Орост гялгар уутыг орлох арга бий болжээ. Оросын өмнө зүгт орших Астрахани хотын техникийн их сургуулийн залуу эрдэмтэд хуванцар хог хаягдлаас зайлсхийх арга замыг олсон байна. Ердийн гялгар уут задарч үгүй болоход дор хаяж 40 жил шаардагддаг бөгөөд энэ нь заримдаа илүү удаан үргэлжилж 100 жил ч болох явдал байдаг. Хуванцар материалыг шатааснаас хорт бодис ялгардаг.
Гялгар уутыг орлох шинэ био задралын материал бага зэрэг үнэтэй боловч устгах шаардлаггүй юм. Түүнийг зүгээр л ороогдсон бүтээгдэхүүний хамтаар идэж болох юм гэж Астраханий техникийн Их сургуулийн аспирант Мария Никулина яриад:
«Манай бүтээгдэхүүний 90% нь жинхэнэ байгалийн мөртлөө ердийн хүнсний амтлагч найрлагуудаас бүрддэгээрээ хосгүй юм. Харин бүтцийн 10%-ийг бүрдүүлж буй хальс бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд тэдний олонх нь тэр ч буу хэл анагаах үр дүнтэй билээ» гэжээ.
Хүнсийг боосон хальсыг зүгээр л нэг идчихэж болно гэсэн утга санаа хэрэглэгчид мэдээж айдас төрүүлж болох юм. Гэвч үүнийг боловсруулагчид шинэ хальс чанах явцад ердийн шөл болон хувирдаг хэмээн тайлбарлаад бодитоор өөрсдийн нотолгоог батлан харуулахад бэлэн байна.
Био хальсанд ороосон бүтээгдэхүүнийг буцалсан усанд хийж минутын дараа ердийн борщ шөлийг харж болно гэж төслийн удирдагч Альберт Нугманов өгүүлээд:
«Бид аль хэдийнээс энэ хальсыг хүнсэнд хэрэглэсэн бөгөөд ямар ч аюулгүй, түүний бүтцэд орсон бүх найрлага Эрүүл мэндийн яамаар хэрэглэхэд зөвшөөрөгдсөн юм. Зарим нэг найрлагууд нь тэр ч буу хэл эрүүл мэндэд ашигтай болохыг би хэлж чадах байна» гэжээ.
Залуу эрдэмтэд аль хэдийн патент авахаар мэдэгдлээ явуулжээ. Үйлдвэрлэлийн загвар авангуут тэд өөрсдийн боловсруулалтыг үйлдвэрлэлд хэрэгжүүлэхээр төлөвлөцгөөж байна.
эх сурвалж: Оросын дуу хоолой радио