Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тэргүүн хатагтай Людмила Путина нар салах гэж буйгаа зарласан билээ. Энэ үйл явдал дэлхий даяар янз бүрийн шуугиан дэгдээсэн гэхэд болно. Хэвлэлүүдээр 30 гаруй жил ханилсан энэ хосын шийдвэрийн цаад шалтгаануудыг өөр өөрсдийнхөөрөө ухаж тайлбарласан. Путиний гэр бүл хэзээ салсан нь тодорхой бус байна. Магадгүй тэд албан ёсоор зарлахаас нэлээд эрт энэ шийдвэрээ гаргасан байж болох.
Өдгөө дэлхийн хэвлэлүүдэд Путиний нууц амрагууд байж болзошгүй бүсгүйчүүдийн талаар элдэв таамаглал дэвшүүлж байна. Тэдний тоонд уран гимнастикч Алина Кабаева, фото модель асан Алина Лапикова, олон нийтийн үйл хэрэгт зүтгэгч, Оросын тагнуулын газрын Анна Чапман нар орж байгаа аж. Гэхдээ тэднийг Путиний амраг гэсэн бодит баталгаа байдаггүй, Кремлийн зүгээс ч элдэв шуугианыг дор дор нь үгүйсгэдэг.
Владимир, Людмила нар салах гэж буйгаа пүрэв гарагийн орой Кремлийн ордонд “Эсмеральда” балет үзсэний дараахан мэдэгдсэн юм. Анхандаа тэд балетын үзүүлбэр гайхалтай болсон хэмээн сэтгэгдлээ хуваалцаад, дараа нь хамтдаа амьдрахгүй байгаа, удахгүй салах гэж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тэд салалтынхаа гол шалтгааныг Людмила Путина олны өмнө байх дургүй, нөхөр нь цаг үргэлж ажилтай байж, чөлөөт цаг гаргадаггүй, өөр өөрсдийн гэсэн амьдралтай болсонтой холбон тайлбарлаж байв. Тэд 30 жил хамт амьдарсан болохоор найз нөхдийн харилцаатай үлдэж байгаагаа зарласан байна.
Оросын төрийн тэргүүний эхнэр 2010 оноос олны өмнө гарч ирэхээ больсон. Ялангуяа Владимир Владимировичийн албан ёсны үйл ажиллагаанд ч оролцохоо больсон юм. Үүнээс болж хэвлэлүүдээр Людмила Путинаг сүмд шавилах шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл цацах болсон.
Тэднийх Марина, Екатерина хэмээх нас биед хүрсэн хоёр охинтой. Өдгөө охид нь Оростоо аж төрж байна. Путиний гэр бүл ийнхүү салж буй нь ойрын өдрүүдэд дэлхийн сенсаци болж байгаа ч үүнд гайхах, сенсацилах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл гэр бүл салалт орчин үед хамгийн түгээмэл үзэгдэл болсон бөгөөд эндээс нууц амраг, өөр олон нууц шалтгааныг хайх ч шаардлагагүй. Ер нь хүмүүс 30 гаруй жил цуг амьдарч, үр хүүхдээ нас биед хүргэчихээд өөр өөрсдийнхөө замыг хөөх тохиолдол байдаг. Энэ бол хувь хүний хэрэг бөгөөд хэн ч тэднийг зогсоож чадахгүй.
Гэсэн хэдий ч ямар ч нотолгоо байхгүй хэрнээ Ерөнхийлөгчийн амрагуудын талаар яриа тив дэлхий алгасан мэдээлэгдсээр л байна. Зарим нь түүнийг нууц амрагтай төдийгүй нууц хүүхдүүдтэй гэж хүртэл бичих болсон. Энэ бол хий хоосон яриа ч байж болно шүү дээ. Тэгээд ч гэр бүл салалтын гол шалтгаан нь Путинийг өөр хүүхэнд хайртай болсонтой холбоотой байсан ч ийм том хүн сэтгэл алдрахад хууль бус зүйл байхгүй. Том улс удирдаж, өдөр бүр хүндхэн шийдвэр гаргадаг ч тэр адилхан л хүн.
Харин одоо байдал цаашид хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Гэхдээ одоо Владимир Путинд улстөр хэмээх цорын ганц нууц амраг үлдсэн гэдгийг баттайгаар хэлэх байна. Тэрбээр энэ амрагтаа чөлөөт цагаа бүрэн зарцуулж, эрх, хартай эмэгтэйчүүдээс ч илүү анхаарал тавьдаг билээ.
Эх сурвалж: “Телеграф”
Эх сурвалж: