Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгосон загвар өмсөгч, мисс Г.Бадамгэрэлд мэргэжил нэгт нөхөд нь ам сайтай байдаг. Тэрбээр арван жил тасралтгүй тайзнаа алхсныхаа хөдөлмөрийг үнэлүүлж, энэ жилийн “Гоёл-2015” наадмаас “Топ модель” гэх эрхэм алдрыг хүртсэн билээ.
Тэгвэл нярайлаад удаагүй байхдаа өмнөх сайхан төрхөөрөө тайзнаа эргэн ирж байсан отгон топ маань саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа бүсгүйчүүдийн мөнхийн айдас, сэтгэлийн зовлон болох таргалалтаас огт айдаггүй тухайгаа дурьджээ. Тэрбээр “Та таргалалтаас айдаг уу” гэх сэтгүүлчийн асуултад “Үгүй ээ, би хэзээ ч айж байгаагүй. Бүсгүйчүүд маань жин нэмэхээс айх хэрэггүй. Учир нь хүн өөрийнхөө гоо сайханд жаахан цаг зав гаргаад, спортоор хичээллэхэд эргээд хүссэн жиндээ очиж болдог юм билээ” хэмээн хариулсан байна.
Дашрамд дуулгахад, мисс бүсгүй маань “Миний хамгийн дуртай баяр шинэ жил. Тиймээс энэ өдөрт их ач холбогдол өгдөг. Мэдээж хайртай, дотно хүмүүстэйгээ баяраа тэмдэглэнэ. Гэхдээ юу юунаас урьтаж ээж болчихсон учир хүүгээ сайхан баярлуулахыг хүсч байна” гэж шинэ оноо хэрхэн угтах талаараа ч ам алджээ.