Хоёр ч удаа амьдрал зохиохдоо дандаа гадаад эрчүүдээс сонголт хийж байсан хийлч Ч.Дэлгэрцэцэгийг хүмүүс янз бүрээр ярьдаг нь нууц биш. “Хөрөнгө мөнгөнд нь дурлаад хөгшин гадаадтай суулаа” гэх зэмлэл магтаалаас ч илүү байхад тэрбээр үл тоож “Монгол залуутай ханилаагүй нь алдаа биш” гэж үзжээ. Уран бүтээлээ шаргуу хийж, өөрийгөө бүхий л талаар нь хөгжүүлэхийн тулд чамгүй хөдөлмөрлөдөг хийлч бүсгүй “Надтай учрах ёстой хүмүүс нь гадаад байж таарч л дээ. Тэрнээс биш би эрчүүдийг Монгол, гадаад гэж ялгаж хардаггүй. Тэд чинь адилхан л аавын хүү, эр улс шүү дээ” гэсэн тайлбарыг өгчээ.
Мөн тэрбээр чухам ямар эр хүн таалагддаг болохоо нууж хаалгүйгээр ярьж “Амьдралд аар саар зөндөө л асуудал тулгардаг. “Зүгээр ээ, зүгээр. Надад даалгачих, би зохицуулья” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” хэмээсэн байна.
Хийлч бүсгүй одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, гадаад нөхөр нь түүнийг хангалттай хэмжээнд хайрлаж халамжилдаг болохыг ч илэн далангүй хэлжээ. Түүнийхээр, эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, үргэлж арчилж тордох ёстой төдийгүй эрчүүдэд өндөр шаардлага тавих хэрэгтэй гэсэн шүү.
Дашрамд дуулгахад, хийлч бүсгүйн байгуулсан “W” клубынхэн ирэх бүтэн сайн өдөр Батсүмбэр дэх асрамжийн газарт очихоор болжээ. Улсын асрамжинд буй өндөр настнуудад зориулан дулаан хувцас, гутал худалдан авч цуглуулсан тус клубын охид бүсгүйчүүд хандивын данс хүртэл нээжээ.
Эх сурвалж: photonews.mn