Гудамжинд лааз өшиглөөд явж байсан хэсэг нөхөд өнөөдөр УИХ-д суудалтай гурван бие даагч гишүүний буянаар ИНЕГ-т эзэн мэт сууж буй билээ. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүний ивээлд багтаж ИНЕГ-ын даргын зөөлөн сэнтийд заларч байсан тус газрын дарга асан С.Буяндалайг “Ажлаа хийхгүй байна” гэж салбарын сайд нь огцруулсан. Тэгвэл ямар ч мэдлэг туршлагагүй нөхдийн бөөгнөрөл тус газарт буй болсноос хойш энэ газрын ажил урагш гишгэхээ байж.
Учир нь шинээр томилогдсон удирдлагууд халаа сэлгээг баруун солгойгүй хийж, гурван гишүүний танил тал, хамаатан садан зэрэг мэргэжлийн бус 120 гаруй хүнийг ажилд оруулснаас болж иргэний нисэхийн салбарын бодлого алдагдаж, аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөр зорчигчдын эрх ашгийг хохироосон хэрэг гарсаар байна.
Бие даагчдын халаасны хүмүүс энэ салбарт олноороо шургалжээ
Уг нь С.Буяндалайг “Мэргэжлийн ажилчдыг олноор нь халж, тус салбарт тогтворгүй байдал үүсгэж хохирол учруулсан” гэх үндэслэлээр ажлаас нь халж байсан.
Гэтэл одоо байдал улам ч дордож байгаа нь мэргэжлийн хүмүүсийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байна.
Уг нь боловсон хүчний асуудлын талаар ярих хүсэл эрмэлзлэл их байдаг ч зөвхөн бие даагчдын халаасны хүмүүс энэ салбарт олноороо бугшсан учраас тэдний саналыг сонсох нэг ч хүн байхгүйд хэргийн гол учир оршиж буй юм гэж халаглах хүн ч олон байна.
Тухайлбал өнөөдөр улстөрийн томилгоогоор томилогдоогүй гэх тодотоголыг зүүгээд буй Т.Лхагвасүрэн дарга өөрийн толгойгоор ажлаа явуулж чаддахгүйд хүрчээ. Мэдээж үүний ар талд нөгөө л эрх мэдэлтэй бие даагч гишүүд байгаа учраас тэр гэдгийг амтай бүхэн хэлж байв.
“Изинис эйрвайз” компанийн 74 зорчигчтой “Q-450” онгоц шувуутай мөргөлдсөн
Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүний халааасны хүн, дунд сургуулийн найз гэгдээд буй М.Амарбаясгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын даргын ажлыг авснаас хойш тус газрыг жинхэнэ утгаар нь самарч мэргэжлийн хүмүүсийг ажлаас нь халж өөртөйгөө ижилхэн усан толгойтнуудаар тус буудлыг дүүргэжээ. Өөрөөр хэлбэл М.Амарбаясгалангийн тарьсан балаг хэрээс хэтэрчээ. Тэрбээр нисэх буудлын дарга болонгуутаа мэргэжлийн ажилчдыг элдвээр дарамтлан ажлаас халж, оронд нь Ц.Даваасүрэнгийн танил талын 16 хүнийг ажилд авчээ.
Иймэрхүү мэдлэг дулимаг хүмүүсийг ажилд авснаас болж өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр уг нисэх буудлаас хөөрсөн “Изинис эйрвайз” компанийн 74 зорчигчтой “Q-450” онгоц шувуутай мөргөлдсөн ноцтой зөрчил гарсан байна. Авто замын байцаагчаар ажиллаж байсан М.Амарбаясгалан ажлаа мэдэхгүйн улмаас тус буудлын хамгаалалтын бүсэд оготно элбэгшиж, түүгээр хооллогч махчин шувууд олширсноос нислэгт ноцтой аюул занал учруулахуйц хэмжээнд хүрсэн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэн тайлбарлаж байгаа юм.
Энэ гарсан зөрчлийг М.Амарбаясгалан дарга тас нуугаад өнгөрөхийг чармайсан ч дахин нэг ноцтой осол гарчээ.
Тодруулбал энэ сарын 4-ний өдөр тус нисэх буудлын Алтансүх, Даваа-Очир хоёр ажилтан машинаас унаж, хүнд гэмтжээ. Энэ осол нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан дээрх ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй өөр ажил хийлгэх тушаалыг М.Амарбаясгалан дарга гаргаснаас үүдэн гарсан аж. Уг нь тэдэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг танилцуулсны дараа тэднийг уг ажилд томилох ёстой байсан аж. Гэтэл наад захын заавар зөвлөгөө өгөлгүй ажиллуулснаас дээрх нэр бүхий хоёр хүн өнөөдөр Улаанбаатарт хүргэгдэн эмчлэгдэж байна.
Ийм олон осол аваар гарсаар байхад хотод байгаа нөхдүүдийн чихэнд хүрэхгүй гэж боддог М.Амарбаясгалан дарга энэ хэргийг мөн л нуухыг элдвээр оролдож байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн. Тиймээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гарч буй энэ их осол аваарийг холбогдох албаны хүмүүст сонордуулах нь зүйн хэрэг байх.
М.Амарбаясгалангийн томилгоо нэг иймэрхүү
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Мөрөн хотын нисэх буудлын даргаар өөрийн анд М.Амарбаясгаланг томилсноос хойш тэнд ямархуу мэргэжил мэдлэгтэй хүмүүс тус газарт ажиллах болсныг цухас өгүүлье. Тодруулбал нягтлан бодогчоор нь Д.Алтантуяа, сантехникийн механикаар Б.Батхуяг, уурын зуухны машинистаар Р.Юра нарыг томилсон бол Ц.Даваасүрэн гишүүний дүү болох цаг уурч мэргэжилтэй Ц.Пүрэв-Очирыг тус буудлын нисэхийн холбооны техникчээр ажиллуулж байгаа аж.
Мөн гишүүнийг сонгуульд нэр дэвшихэд нь ажиллаж байсан Г.Адъяаг аэродромын инженер, Н.Доржпүрэвийг Хатгал дахь нисэх буудлын эрхлэгч, Ц.Доржпаламыг уурын зуухны машинистаар тус тус томилжээ. Яаж гишүүнээс дутах вэ гэсэн шиг М.Амарбаясгалан өөрийн сайн найз гэгдэх Р.Батдэлгэрийг цахилгаанчин, Ё.Даваа-Очирыг жолоочоор ажилд авсан гэх зэргээр мэргэжлийн бус хүмүүс тус газарт ногоон гэрлээр ажилд орсон гэсэн үг.
Удаа дараа осол аваар гаргаж буй М.Амарбаясгалан даргын энэхүү үйлдлийг салбарын яам болон холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах цаг нь ирсэн бололтой.
Р.Саруул