө л нэг хажуу өрөөндөө, эхнэр маань цалингаараа амьдралаа залгуулдаг харин би олсон мөнгөөрөө архиа уудаг, зугаа цэнгэлээ эдэлдэг байлаа. Загасчин хүн загасаа л барьдаг бол архичин хүн архиа л уудаг. Түүний адил улам барьцаа ахиулж архи намайг бүрэн дийлж энэ ертөнцөөс явуулсан. Хэрвээ чөтгөр гэж байдаг бол чөтгөрийн хамгийн том зэвсэг архи гэж боддог. Чөтгөр хүнд юу гэж хэлдэг вэ? гэхээр чи өнөөдөр л жаргачих, чи маргааш чадна шүү дээ, уухгүй сууж байхад чи уусан хүмүүсийг хардаа ямар гоё бүжиглэж байна ганц татчих гэдэг яагаад гэвэл чи мундаг юм чинь хэмээн өөгшүүлдэг. Ингэж явсаар би 2002 онд арга буюу гэр бүлээсээ саллаа. Харин эхнэр маань миний тухай аав ээждээ хэлж үзээгүй, надруу муу муухайгаар дайрч үзээгүй, салъя гэж хэлээгүй. Би түүндээ салъя, би чамаас илүү сайхантай сууна гэж гомдоож явсан. Тэр жил хөгшин ижий маань бурхан болсон. Салж явахдаа би хүүгээ авна гэсэн хүүг маань надад өгсөн. Би хүүгээ аваад Хөвсгөл явсан. Төрсөн ээждээ хүүгээ үлдээгээд төрсөн дүүгээ аваад Улаанбаатар хотыг зорьсон. Нөгөө л тэнэмэл зангаараа гутлын материалаа авч Өвөрхангай аймгийн төв, Хархорин, Хужирт сумдаар явсан. Би Хархорины хүмүүст өртэй хүн. Ямар өртэй вэ гэхээр Хархорины ганц гуталчин, тэдний нүдэнд муухай харагдаж, хонож өнжсөн буудалдаа мөнгөө төлдөггүй байсан. Би уучлалт гуймаар байна. Би Хархоринд очоод архи л уух зорилготой байсан. Ирэх зун гэр бүлээрээ очно. Би урьд нь тэгж явсан бол өнөөдөр сайхан амьдарч яваа. Үнэнээс хүн зугтах аргагүй, үнэнийг нуугаад хэрэггүй. Өөрийгөө олсон хүний тод жишээ. Өөрийгөө олоогүй хүн дотроо нэг л зүйлийг нууж, цоожилж явдаг энэ бол буруу. Ингээд дүүдээ гутал засдаг материалаа үлдээгээд Тулгаа, Тогтох, Алдар найз нартайгаа нийлээд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн хөндийд 2004 онд өвөлжлөө. Тэнд очоод шороо ухаад алт олохгүй, жинхэнэ утгаар нь архиа уулаа. Ёстой л гэрт нь хариулдаггүй, гэдсийг нь өлсгөдөггүй газар байлаа. Өлтийн хөндийд 10 мянга гаруй хүн амьдардаг байсан. Жинхэнэ хүн сүргийг тэндээс л харсан. Өлтийн хөндий бол эр чадалтай нь атаман болж алтыг нь булааж азарга болдог тийм л газар. Хүн л алчихаагүй бол хутгалах, зүсэх, зодох үзэгдэл бол энгийн л асуудал. Ингээд архи ихээр уух болсоноо, турж эцэж байгаагаа, тамир тэнхээгүй болж байгаагаа мэддэг болсон, сүүлдээ духаа сковдууллаа. Арай ядан алтаа ухаж байгаад хэдэн төгрөг хийж хувааж аваад Улаанбаатарт ирсэн. Гэтэл таньдаг мэддэг найз нөхөд маань бүгд л зайгаа барьсан. Ер нь хэцүү болчихсон байгаагаа харж, би өөрөө ч мэдэрч байлаа. Би хүний нүдэнд хэтэрхий муухай харагддаг болчихсон байлаа. Ядаж л өмссөн гутлын маань түрүү шарлаад шатчихсан, өмссөн хувцас маань их л заваан хүн айлд орохоор хэцүү биздээ. Ингээд болоогүй турж эцээд шүд ам байхгүй, хэл яриа байхгүй болчихсон. Ийм хүнийг найз нөхөд цаашаа л гэдэг юм билээ. Би уг нь олон найз нөхөдтэй хүн шүү дээ. Гэхдээ би хүнийг муулах гэсэнгүй. Тухайн