Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж тендер будлиантуулдаг, танил талдаа өгдөг үзэгдэл манайд хэдийнээс бий болчихсон. Албан тушаал, авлигын хэргээр шүүхийн хаалга татаж гэм буруутай нь тогтоогдсон эрхмүүд гарын арван хуруунд багтахааргүй олон. Улсын мөнгийг үрэн таран хийдэг, зориулалтын бусаар ашигладаг албан тушаалтнуудыг төрөөс зайлуулах тухай яригддаг ч биелэлээ тэр бүр олдоггүй. Хоёр хоногийн өмнө энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд нэлээн ширүүхэн мэдэгдэл хийгээд авсан юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны нээлттэй хуралдааны үеэр тэрбээр “Байнга хугацаа хоцроож байсан барилгын компаниуд хар жагсаалтад орж, дахиж ажил авах эрхгүй болох ёстой. Зураг төсвийн магадлан хийж, Ц.Дашдорж, Х.Баттулга сайдын тушаалаар халхавчилж, төсөвт өртгийг 2-3 дахин нэмсэн зураг төсөв зохидог хүмүүс энэ эрхээсээ хасуулж, улс энэ хүмүүст ажил өгөхгүй байх хэрэгтэй. Тендер шалгаруулахад нэг барилгыг гурван компанид хувааж өгсөн тендер будилуулагч бүх хүн төрийн албанаас зайлах ёстой. Тиймээс цэг тавина гэдгийг энэ мэтээр ойлгож байгаа. Одоо минийх гэдгээр харж үзэх асуудал байхгүй. Алдаа гаргасан хүн болгонд таарах хариуцлагыг өгөх хэрэгтэй. Энэ асуудал 2010 оноос эхэлсэн ажил биш. 2006 оноос эхэллээ тавьсан. Одоо тендерүүдийг шинэ зарчмаар явуулна” гэсэн юм.
Спикер ийнхүү мэдэгдэл хийсэн ч бодит байдал дээр хурган дарга нар албан тушаалаа ашиглан тендерийг ар өврийн хаалгаар зохицуулж байгаа сэжим Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас харагдах болсон байна. Тодруулбал, тус газрын дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх” ажлыг тендерт Лаки лайф” ХХК-д давуу байдал олгожээ. Тус компани өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт бетонон шон болон “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс” гэсэн пайз тэмдгийг суурилуулна гэсэн агуулга бүхий гэрээг Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулсан байгаа юм. Гэрээний дагуу “Лаки лайф” ХХК ажлаа эхэлж зун хийж болох байсан ажлаа хийхгүй байсаар байгаад суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгоод л санхүүжилтээ бүрэн авч, ажлаа дуусгажээ. Нийт 105 сая төгрөгийн тендерийн мөнгийг нь Нийслэл Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас гаргаад өгчихсөн байна. Ажил нь бүрэн хийгдээгүй ч ийнхүү мөнгийг нь гаргаж өгсөн нь анхаарал татаж буй юм. Хийж дуусаагүй ажлыг нь хийснээр тооцоод өгсөн нь төрийн албаныханд “но” байж мэдэх аж. Асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дэд дарга Н.Эрдэнэбилэг “Мэдээж хууль зөрчсөн явдал. Гэхдээ энэ ажил он дамжих нь гэхээр нь ийм шийдвэр гаргасан. Учир нь он дамжсан тохиолдолд Засгийн газраас санхүүжилтийг нь зогсоох тухай яриа гарсан. Иймд ажлыг бүрэн гүйцэтгүүлэх гэж ийм шийдвэр гаргасан” гэжээ. Тендерийн гүйцэтгэлийг шалгаж, мөнгө олгох эрхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга мэдэх ёстой. Гэвч тус газрын дарга Г.Болормаа зөвшөөрлийг өгөөгүй болж, дэд дарга нь хамгаалж суугаа юм.
Тус газарт өөр нэгэн факт ч бий ажээ. Аж ахуй нэгж, хувь хүмүүст худаг өрөмдөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэйгөөр энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ талаар Усны тухай хуульд тодорхой заалт бий. Гэтэл “Мөнхийн ундарга инженер” компани тусгай зөвшөөрөлгүй ч Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргаас худаг өрөмдөх зөвшөөрөлийг бүтэн жил авч чадсан байна. Гэвч үүнийг Г.Болормаа дарга “Тусгай зөвшөөрөлтэйг мэдээгүй. Мэдэх боломжгүй” тэр бүр бид тэрийг хянаад байдаггүй мэтээр тайлбарлаж байна. Түүнээс “Мөнхийн ундарга инженер” компанитай холбоотой асуудлаар тодруулахад “Худаг өрөмдөхөд уг нь тусгай зөвшөөрөлтэй компаниар ухуулах ёстой л доо. Худаг өрөмдөх эрх олгоод тухайн компани өрөмдлөгийн ажил гүйцэтгэсний дараа тусгай зөвшөөрөлгүй болж таараад тэр асуудал нь илэрсэн.
Манайхаас энэ компани мэргэжлийн байгууллагын дүгнэлт авах гээд ирэхэд нь бид “Танайх өнгөрсөн жил өрөмдлөг хийх ажил хийсэн байна. Ингэж болохгүй байсан юм. Хуулийн дагуу та бүхэнд арга хэмжээ авна. Дараа нь бид тусгай зөвшөөрөл, дүгнэлтээ гаргаж өгнө” гээд манай мэргэжилтэн сануулаад, арга хэмжээ авагдах гээд л явж байгаа. Түүнээс санаатайгаар зөвшөөрөлгүй компанид өрөмдлөг хийх зөвшөөрөл өгөөгүй” гэсэн тайлбарыг өгч байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан байж мэдээгүй, хараагүй, алдаа гаргасан байна хариуцлагаа хүлээнэ гээд сууж байгаа хэр зохимжтой юм бол. Тусгай зөвшөөрөлгүй компанид цооног өрөмдөх зөвшөөрөл олгоод сууж байгаа нь хувийн эрх ашиг үйлчилж байж мэдэх юм. Иймд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хуулийнхан анхаарал хандуулах цаг ирсэн бололтой.
Н.Сараа