Уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтад тооцогддог “PDAC-2014” Канадын Торонто хотод энэ сарын 2-5-ны өдрүүдэд болж байна. Чуулга уулзалтад манай улсаас Уул уурхай сайд тэргүүтэй хүмүүс оролцож байгаа.
Энэ үеэр Монгол Улсаас тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын сайд тус хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс уул уурхайн таатай, тогтвортой орчны бодлого баримталдаг. Азийн хувьд хамгийн бага татварын дарамттай орны тоонд багтдаг” хэмээн онцолжээ.
Монголын талаарх тусгай хэлэлцүүлэгт нийтдээ 50 орчим компанийн төлөөлөл оролцсоны тал хувь нь манай улсын зах зээлийг сонирхож буй хөрөнгө оруулагчид байсан аж.
Дашрамд дурдахад энэ жилийн чуулга уулзалтад тус улсын Ерөнхий сайд оролцож буй юм байна. Энэ нь зохион байгуулагдсанаас хойших 85 жилийн хугацаанд анх удаа тохиож буй үйл явдал болохыг зохион байгуулагчид онцолжээ.
Л.Амар