үе маань 2004 оны өвөл байлаа. Очих газар, оочих аягагүй явж байхдаа нутгийнхаа ах дүү хоёр залуутай танилцаж сайхан нөхөрлөн хамтдаа төмөр түүж, гутал засахаар болсон. Гутал засъя гэтэл материал байдаггүй. Ингээд Нарантуулын баруун урд хаалган дээр алимны хайрцаган дээр ганц хоёр өсгий тавиад хүний гутлыг зассан. Хэдий би архичин ч гэлээ надад чадвар маань байсан. Мөн урьд нь үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдээс минь ирж үйлчлүүлдэг болсон. Өвлийн хүйтэнд би Нарантуул зах дээр зуу татчихаад зуны яактай өвөлжсөн. Шөнө нь ирээд нөгөө хоёртойгоо хамт хонодог. Бид гурвын хонодог газар Американ дэнжийн урд, зуун айлын хажууд, 13-р хорооллын траншейн байлаа. Яагаад гэвэл өвөл хөлдөж үхэхгүйн тулд, ирэх хавар амьд байхын тулд, амьд байна гэдэг хүнд сайхан амьдралын оч найдвараа байлгахын тулд, оч найдвараа унтраахгүйн тулд хүн траншей буюу танканд очдог. Гэтэл өнөөдөр траншейнд очсон хүнийг энэ нийгэмд байх ёстой үзэгдэл гэж дарга, цэрэггүй харж байна. Энэ бол байх ёсгүй үзэгдэл. Гэтэл траншейндах хүмүүс оюун санаатай, бие биендээ тусладаг, байгаа юмаа хувааж хэрэглэдэг, хамтын сэтгэлтэй, аливаа зүйлийг хоршиж хэрэглэдэг. Харин бид дээр гараад ирэхээрээ хамтарч ажиллаж чадаж байна уу. Ганц оёдлын үйлдвэр хамтдаа бариад ажиллуулах чадал, оюун ухаан байхгүй байгаа биз. Харин танканд байгаа хүмүүс яаж хоршдог вэ гэхээр гал гал болж, бие биенээ хамгаалж, өөр траншейны хүнд газраа алдахгүйн төлөө, ээлжилж хоолоо хийдэг, хэн нэг нь өвчилсөн бол хамтраад савх чигийг нь тавьдаг. Траншейнд эмч, багш гээд янз бүрийн хүмүүс байдаг. Би траншейны хүмүүсийг өмөөрсөөр байгаад дуусна. Траншейнд байгаа хүн хэзээ ч итгэл найдвараа гээдэггүй юм. Ганцхан буруу зам дээр сонголтоо хийсэн ариун цагаан, сайн хүмүүс байдаг. Уйлаад л хүнийг хайрлаад үнсдэг. Энэ бол согтуу хүний зан биш. Жинхэнэ өр нь өвдөж, зүрх нь булиглаж байдаг. Надтай хамт амьдарч байсан ах дүү хоёр одоо энэ ертөнц дээр байхгүй. Ах нь эхэлж дүү нь дараа нь явсан. Би түрүүлж архинаас гарсан. Гэсэн хэдий ч тэр хоёрыгоо гаргаж амжаагүй. Үүн дээр би алдсан. Гэхдээ энэ хоёрынхоо төлөө залбирч, сүсэглэж явдаг. Эцсийн мөч хүртэл нь хамт байсан. Тэр хоёртойгоо байхдаа сайхан дуу дуулж, шүлэг уншиж өгч байсан тэр өдрүүд одоо ч хамт байна. Миний самсаа шархирч байна. Ах дүү хоёр маань үргэлж миний сэтгэл зүрхэнд цуг байдаг. Үүнийг би л ганцхан мэдэрч чадна. Батбаяр, Батзориг гээд хоёр залуу байсан. Ах нь Өмнөговийн Хүрмэнд жаа байсан залуу. Жинхэнэ эр хүн эр цэргийн жаа болдог. Харин дүү нь тэшүүрээр гулгадаг. Тэшүүрийн үзүүр дээр тас тас гээд гүйгээд явж байхыг нь би мэднэ. Ийм л сайхан нөхөдтэй андалж явлаа. Анд гэдэг үг бол Чингис Жамуха хоёрт байдаг. Тэр хоёрт байсан үеийн андлал траншейнд л байдаг. Анд гэдэг үг хамт үхэж чаддаг, хамт хорвоог үдэж чаддаг хүнд үг. Би олон сайхан найз нөхөдтэй байсан. Бүгд бурханы оронд одсон. Зарим нэг нь сураггүй алга болсон.
