Монголбанкнаас өнгөрсөн оны сүүлчээр “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил, тод байдлын журам”-ыг баталсан байна. Ингэснээр иргэд банкинд хадгаламж байршуулах болон банкнаас зээл авахдаа хүү, шимтгэл болон бусад зардлын мэдээллийг нээлттэй авах эрхтэй болжээ.
Түүнчлэн банкууд ч иргэдэд тодорхой журмын дагуу зээлийн үйлчилгээний зардал, болон хадгаламжийн нэрлэсэн хүү, бодит хүүгийн мэдээллийг иргэдэд гаргаж өгөх үүрэгтэй болсон байна. Өнөөдрийн тухайд банкууд ихэвчлэн зөвхөн нэрлэсэн хүүг мэдээлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин нэрлэсэн болон бодит хүү нь хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд иргэд үүнийг тэр бүр мэддэггүй гэнэ.
Түүнчлэн зээлийн үйлчилгээн дээр ч бас зөвхөн зээлийн нэрлэсэн хүүг л иргэдэд мэдээлдэг. Тэгвэл зээлийн хүүнээс гадна бусад шимтгэл, зардлуудыг тооцвол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зээлийн бодит өртгөг нь хүүгийн өртгөөс харьцангуй өндөр гардаг аж. Ийнхүү зээлийн зарласан хүү болон бодит өртөг, эсвэл хадгаламжийн зарласан хүү болон бодит хүү хоорондоо зөрүүтэй байх нь хууль зөрчсөн үйлдэл биш. Гагцхүү үүнийг банкууд харилцагчдадаа ил, тод, нээлттэй мэдээлж байх үүргийг шинээр батлагдсан журамд тусгаж өгчээ.
Шинэ журам энэ оны нэгдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд банкууд зээл болон хадгаламжийн үйлчилгээтэй холбоотой далд байдаг бусад зардлуудыг иргэдэд мэдээлж эхэлсэн байна. Өмнө нь ийм журам байсан ч банкууд заавал мөрдөх албагүй байжээ. Харин шинэ журмын дагуу банкууд иргэдэд мэдээллийг заавал гаргаж өгч байхаар тусгаснаараа онцлог болжээ. Ингэснээр санхүүгийн үйлчилгээнд мэдээллийн ил, тод байдлыг хангаснаар иргэдэд сонголт хийх боломж нь илүү өргөн хүрээнд нээгдэж байгаа юм.
Хадгаламжийн бодит болон зарласан хүү гэж юу вэ
Хадгаламжийн хүүг банкууд янз бүрээр тооцдог ч ихэвчлэн хугацааны эцэст буюу жилд нэг удаа тооцож олгодог. Яг энэ тохиолдолд зарласан болон бодит хүүгийн ялгаа гарахгүй юм. Харин сард нэг удаа, эсвэл өдөр бүр хүүг тооцож байгаа үед зарласан болон бодит хүүгийн хооронд ялгаа гардаг. Нэг ёсондоо таны сарын дотор хадгаламждаа хийсэн орлогод тухайн сард нь хүүг тооцсоноор иргэдэд очих өгөөж нь нэмэгдэж байгаа юм. Хүү тооцох энэ давтамж хэдий чинээ ойр байна төдий чинээ бодит хүүгийн өгөөж нэмэгддэг аж.
Энгийн жишээгээр хүргэе.
- Сарын 1.5%-ийн зарласан хүүтэй, хүүг хугацааны эцэст төлдөг хадгаламжийн бүтээгдэхүүний 1 жилийн бодит үйлчилж буй хүү нь=1.5%*12=18% болно.
- Харин дээрх жишээнд хүүг сар бүр тооцож хадгаламжаа нэмэгдүүлдэг бол бодит үйлчилж буй хүү нь 19.56% байна.
- Харин дээрх жишээнд хүүг өдөр бүр тооцож хадгаламжаа нэмэгдүүлдэг бол бодит үйлчилж буй хүү нь 19.71% байна.
- Харин дээрх жишээнд хүүг үргэлжлүүлэн тооцож хадгаламжаа нэмэгдүүлдэг бол бодит үйлчилж буй хүү нь 19.72% болж байна.
Зээлийн бодит өртөг гэж юу вэ
Иргэд зээл авлаа гэхэд давхар хэд хэдэн төрлийн хураамж, шимтгэл авдаг. Энэхүү шимтгэл, хураамжууд нь нэмэгдсэнээр зээлд үйлчилж буй бодит өртөг нь өөрчлөгддөг байна. Банк дотоод үйл ажиллагааныхаа журмын дагуу тухайн зээлээс тодорхой шимтгэл авдаг. Энэхүү шимтгэл, хураамжуудын мэдээллийг ил тод болгох тухай асуудал юм. Банк ийнхүү шимтгэл авч байгаа нь мэдээж хууль зөрчсөн асуудал биш. Эсвэл иргэдээс илүү мөнгө авах гэсэн санаа ч биш юм. Угаасаа дэлхийн аль ч улс оронд банкууд зээлийн үйл ажиллагаандаа тодорхой төрлийн шимтгэлүүд авдаг. Гагцхүү энэ нь ил, тод мэдээлэгдэж байх учиртай юм.
Банкны зээлийн үндсэн хүү болон бодит өртгийн ялгааг жишээгээр хүргэж байна.
Жилийн 7%-ийн зарласан хүүтэй, 10,000.00₮-ийн орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай, сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэй авах тохиолдолд бодит өртөг тооцъё. Энэхүү зээл дараах шимтгэл, хураамжтай байг. Үүнд:
- Зээлийн өргөдлийн хураамж: 10.00₮,
- Зээлийн үйл ажиллагааны шимтгэл: Зээлийн дүнгээс-1%
- Зээлийн эрсдэлийн шимтгэл: Зээлийн дүнгээс-0.5%
- Барьцаа хөрөнгийн даатгалын шимтгэл: Барьцаа хөрөнгийн үнэлгээнээс-0.3%
Зээлийн бодит өртөг тооцож үзэхэд 7.4% болж байна.
Д.Амар