Насаараа төрийн албаны хар бортой зууралдаж яваа найз маань “Жирийн иргэд хууль дүрмийг яг таг хэрэгжүүлдэг. Харин дарга нар зүгээр нулимдаг. Дарга нар хэзээ ч хуулийн дагуу ажил хийнэ гэж байдаггүй” хэмээн гасалж суусан. 1990 онд Монгол улс 55 хуультай байлаа. Харин одоо 800 хуультай болсон. Уг нь хэрэгжүүлдэг бол хангалттай олон хууль бидэнд байна. Гэвч хуулийг хэрэгжүүлж нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх ёстой төр засгийн томчууд хар муу бүхэнтэй ханцуйгаа хүртэл хутгалчихаад байгааг харсаар үзсээр чимээгүй суусаар байх уу.
Шударга үнэний хонгилын үзүүрт лаа ч болтугай асаая хэдүүлээ. Ерөнхийлөгч хариуцлагагүй хууль хэрэгждэггүй, завхарсан байдалтай хатуу тэмцэхээр зориг шулуудан олонтаа дуугарч буй. Түүний санаачилсан хариуцлагыг чангатгах хууль УИХ-ын гишүүдийн өмнө хэлэлцэгдэхээр бэлэн болжээ. Гэвч нийгмийн эс ширхэг бүхэнд шингэсэн шударга бус, хариуцлагагүй байдлын өмнө ганц хүн хүчин мөхөсдөнө. Түүнд хань хэрэгтэй. Бүгдээрээ нийлээд хууль хэрэгжүүлдэг больё. Хожимдсон ч гэсэн огт хэрэгжүүлэхгүй байснаас дээр шүү дээ. Хэрэг хуучирдаггүй хэрээ цагаан болдоггүй гэж үнэн үг бас бий. Олон хүний амь амьдралаар тоглосон, сэтгэлийн мухарт зүрх шархируулсан хар мөртэй хэргийн талаар жишээ болгон татая. Бид ер нь хаанаас эхэлж хуулийг уландаа гишгэдэг болчихсон юм бэ. Тэгээд эл дол болсон шударга бус байдалтайгаа эвлэрээд л суусаар байх уу. Түүх ингэж эхэлдэг. Ерээд онд Монголчууд бүгд ганзагын наймаанд хөл тавьж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл амь амьжиргааны төлөө зүтгэж хөл толгойгоо олохгүй бужигнаж байх ахуйд алдарт МИ -8 хэрэг дэгдэж байсныг санах нэг нь санаж байгаа байх. Бүхэл бүтэн МИ-8 онгоцыг тусгаар улсын хилээр хулгайгаар оруулж ирж эвэртэй туулай үзүүлсэн шидтэнүүд бол “Оюуны ундраа”-гийнх. Уг нь хууль бусаар хилээр орж ирсэн онгоцыг битгий хэл ганц ширхэг үсийг ч улсын орлого болгож хурааж авах ном журамтай атал тэр үеийн Засаг төр “Яахав хэдэн сэргэлэн залуучууд наймаа хийсэн юм билээ” гээд толгойг нь илж өөгшүүлсэн нь муу хүнд нүүр бүү өг, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг шиг л юм болж. Хулгайгаар оруулж ирсэн онгоцыг төр худалдан авсан цагаас “Оюуны Ундраа”-гийн хууль бус олон олон үйл ажиллагааны хөлд олон ч хүн чирэгдлээ,үрэгдлээ. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн ийм хууль бус наймаа хийж болохгүйг “Оюуны-Ундраа”-гийн ах дүүст сануулаад улс орны эдийн засаг хүнд байгаа тул анхны удаа уучлаад онгоцыг худалдан авлаа. Ахин бүү ийм хэрэг өдүүлээрэй гэсэн байдаг. Хулгай хар мөртэй гэж үнэн юм. Энэхүү хулгайг улс өөгшүүлээгүй байсан бол олон зүйл өөр байх байв. Наад зах нь жишээ гэхэд л 15 сайхан алтан амь үрэгдэхгүй байлаа. Үй олон шүүхийн шийдвэр шил даран гарч үргүй зардал гарахгүй байв. “Зоос” банк дампуурахгүй байв. “Глоб” хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчид хохирохгүй байв. Байв, байв, байв гээд хэдэн хуудсыг ч бичиж болохоор байна. Харамсалтай нь түүхийг засч болохгүй юм даа. Анхнаасаа хар хэл ам таталсан МИ-8 онгоц оруулж ирсэн эзнийгээ Онцгой байдлын сайд байхад “шидээ” үзүүлж 15 эрдэнэт хүний аминд хүрснийг Монголчууд мартаагүй. Энэ бол зүгээр нэг тохиолдол бус. Сэжиг сүжигтэй монголчуудад цаанаа л нэг юм хэлэх баримт. Гавьяат нисгэгч Сугар гуай татаад байхад дээшээ биш доошоо яваад байсныг гайхаж хэвлэлд ярилцлага өгсөн нь МИ-8 ямархуу чанартай эд байсныг илтгэнэ. Ийм л халуун намтараар бизнесийн түүхээ эхэлсэн “Оюун-Ундраа”-гийн дараагийн хар мөр “Лхам” худалдааны төв буюу хуучнаар 103 түргэн тусламжийн байр руу хөтлөнө. Ми- 8 онгоцны төлбөрийн оронд тухайн үед 66 саяар үнэлж хуучин түргэн тусламжийн төвийг улс тус компанид шилжүүлсэн байдаг. 66 саяар бодуулж авсан байраа тэр дор нь 400 саяар үнэлүүлж “Зоос” банкнаас зээл авсан байдаг. Гэвч зээлээ төлөлгүй луу унжсаар өрөндөө өгөхдөө жинхэнэ гэрчилгээгээ хаясан хэмээн шинээр дахин гэрчилгээ авч тэрийгээ “Зоос”-д өгч банкыг дампуурах эс суурийг нь тавьж өгсөн “гавьяа” Оюуны Ундраагийнх. “Зоос” банк тус худалдааны төвийг “Глоб”-ын Ж.Мэндбаярт зарж тэрбээр зээл авч тус худалдааны төвийг тохижуулан хөрөнгийн үнэлгээг нь тэрбум хүргэхэд “Оюуны –Ундраа” компани хаясан гээд байсан анхныхаа гэрчилгээг гаргаж ирэн заргалдсаар худалдааны төвийг өөрийн болгож “Глоб”-ын хадгаламж эзэмшигчдийг хохироож байв. Үнэн хэрэгтээ “Глоб”-ын Ж.Мэндбаярыг хэрэгт орооцолдон төмөр торны цаана суусныг нь далимдуулан “Лхам” худалдааны төвийг дээрэмдсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл өрөндөө өгсөн “Лхам” худалдааны төвөө худалдан авсан хүний дархлаа суларсныг далимдуулан өөрийн болгохоор хөөцөлдөж гүйсэн нь “Оюуны-Ундраа”-гийн ах дүүсээс л гарах эр хүний “нүнжиг” Мэдээж энэ хэргийн учиг үзүүрийг хөөвөл нэлээд ээдрээтэй маргаантай сэжиг бүхий адал явдлууд угтана. Ямартай ч үүний цаанаа ахиад л хадгаламж зээлийн хоршооны олон мянган хадгаламж эзэмшигчид, “Зоос” банкны хадгаламж эзэмшигчид гээд олон хүнийг нус нулимстай нь хольсон. Энэ бүхний араас бэдчихэд шударга ёс та хаана байна гэж эрхгүй дуу алдмаар. Монгол хүний өр нимгэн сэтгэл ээр хулгайчдын толгойг илсээр даам гаргачихаж бид. Гэвчиг цаг хугацаа гэгч хэнд ч юунд ч автдаггүй шударга шуурга дарж нуусан нь булхай булчирхайг юутай хийтэй ил гаргаж ирэх нь сайхан юм. Хий дэмий гасалж суухаар хожимдсон ч гэсэн хууль хэрэгжүүлэхээр зүтгэсэн нь дээр шүү дээ.
Өнөөдөр Ерөнхий сайдын болон АН-ын даргын зөвлөх хэмэх нэрийг барьж байгаа “архаг луйварчин” болох “Оюуны ундраа”-ийн нууц ноёны хууль бус үйл ажиллагааг шалгах, зогсоох цаг нь болсон байлтай.