-Биед шингэсэн энэ шингэн чөтгөрөөс хэрхэн зугтаж, хэрхэн тэмцэж архинаас гарав?
-Бид гурав хамт өвөлжиж хавар болохоор туулын эрэг дагаж гардаг байлаа. Нэгэн хавар миний найз Баасанхүү намайг гэртээ аваачиж амбаартаа ор засч өгөн “миний найз эндээ амьдар” гэсэн. Би найзынхаа ачийг мэдэхгүй архиа л уудаг. Гэсэн хэдий ч намайг гэртээ аваачдаг л байсан. Нэг өдөр өөртөө байгаа 10мянган төгрөгөө надад өгсөн. Миний найз үүгээр сайхан хувцас аваад өмс гэж билээ. Хожим би тэр хүний сэтгэлийг ойлгосон. Сэтгэл гаргасан зүйл заавал сайхан зүйлийг дагуулдаг. Би архи уучихаад албатай юм шиг явж очоод хонодог, очиход хоол хийгээд л тавьчихсан байдаг. Ийм хүн ховор юм. Төд удалгүй дөрвөн настай хүүгээ Хөвсгөлөөс авчирч хамт амьдарсан. Хүүтэйгээ хамт амьдарсан хэдий ч архинаасаа гараагүй л байсан. Хүүгээ Хөвсгөлөөс аваад Улаанбаатар явах замдаа хүүдээ ундаа авч өгөх чадваргүй согтуу явж билээ. Хүмүүс ундаа уугаад миний хүү хоосон. Чи бодоод үздээ дөрөвхөн настай бүлтгэр хөөрхөн хүүг холын хол замд юу ч авч өгөлгүй явж байсан гээд. Тийм л архичин байсан. Тэр үед өнөөгийнх шиг сайхан унаа тэрэг байсангүй гуч машины тэвшин дээр суугаад л явж билээ. Ингээд хүүтэйгээ цуг амьдарсан боловч би чадаагүй учраас хүүгээ Эрдэнэт явуулсан. Удалгүй зуун айл дээр гутал засаад сууж байхад эхнэр маань над дээр ирсэн. Тэр битгий хэл хамт хоноод явсан. Би архинаас гараагүй. Эхнэрээ эргэчихээд явсны дараа зургаан сард би бараг үхэж байсан. Сэтгэл санаа минь амьд байсан хэдий ч 650-ын архиа дийлэхгүй бие махбодийн хувьд амьдаараа ялзарсан, архиныхаа бүрэн эрхшээлд орж татганаж байлаа. Хүмүүс өмнө нь надад хэлж байсан гэвч тоогоогүй. Хэдэн сарын дараа эхнэр маань ахиад ирсэн. Надад сүүлд хэлэхдээ: Оюун-Эрдэнэ архинаас гарчих юм шиг зөн билгээрээ мэдэрсэн гэж билээ. Ирээд байгаа мөнгөөрөө надад хувцас авч өгч, зүгээр л аваад явах ёстой гэдэг сэтгэлээр хандсан.
