Э.Сноуден: АНУ-ын Засгийн газар намайг үхсэн байхыг хүсч байна

   АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) экс шинжээч Эдвард Сноуден Вашингтоны эрх баригчдын зүгээс амь насанд нь халдах вий гэж айж буйгаа илэрхийллээ. Тэрээр Германы ARD телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү өгүүлсэн аж. Энэ ярилцлага өнөөдөр олон нийтийн хүртээл болох юм. “АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид намайг үхсэн байхыг хүсч байна” хэмээх Сноуден герман сэтгүүлч Хуберт Зипелтэй ярилцахдаа онцолжээ.

        Экс шинжээч энэ санаархлыг батлахын тулд “Buzzfeed”веб сайт дээр нийтлэгдсэн өгүүллээс иш татсан байна.Уг нийтлэлд Пентагоны хүмүүс Сноудений амь насыг хөнөөх тухай ярьсан аж. “Эдгээр хүмүүс бол АНУ-ын Засгийн газрын ажилтнууд. Тэд миний толгойд нэг сум зоох, эсвэл супермаркетаас гарч явахад хордуулах, мөн шүршүүрт орж байхад амь насанд минь халдах талаар ярьсан” хэмээн АНУ-ын тагнуулын албаны тэрслүү ажилтан Германы телевизэд ярьжээ.

        Тагнуул хийсэн, төрийн нууцыг хулгайлсан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж байгаа Сноуден эдүгээ Орост орогнож байгаа билээ. АНУ-ын нууц албад бусад улс орны үйлдвэр компаниудыг тагнадаг талаар бас ам нээжээ. “АНУ-ын ашиг сонирхолд хамаатай Siemens-ийн ямар нэг мэдээлэл байлаа гэхэд тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй байсан ч америкууд тэр мэдээллийн хойноос хөөцөлдөж, тагнадаг” хэмээн Сноуден ярилаа.

        Экс тагнуулчийн энэ яриа Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч Вани Винсийн батлан ярьсантай зөрчилдөж байгаа аж. “АНУ гадаадын үйлдвэр компаниудын бизнесийн нууц мэдээллийг хулгайлахын тулд тагнуулын албадаа ашигладаггүй. Бид бизнес дээр дэлхий дахинтай өрсөлдөхдөө ийм арга хэрэглэдэггүй” хэмээн Винс мэдэгдэж байсан юм. Эдвард Сноуден эдүгээ гар дээрээ ямар ч мэдээлэлгүй хоцорсон гэдгээ ярьжээ. Тэрээр өөрт байсан бүх мэдээллээ өөрийн сонгож авсан хэд хэдэн сэтгүүлчид дамжуулж өгсөн гэдгээ Германы телевизид ярьсан байна. Тэрхүү мэдээллийг нийтэлж түгээх нь одоо тэдгээр сэтгүүлчийн мэдэх хэрэг хэмээн Сноуден онцолсон аж.

        Reuters аентлаг мэдээлж буйгаар, Э.Сноуден АНУ-д буцаж очих талаар Ерөнхий прокурор Эрик Холдертэй хэлэлцээ хийж эхэлжээ. Тэрээр өөрийг нь өршөөн хэлтрүүлсэн тохиолдолд л эх орондоо буцаж очих болзол тавиад байна хэмээн Хууль зүйн департаментын эх сурвалж мэдээлэв. “Би АНУ-д буцаж очвол Засгийн газар болон олон нийтийн хувьд хамгийн зөв шийдвэр болох байх. Гэвч мэдээлэгчийг хамгаалах хууль биелэгдэнэ гэдэгт би итгэхгүй байна” хэмээн Сноуден мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Холдер телевизэд өгсөн ярилцлагадаа, Сноуденийг өршөөх эсэх талаар хэлэлцэхэд бэлэн биш байна хэмээн мэдэгдсэн юм. Түүнийг бүрэн өршөөх асуудал байж болохгүй гэж Холдер хэлсэн ч АНУ-ын эрх баригчид Сноуденийг эх оронд нь авчрах боломжийг судалж байгаа бололтой. Сноуден гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл эх оронд нь буцааж авчрах боломжийн талаар ярилцаж болно гэдгийг АНУ-ын эрх баригчид ойлгуулсан аж.

aravt.mn Н.МӨНХЖИН

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …