Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна.
Хонины ястай мах килограмм нь дунджаар 8 134 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул мах өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 500 төгрөг байлаа. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,3 хувиар буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа.
Харин төвийн томоохон зах дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна. Мөн” Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бол “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр зарагдаж байна.
Төмс хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад төмс 1,8 хувиар буюу 10 төгрөгөөр, хятад сонгино 1,4 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан бол монгол лууван 2,5 хувиар буюу 30 төгрөгөөр, байцаа 3,5 буюу 50 төгрөгөөр 10,6 хувиар буюу 186 төгрөгөөр тус тус өссөн байна.