-Тэгээд юу болсон бэ. Та дагаад явсан уу?
-Би эхнэрээ дагаад л явсан. Эхнэрээ дагаад явж байгаа архичны заяа тавилан нь өөрийн эрхгүй ичдэг юм байна лээ. Тухайн үед би юу, юу гэж доромжилж явлаа. Тэрүүхэн үед хүний хань гэдэг ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Ханийн үнэмлэмжийг хэн нэгний амаар, хэрүүл маргаанаар шийддэг зүйл биш юм байна аа гэдгийг ойлгосон. Хүний ханийг амьдарч байж л мэдэрдэг. Хүний хань гэдэг өвчтэй зовлонтой үед танигддаг. Харин улам гоохолзож, сээхэлзсэн үед хань харагдахгүй, хайр харагдахгүй. Зоогийн газар орж болзсон хүүхнийхээ ганц хоёр үсийг унасныг авч өгдөг эр хүнд хань харагддаггүй. Гэртээ ирээд авч суусан өөрийнхөө гэргийг болоод хүний хөөрхөн үрийг болзсон хүүхэнтэйгээ харьцуулна гэдэг өөрийгөө олоогүй эр хүний шинж.
-Бүсгүй хүний ухаан эр хүний нөмөр нөөлөг хоёр нийлж гэмээ нь сайхан амьдрал босдог гэдэг?
-Хүний хань гэдэг бол ийм л байдаг. Яахав бид хоёр Эрдэнэт хотод очлоо. Хадам аав ээж маань хашаа байшинтай. Эхнэр маань намайг архинаас гаргая гэж тэмцсэн. Өөрийнхөө ажлыг хийхгүй цаг мөч бүхэн надтай байж бие хааг минь тэнхрүүлэхийн төлөө байсан. Эхний хоёр, гурван сар бидний хувьд хүнд өдрүүд байсан. Би одоо ч мартдаггүй. Би нэг л өдөр босоод хайраа одоо бүхнийг эхэлье гэж хэлсэн. Урьдын амьдардаг хажуу өрөө маань хэвээрээ амьдралд өссөн зүйл ганц ширхэг ч үгүй. Би юу чадах уу гутал засч чадна. “Хангайн бүс” захын удирдлагат түрээс өгөөд гудамжинд суугаад л гутлаа зассан. Архи гэдэг зүйлийг нэг зүйлээр солих хэрэгтэй болсон. Тухайн үед би архиа бичих юмаар сольсон. Түүнийхээ дараа сүмд явж эхэлсэн. Яагаад гэвэл би хамт олонтой болохыг хүссэн, нийгэмшихийг хүссэн. Тэндээс их зүйлийг олж авсан. Төд удалгүй дэлхийн зөнгийн төсөл хэрэгжүүлж хорих ангиудаар явж архинаас гарсан тухайгаа ярьдаг болсон. Ингээд өөрөө хөгжиж эхэлсэн. Гуталчин хүн нийгэмд танигдана гэдэг их зүйлийг өөртөө зориулсны шинж. Би ямар нэг зүйлийг золиослоогүй зориулсан. Үүнийхээ хажуугаар маш их ном уншсан. Би уншиж байсан номноосоо улам гэгээрсэн. Миний амьдралын хамгийн том багш бол ном юм. Одоо бараг номын сан болоод байна. Ном болоод амьдрал дээр үзэж туулсан бүхнээ нийлүүлж энэ амьдралд орсон, архинаас гарсан. Би архинаас гарах үнэхээр хүсэлтэй байсан хэдий ч гарч чадахгүй байсан. Хүсэлтэй л хүн архинаас гардаг. Хүсэлгүй хүн хэзээ ч гардаггүй. Миний хүслийг миний хайр л ойлгож, дэмжиж туслаж гаргасан. Хайраар бүх зүйлийг хийнэ. Хүн хайраар л дутдаг. Гутлаа би хоёр сар зассан. Ингээд байрны подвал түрээслэж, гадаа 40х60 хэмжээтэй хавтан дээр савхины будгаараа “Наалдан пад” гутал засвар гээд бичсэн. Түүнийг хүмүүс хаяг гэж хардаг байсан уу үгүй юу мэдэхгүй юм. Тухайн үед сэтгэсэн сэтгэлгээ минь тийм л байсан. Подвал маань доороосоо шороотой гэрэлтүүлэг байхгүй 100 лампын гэрэлтэй тэр маань үлэг ялиг гэрэлтүүлдэг. 14-н хоног хүн орж ирэхийг хүлээлээ. Гэтэл нэг өдөр нэгэн эмээ “миний хүү энэ гутал завсар мөн үү” гэж асуусан. Мөн байлгүй яахав гээд л би баярлан угтлаа. Зуны аагим халуун наранд гутал нь хөлийг нь барьж хавгануулсныг би харсан. Ингээд эмээ би хөлийг чинь бариад өгье гээд барих гэтэл “миний муухай хөлийг бариад яах вэ” гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ би тэр эмээгийн хөлийг барьж өгч гутлыг нь янзалж өгөөд явуулсан. Харин маргааш нь гайхамшиг болж хоёр эмээ орж ирсэн. Би тэр үед хүнлэг байж чадсанаараа, бурханы замыг сонгосноороо сайхан үеэ эхлүүлж чадсан. Ингээд л хоёр эмээгийн хөлийг нь барьж гутлыг нь засч өгсөн юм. Сүүлд охиноо дагуулаад надад дээр орж ирсэн. Эмээ охиндоо хэлэхдээ “энд байнга гутлаа засуулж байгаарай” гэсэн. Охин нь дараа нь надад хэлэхдээ. Ээж биднийг гаднаас орж ирэх болгонд гутал руу хараад “ээж нь засуулаад ирье та нар ажил төрөлтэй амжихгүй байгаа бололтой мөнгөө өгчих” гэдэг ийм учиртай байсан юм уу гэж билээ. Гэтэл эмээгийн бүх гутал засагдчихсан учраас үр хүүхдийнхээ гутал руу хараад засуулахыг мөн далимаар хөлөө бариулахыг хүсдэг байж. Өнөөдөр эмээ нарыг хараад хүмүүс энэ тэтгэврийн хөгшинд юу л байгаа аж дээ гэж боддог. Гэхдээ хүн болгонд боломж бололцоо байдаг. Төд удалгүй миний подвал хүнээр дүүрч тэр битгий хэл орцны гадаа оочерлодог болсон. Би хамгийн гол нь эмээд таалагдтал үйлчилж чадсан. Хүн төрөлхтний бизнесийн алтан дүрэм бол үйлчилгээн дээр явдаг. Ингээд л гуталчид аваад салбараа нээж эхэлсэн.
-Гутал засч байгаа хүмүүс тан шиг чадварлаг байж чадсан уу?
-Би чинь архичин байхдаа гутал засах аргаа хэдэн хүнд заагаад сургачихсан байсан. Тэднийгээ буцааж амьдралд нь оруулж гутал засварын салбараа нээсэн. Намайг 2005 онд Эрдэнэтэд очиход гутал засварчид бүгд салонтой болчихсон байсан. Гэтэл гудамжинд явж байхад таньдаг хүмүүс маань Оюун-Эрдэнээ энэ гутлыг засаад өгөөч гэхэд нь таньдаг мэддэг гуталчин дээрээ очиход “зайлаарай п… минь гээд зодоод, хөөгөөд, чирээд гаргаж байлаа. Гэхдээ би өс санаагүй. Өс санасан хүн өөрөө л хохирдог. Би хамгийн анхны арван мянган төгрөгний ажил хийчихээд засвараа шууд л хаагаад эхнэр лүүгээ гүйсэн. Эхнэртээ би 10 мянган төгрөгний ажил хийлээ гээд л орсон. Тэр мөчид үнэхээр урамшсан. Удалгүй “Наалдан пад” нэртэй гурван гутлын засвартай боллоо.
-“Наалдан пад” гэдэг үг таны брэнд гэж ойлгож болох уу?
-Заяагаараа нийлсэн бидэн хоёр Завсар зайгүй наалдан падаа хө гэж монгол ардын дуу байдаг. Түүний адилаар гутлын эцсийн вариант нь наалдан пад юмаа. Гурван газартай болсны дараа эхнэрээ ажлаас нь гаргаж 6-1-р байранд түрээсээр тусад нь массаж хийдэг салон байгуулж өгсөн. Түүнийгээ “Сэндэр” гэж нэрлэсэн. Салоныхоо нэрийг хаягтай нь сонин шиг цаасан дээр гараар олон ширхэг бичээд гурил зардаг хүмүүст тарааж өгөөд жинхэнэ амьдралын төлөө гүйж эхэлсэн. Гутал засварт хүн орж ирэхгүй бол ажлынхаа гадаа дуулж, бүжиглэдэг байсан. Эрдэнэтэд гутал засварууд өглөө 11-т онгойж орой 19 цагт хаадаг байсан бол би өглөө 7-н цагт онгойж орой 21-н цагт хаадаг болсон. Гэхдээ гуталчин гээд муухай царайлахыг бодоогүй. Комиссоос цав цагаан цамц аваад түүнийгээ өмсөөд ажлаа хийдэг орой тараад цамцаа очиж угаагаад өглөө нь шинэ юм шиг цагаан цамцтай Танд энэ өдрийн мэндийг хүргэе, танд амжилт хүсье та сайхан амраарай гээд гудамжинд хүн болгонтой ярьдаг. Сүүлд сонссоноор байрны хүмүүс 3-2-1 балай хүнтэй болчихжээ гэж ярьдаг байсан гэж байгаа.
-Архи уухаа больсноос хойш их зүйлийг бодож, их зүйлийг өөрчилсөн байна шүү?
-Ном л намайг хүмүүжүүлсэн. Архи уусан хүн юм бодоод л суудаг. Хэзээ ч маргааш үхнэ дээ гэж суудаггүй. Энэ дэлгүүрийн бичгийг ингээд өөрчилвөл их гоё юм байна даа гэх мэтээр бодож суудаг. Гэтэл хүмүүс архи бодож байна, хэний юмыг авсан бол гэж хардаг. Сайхан хүнлэг хүмүүс бий. Намайг Нарантуул зах дээр өвөл зуны яактай сууж байхад жийптэй залуу давхиж ирээд өмсөж явсан нэхий дээлээ өмс гээд тайлаад өгч байсан. Би шатсан захын урд талд гуанзны хажууд суудаг байлаа. Түүнийг хэзээ ч мартдаггүй. Би даанч тэр хүний юу хийдэг, хэн гэдгийг мэдэхгүй. Надад нэхий дээл нь арав гаруй хоног сайхан дулаан хувцас болсон хэдий ч би архинаас өгчихсөн. Хэрвээ энэ ярилцлагыг уншиж байгаа бол надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Би таны төлөө үргэлж залбирдаг. 2005 онд мөнгөө цуглуулсаар байгаад 2-25-р байранд сая 200 мянган төгрөгөөр нойлын өрөө худалдаж авсан. Тэр байрыг ГОК-ын ажилтан Цэдэн гэдэг ахаас худалдаж авч байлаа. Миний амьдралын хамгийн том эд хөрөнгө. Эхнэр хүүхэдтэйгээ бор гэртээ богд, хар гэртээ хаан нь болж жаргасан. Өөрийн гэсэн усанд ордог өрөөтэй дураараа дургиж байлаа. Тэр өвөл нь “Номин”-гийн хямдралаар 21 инчийн саарал зурагт аваад таксинд багтахгүй болохоор нь тэврээд л бяр тэнхээ орчихсон ёстой л бардам явлаа. Өглөө эрт хүүгээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд л шууд ажлаа хийдэг. Ингэж л урам зориг, амьдрах итгэл сэтгэлээр дүүрсэн.
-Амьдрал баян юм шүү?
-Тийм шүү. Ажилчид нэмж аваад л зай завсар гарвал ном уншаад л. 2006 онд ДХТ гэдэг газар хоёр өрөө байр худалдаж авах гэтэл мөнгө дутахаар нь “Зоос банк”-наас 3,5 сая төгрөг зээлсэн. 2007 он гарлаа байраа зарж “Зоос банк”-наас ахин 14 сая төгрөг зээлж эхнэрийнхээ таньдаг эгчээс гурван өрөө байрыг үсчингүүдтэй нь цуг 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Тийм их итгэлийг надад өгсөн. Туулсан амьдрал, хөдөлмөрийг минь үнэлж надад мөнгө зээлсэн явдалд би баярлаж явдаг. Тун удалгүй үсчний газраа гадагш сэтэлж өргөтгөл бариад, гадаа талбайд нь айраг, ундаа зарж эхэлсэн. Ингээд шинээр “Оюу” салоныг эхнэртэйгээ хамтран босгож авлаа. Би ч цаг хугацааны явцад нийгэмшиж Эрдэнэтийн ТИС-д цагийн багш хийлээ. Хүний нүдэн дээр амьдралаа босгосон хүнийг хүн бүхэн дэмждэг юм билээ. Түүнийхээ урам зоригоор оюутан залуучуудад амьдрах ухааны хичээл ордог болсон. Өнөөдөр ч гэсэн сайхан нийгэм бидэн рүү ирж явна. Аль болох бүгдээрээ сайн сайхан руу тэмүүлж гэмээ хөгжинө. 2009 онд Багшийн маань цалин хүрэлцэхээ больж “Наалдан пад” салоноо хоёр өрөө болгон тохижуулж шинэ технологиор хүмүүст үйлчлэх болсон. Амьдрах байргүй явсаар ариун цагаан хөдөлмөрөөрөө ондоо багтаж хоёр өрөө байр худалдаж авсан. Би ч гадагш дотогш явж гахай шувууны мах идсэн. Түүнийхээ хэрээр нүд тайлсан.
-Таны амьдралыг мэддэг болохоор хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг байх?
-Миний ямар амьдралтай байсныг Эрдэнэтийн бүх хүмүүс мэднэ. Би анх ямар байсан тэр л зангаараа байгаа. Яагаад гэвэл би олныхоо хайраар өдий зэрэгтэй яваа. Ингээд гутлынхаа салоныг өргөжүүлж, улсаас 100 сая төгрөгний зээл авсан. 2010 онд улсаас авсан зээлээрээ “Суу-Ариг” гээд нутгийнхаа нэрээр нэрлэсэн гутлын үйлдвэр байгуулсан. Хүнд хэрэгцээтэй ажлын гутал хийж байна. Надаас улс нэг зүйлийг нэхдэг тэр нь чанарын сертификат. Өнөөдрийн байдлаар гутлын үйлдвэр маань бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа. Тэр нь юу гэхээр жижиг зүйлс болох кноф, ул гэх мэтийг урдаас авч байна. Уг нь бидэнд бүх нөөц боломж нь бий. Гэтэл бүгдийг нь урагш зөөх юм. Монгол хүн эх орондоо томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах боломжтой. Нөөц боломж, чадвар, оюун ухаан бидэнд бий. Үүнээс цааш хийж бүтээх олон зүйлс бий. Би өнөөдөр хүний хүсээд авч чадаагүй Mercedes benz G500 маркийн автомашин унаж, хамгийн сүүлд гарсан техник технологи хэрэглэдэг. Үзэж туулсан, хөдөлмөрлөсөн он жилүүдийн шагналд энэ бүгдийг хэрэглэх цаг маань болсон гэж би боддог. Намайг хүмүүс онгирч байна гэж бодох ч та ч гэсэн чадна. Хүн бүхэнд боломж бололцоо бий.
-Одоо таны хүү том болоо биз. Хүүдээ юу гэж захиж байх юм бэ?
-Одоо би хүү, охин хоёртой. Том хүү Амарбаяр маань хятадад сурч байгаа. Хөгшин ижий маань намайг явуулсан шиг би хүүгээ мөн л явуулсан. Аавынхаа дэргэд нялцганадаг, шалчигнадаг эр байж болохгүй. Бие даах хэрэгтэй, хүнд зодуулж сураг. Хүнд зодуулсан шиг зодуулчаад шалчигнадаггүй ухааныг эр хүн гэж байгаа. Хүмүүс дандаа “би”, “би” гэдэг. “Би”-гийн хийрхэлээс болж бид өнөөдөр олон зүйлийг алддаг. Уралдаж яваа бол ардаа яваа хүнд замаа тавиад өгчих. Нэгэнт түрүүлсэн нь тодорхой хойно илүү зүйлд шунах хэрэггүй. 60-70 хүний дунд та гоё хээнцэр хувцастай ирээд “тоор жимс аваарай” гэж орил. Даанч та чадахгүй. Гэхдээ аливаа зүйлд яаж ухаанаа зарах вэ гэдэг арга ухаанд суралц. Та ичсэнээсээ болж ашиггүй хоцорно. Би гутал засахдаа нүд рүү нь харж аваад, нүд рүү нь хараад инээгээд “Танд их баярлалаа” гэж өгдөг. Хүн өөрийнхөөрөө л байх ёстой. 2006 онд би ээж, зургаан дүүгээ нүүлгэж ирсэн. Миний дүү нар сумаасаа гарч үзээгүй Эрдэнэтэд ирж байсан. Эрдэнэтэд ирээд үнэхээр гайхаж байсан үе одоо ч гэсэн нүдний өмнө харагддаг. Одоо бүгд энэ нийгэмд сайхан амьдраад явж байна.
-Хүүгийнхээ зөв сайхан амьдралыг хараад ижий хүний сэтгэл жаргалтай байж магнай тэнийж байгаа байхдаа?
-Би ээжийнхээ магнайг тэнийлгэж яваа. Би ээжийгээ жаргаахын төлөө хичээнэ. Ачийг нь бол хариулж чадахгүй. Эхийгээ хайрладаг, эхийгээ жаргаадаг хүн энэ хорвоод жаргадаг юм гэнэлээ. Өнөөдөр бол сайхан байна.
-Хүний амьдралын удам судар гэдэг чухал. Хүүгээ алдаж эндээд ухаарах байхаа гэдгийг хөгшин ижий чинь сайн мэдэж байсан болов уу?
-Хүн, морь хоёр адилхан байдаг. Би хүүгээ сайн мэддэг шиг миний хөгшин ижий намайг нэвт харж байсан. Амьсгалын эцсийн мөчид надад “Олонтойгоо яваарай” гэдгийг л захисан. Би түүнийг нь биелүүлж явах учиртай. Архинаас гарах амархан. Архи уугаад хэвтэж байгаа хүнийг битгий муу хэлээрэй, хараагаарай. Өнөөдөр таны хэн нэгэн чинь архи ууж яваа бол тэрхүү хүнд хайр л дутаж яваа. Миний эхнэр над дээр ирсэн шиг яваад очоорой. Ах нь бүх амьдралаараа архинаас гарахыг хүлээсэн. Эцэст нь архинаас гарч төгссөн. Уучлалт хязгааргүй юм. Хүн бүхнийг өөр шигээ бод. Таны гутлаа зөв тавьсан, хувцасаа зөв эвхсэн, хаалга үүдээ зөв хааж сурсан тохиолдол бүрт амжилтын хаалга нээгдэж байдаг. Таны байгаа байдал, эмх цэгцээс амьдрал эхэлнэ.
-Зав гарган сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Тан шиг жаргалын замд нийлэх олон мянган хүмүүс байгаасай гэж би хүсч байна. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Шуурхай.мн